Эрдэнэбүрэнгийн УЦС баруун бүсийн хөгжлийн хөдөлгүүр болно

Хуучирсан мэдээ: 2021.11.19-нд нийтлэгдсэн

Эрдэнэбүрэнгийн УЦС баруун бүсийн хөгжлийн хөдөлгүүр болно

Эрдэнэбүрэнгийн УЦС баруун бүсийн хөгжлийн хөдөлгүүр болно

Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын асуудлаар болон цагийн үеийн асуудлаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Сандагийн Бямбацогттой ярилцлаа.

-Юуны өмнө яриагаа саяхан батлагдсан Монгол Улсын 2022 оны төсвийн хуулийн талаар эхлэе. Төсвийн орлого хэт өөдрөгөөр батлагдсан гэх шүүмжлэлийг зарим УИХ-ын гишүүд яриад байгаа шүү дээ. Таны байр суурь ямар байна вэ?

– Монгол Улс жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор дараа жилийнхээ төсвийг баталдаг гэдгийг Та бүхэн сайн мэдэж байгаа. Төсөв батлах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийн асуудал бол тухайн жилийн төсвийн төслийг оруулж ирэх нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал байдаг. Жил бүрийн төсөв батлагдахад хардлага, шүүмжлэл яригддаг. Энд нэг зүйлийг онцлоход тухайн жилийн орлого, зарлага, гадаад, дотоод эдийн засгийн хүчин зүйл гэх мэт маш олон талаас нь харгалзан төсвийн төслийг боловсруулдаг. Урд өмнө нь Улсын Их Хурлын гишүүд дур дураараа, өөр өөрсдийн тойрогт төсвийн зардлыг нэмэгдүүлдэг үүнээс шалтгаалан төсвийн төлөвлөлт алдагддаг сөрөг үр дагавар гараад байсан учраас Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа энэ асуудлыг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно.” гэсэн тодорхой зохицуулалтыг оруулсан.

-Танай тойрогт энэ жил болон ирэх жилүүдэд ямар бүтээн байгууллалтын ажил хийгдэхээр байна вэ? Хэр хэмжээний төсөв тусгуулан батлав?

-Өнгөрсөн хугацаанд Ховдчууд бид хөгжилд хөтөлсөн 1300 км авто замтай, илч гэрэл түгээсэн хос Дулааны станцтай болсон. Улсдаа хоёрдугаарт тооцогдох Хүүхдийн парктай болж, бараг бүх сумын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга шинэчлэгдсэн. Мөн зөөлөн дэд бүтэц гэгдэх нийгмийн салбарын бүхий л барилга байгууламжууд үндсэндээ шийдэгдсэн. Иймээс үйлдвэрлэл эрхлэгчид, малчид, тариаланчдаа бодлогоор дэмжиж жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх, эдийн засгаа хөгжүүлэх, шинээр ажлын байр бий болгох зорилгоор миний бие “ШИНЭ ХОВД” хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн. Мөн хөтөлбөрийг Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн Үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын төсөв, Монгол Ардын намын Мөрийн хөтөлбөр, Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл,  Ховд аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх Мөрийн хөтөлбөрт Шинэ Ховд хөтөлбөрийн дэд төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгуулсан.

Ирэх 2022 онд Ховд аймаг төдийгүй баруун бүс, Монгол Улсыг эрчим хүчний хараат бус улс болгох “Эрдэнбүрэнгийн УЦС”, жилдээ 300 мянган тонн цемент үйлдвэрлэх “Цементийн үйлдвэр” ашиглалтад орно, баруун бүсийн агаарын бохирдлыг бууруулах “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр”, “Үйлдвэр технологийн парк”, “Олон угсаатны театр”, “Багшийн хөгжлийн ордон”, “Кинотеатр” гээд цөөнгүй томоохон бүтээн байгуулалтууд хийгдэнэ. Мөн гэр хорооллын айл өрхүүддээ гэртээ яндангүй, гаднаа ил жорлонгүй, худгаас ус зөөхгүй амьдрах боломжийг олгох  цэвэр бохир усны шугамд холбох “Хашаандаа  сайхан амьдаръцгаая” төслийг дараагийн багуудад үргэлжлэн хэрэгжинэ. Чандмань, Эрдэнэбүрэн, Ховд сумдыг автозамаар холбоно гээд үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх томоохон төслүүд хэрэгжихээр болж байна.

-Хууль зүйн байнгын хороо ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийг оролцуулсан томилгооны нээлттэй сонсголыг өнгөрсөн хоёр өдрүүдэд ил тод зохион байгуулсан. Хуралдаанд оролцсон зарим гишүүд томилгоог хууль бус, зарим журам заалтын зөрчилтэй хүмүүс орж ирсэн гэж шүүмжлэлж байсан. Энэхүү асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй юу? Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах бүрэн эрх бүхий Шүүхийн сахилгын хороонд олгосон байдаг шүү дээ. Эдгээр нэр дэвшигчид ашиг сонирхолын зөрчилгүй юу?

– Та бүхэн нэг зүйлийг анзаарсан байх. Урд өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг ийм нээлттэй, ил тод томилж байсан уу?  Хүн бүхэн үгүй л гэх байх. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн хэн томилогдсон, юу хийсэн талаар жирийн иргэд битгий хэл Улсын Их Хурлын гишүүд ч бараг мэддэгүй өнгөрдөг байсан. Үүнийг өөрчилсөн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний нэр шулуухан хэлэхэд нэг даргын халаасанд явж байдаг байсныг өөрчилсөн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн  шүүгч бус гишүүнд 29 хүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэр дэвшин өрсөлдсөн. Өөрөөр хэлбэл би энэ ажлыг хийж чадна гэж үзсэн 53 хүн нэрээ дэвшүүлсэн гэхээр хууль эрх зүйн орчны өөрчлөлт тодорхой харагдах байх. Түүнчлэн Улсын Их Хурлын үндсэн зорилт бол ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангах явдал юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн болон Парламентийн засаглалын энэ суурь зарчмыг хэрэгжүүлэх нэг чухал арга зам бол Улсын Их Хурлын шийдвэр гаргах үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх, Улсын Их Хурлаас томилох албан тушаалд нэр дэвшигчийг иргэд, олон нийтийн оролцооны үндсэн дээр томилох юм. Энэ нь нэг талдаа тухайн албан тушаалтны хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хангадаг бол нөгөө талдаа иргэдийн төрд итгэх итгэлийг бий болгодог. Энэ ч үүднээс Хууль зүйн байнгын хороо 2 өдрийн турш нээлттэй сонсголыг зохион байгуулсан. Монгол Улсын шүүхийн тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, хараат бусаар зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг олон талын тэнцвэртэй төлөөллийн үндсэн дээр байгуулна гэж заасны дагуу ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг 7 сарын хугацаанд сонгон шалгаруулалтын оролцогчидтой холбоотой байж болох бүхий л мэдээллийг цуглуулан нэг бүрчлэн ярьсаны үндсэн дээр нэр дэвшигчдийг тодруулсан. Хууль болон журамд заасныг зөрчсөн нэр дэвшигчийг Хууль зүйн байнгын хороонд санал болгох боломжгүй гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

-Нээлттэй сонсголын үеэр Н.Алтанхуяг гишүүн таныг ашиг сонирхолын зөрчилтэй, ажлын хэсгийг ахлах ёсгүй гэх зэргээр тань руу хатуу үг чулуудаж байсан. Энэ талаар та юу хэлэх үү. Яагаад гишүүд орж ирсэн нэр дэвшигчдэд тэгэж их дургүйцээт байгаа юм бол?

– Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлд ажлын хэсгийн бүрэлдэхүүний талаар тодорхой зохицуулсан бөгөөд ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын гишүүн ажлын хэсгийг ахлах талаар тодорхой заасан. Энэ зохицуулалтын дагуу Улсын Их Хурлын дарга намайг ажлын хэсгийг ахлах нь зүйтэй гэж үзэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргасан бөгөөд би энэ ажлыг чинь хийхгүй гэж хэлэх эрх надад байхгүй юм. Н.Алтанхуяг гишүүний тухайд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг тодорхой зохицуулсан бөгөөд хэлэлцэж байгаа асуудлаар санал, бодлоо илэрхийлэх нь чөлөөтэй юм. Ер нь бол хэлэлцэж байгаа асуудлаар мэтгэлцээн өрнүүлэх, тал, талаас нь ярилцах нь Парламент эрүүл байгааг л илтгэж байгаа асуудал. Парламентийн үндсэн зарчим бол асуудлыг олон талаас нь хэлэлцэж олонхын саналаар л асуудлыг шийддэг. Нэр дэвшигчдийн талаар саналаа хэлэх нь Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн асуудал. Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтыг 7 сарын туршид нээлттэй, ил тод зохион байгуулсан явдал бол шүүхийн шинэчлэлийн нэг том дэвшил гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.

Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын эдийн засгийн үр өгөөж, тооцоолол талаас нь та ярихгүй юу?

– “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын нийгэм, эдийн засгийн ач холбогдлын талаар эхлээд ярих нь зүйтэй байх. Жилдээ 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж баруун 5 аймгийн өнөөгийн 253.3 сая кВт.ц хэрэглээ болон тус бүс нутгийн өсөн нэмэгдэх хэрэгцээг бүрэн хангана. Нийтдээ 520 мянган ахуйн хэрэглэгчдийг хангах шинэ эх үүсвэр бий болно гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл баруун 5 аймгийн 4430 аж ахуйн нэгж, 5400 орон сууц, 36 мянга гаруй гэр хорооллын хэрэглэгчийг дотоодын цахилгаан эрчим хүчээр бүрэн хангана. Баруун бүсийнхэн өнөөдөр нийт хэрэглээнийхээ 70 гаруй хувийг Оросоос, гурваас дөрвөн хувийг Хятадаас авч байгаа. Ингэхдээ Дөргөний УЦС-д үйлдвэрлэсэн эрчим хүчнээс даруй таваас долоо дахин өндөр үнээр авч байна. Иргэд аж ахуйн нэгждээ энэ үнийн дарамтыг мэдрүүлэхгүй гэхдээ төрөөс байнга татаз өгч ирсэн. ОХУ, БНХАУ-аас авч буй импортын эрчим хүчний төлбөр 17.5 тэрбум төгрөг. Жилээс жилд импортоор авах эрчим хүчний хэмжээ, түүнийг дагаад төлөх мөнгөний хэмжээ нэмэгдээд л байгаа. Эрчим хүчний салбар бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэг тулгуур. Аль 1968 оноос хойш хагас зуун жил яригдаж байгаа том төсөл одоо л нэг юм бодит биелэлээ олох гэж байна. Өнөөдөр Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ 25 хувийг гаднаас авч байгаа тухай би өмнөх ярилцлагадаа хэлж байсан. Үүнд жил бүр дунджаар 140 сая ам.доллар зарцуулдаг юм шүү дээ. Бид эрчим хүчний хараат бус найдвартай эх үүсвэртэй болсон цагт л хөгжлийн тухай ярьж болно гэж хэлээд байдгийн учир ерөөсөө энэ.

-Энэхүү станц ашиглалтад хэзээ орох вэ? Хүндрэл бэрхшээл юу байна?

– Төслөөрөө бол таван жилийн хугацаанд баригдах ёстой. Гэвч аль болох 4 жил болгохыг зорьж байгаа. Энэ жилийн тухайд төслийн тендер сонгон шалгаруулалт цөөнгүй хойшлогдож, цуцлагдсан асуудал үүссэн. Засгийн газрын үйл ажиллагааны томоохон зорилго, зорилт болох энэхүү төслийг төрийн албаны хүнд сурталтай, шан харамж, авлигал хардаг нөхдүүд гацаасан гэж харж байгаагаа удаа дараа мэдэгдэж байсныг та санаж байгаа байх. Иймээс Ерөнхий сайдад асуулга тавьж, сонгон шалгаруулалт удааширсан асуудлыг шалгуулахаар холбогдох байгууллагад хандсан. Монгол Улс гаднаас эрчим хүчний хараат бус болгох энэхүү төсөл гацах учиргүй гэж үзэн шахаж шаардан ажилласан. Харин одоо төсөл гацаа саадгүй хэрэгжинэ гэж итгэж байна.

– Эгийн голын УЦС-ын төсөл шиг цаасан дээр гацах вий гэсэн хардлага байгаад байна л даа. УЦС-ын давуу талыг тоочоод барахгүй болов уу?

– Та санаж байгаа байх. Дөргөний УЦС байгуулах үед хэрэгтэй юу, хэрэггүй юу гэж олон жил ярьж, эсэргүүцэлтэй тулж байж баригдсан. Өнөөдөр үр дүнд нь баруун бүсгийн цахилгааны 20 гаруй хувийг хангаж байна. 70 гаруй хувийг нь ОХУ-аас, 3-4 хувийг БНХАУ-аас өндөр үнээр авдаг. Дөргөний УЦС нэг квт эрчим хүчийг 38 төгрөгөөр үйлдвэрлэдэг. ОХУ-аас нэг квт-ыг 250 төгрөгөөр, БНХАУ-аас 350 орчим төгрөгөөр авдаг. Тэгвэл Эрдэнбүрэнгийн УЦС барьснаар хөнгөлөлттэй зээлээр барих учир зээл дуусах хүртэл тодорхой хэмжээнд үнэтэй байна. Зээл дууссаны дараанаас нэг квт цахилгааныг 38 төгрөг нь болъё гэхэд 50 төгрөгөөр, БНХАУ-аас авч байгаа үнээс 7 дахин, ОХУ-аас авч байгаа үнээс 5 дахин хямд эрчим хүч авах боломжтой болох юм.  Баруун гурван аймаг, наашлаад Завхан, Говь-Алтай аймгуудыг цахилгаанаар хангах боломж бүрдэнэ. Товчхон хэлбэл баруун аймгийнхан одоо хэрэглэж байгаа тогны мөнгөнөөс тав дахин хямдаар цахилгаан авдаг болно гэж л үзэж байгаа юм. Энэ бол бидний хамгийн том зорилго юм.

– Дөргөний УЦС баруун аймгийнхны цахилгааны хэрэглээний 20 гаруй хувийг хангадаг гэж байна. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орвол хэдэн хувийг нь хангах вэ?

-Эрдэнэбүрэн УЦС ашиглалтад орсоноор баруун гурван аймгийн цахилгааны хэрэглээг 100 хувь хангаад зогсохгүй илүүдэл эрчим хүчээ төвийн бүсрүү нийлүүлнэ. Ер нь баруун таван аймгаа эрчим хүчээр хангачихаад түүнээс хоёр дахин илүү тогийг төвийн бүсрүү нийлүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл баруун таван аймгийн хэрэглэж байгаа тогтноос хоёр дахин илүү тогийг үйлдвэрлэх юм.

-“Эрдэнэбүрэнгийн УЦС”-ыг эсэргүүцэгчид цөөнгүй бий. Тухайлбал саяхан Увс аймгийн малчид нийслэлд ирж эсэргүүцлээ илэрхийлээд явсан. Үнэхээр тэр орчмын малчдын амьдралд сөргөөр нөлөөлөх юм уу?

– Дахиад хэлье, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь төрийн бодлогоор 1968 оноос хойш яригдсан том төсөл. Монгол Улсын эрчим хүчний системд чухал ач холбогдолтой. Тэр дундаа ОХУ, БНХАУ-аас өндөр үнэтэй эрчим хүч хэрэглэдэг баруун бүс нутгийн ард түмнийг хямд үнэтэй, хэзээ ч тасардаггүй найдвартай эрчим хүчээр хангах зорилготой төрийн бодлогоор баригдах гэж байгаа станц. Судалгаа, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах явцдаа нутгийн иргэдэд мэдээллийг хангалттай зөв өгөөгүйгээс болж, Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн хэсэг иргэд Улаанбаатар хотод ирж уг ажлыг эсэргүүцсэн. Судалгаа хийсэн ЭХЯ, БОАЖЯ-ныхан мэдээллээ буруу өгснөөс болж, иргэд өөрсдийгөө хохироод үлдэх нь гэдэг байр суурьтай болсон байсан. Газрын тухай хуулиар улсын тусгай хэрэгцээнд газрыг авсан бол түүнийг сольж оронд нь газар өгөх буюу нөхөн олговор олгох ёстой. Өөрөөр хэлбэл, орон нутгийн иргэдийг хохироохгүйгээр асуудлыг шийднэ. Улс орны том эрх ашиг, төрийн бодлогын хүрээнд явагдаж буй учраас Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ямар нэгэн асуудалгүй баригдах байх. Гэхдээ улс орны эрх ашиг гэх нэрээр нутгийн иргэдийг хохироож огт болохгүй. Нийслэлд ирээд эсэргүүцэж, тэмцэж буй үйлдлийг буруу гэж үзэхгүй байна. Хүн өөрийнхөө эрх ашгийн төлөө үзэл бодлоо хаана ч, хэзээ ч чөлөөтэй илэрхийлэх ёстой.

-Та тэр малчидтай уулзалт хийсэн. Уулзалтын үр дүн хэрхэн гарсан. Хоёр талдаа ойлголцолт хүрч чадсан уу?

-Төрж өссөн нутаг ус, амьдран суугаа газар шороогоо хайрлан хамгаалж байгаа иргэдийн хүсэл зоригийг маш сайн ойлгож байна. Малчдын зүгээс мэдээлэл дутмаг өгсөн, хийсэн судалгаа алдаа мадагтай байх вий гэсэн эргэлзээтэй байгаагаа хэлж байсан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс авахуулаад хөгжлийн дунд, урт хугацааны бүх бодлогод тусгагдаж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурал дэмжсэн, хагас зуун жил яригдаж судалсан тус төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, судалгааны тайлан, үр өгөөжийг нээлттэй ил тод танилцуулах үүрэг хүлээсэн нөхдүүд ажлаа сайн хийх хэрэгтэй.

Цаашид, нөлөөллийн бүсэд орж буй айл өрхөд олгох нөхөн олговрын асуудалд анхаарч, хяналт тавьж ажиллана. Тооцоо судалгааг алдаатай, дутуу хийсэн бол хуулийн дагуу хариуцлага тооцуулж ажиллана гэдгээ мэдэгдсэн.

-Зарим хэвлэлээр таныг “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын төслийг эхлүүлж, тэрэндээ өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулан цемент шахах гэж байна гэж харлуулаад байгаа. Яагаад таныг ингэж хардаад байна вэ?

– Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2019 онд Ховд аймагт очин шавыг нь тавьж эхлүүлсэн, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдаж ирэх 2022 онд ашиглалтанд орох бүтээн байгуулалт. “Ховд эко цемент”-ийн үйлдвэр ашиглалтад орсноос баруун бүсийн цементийн хэрэглээг бүрэн хангаж, 2 дахин өндөр үнэтэй байгаа цементийг хотынхтой ижил үнэтэй болгож хямдруулснаар иргэдийн мөнгө хэмнэгдэж, бүтээн байгуулалтын зардал буурах юм. Тэнд миний тодорхой хамаарал бүхий компани оролцож байгаа нь үнэн. Гадна дотны хөрөнгө оруулагчидтай нийлээд хийж байна. Эхний зорилго бол баруун бүс нутгийн ард иргэдийг хямд үнэтэй цементээр хангах. Хямд цементтэй болно гэдэг хямд барилгын материалтай болно гэсэн үг. Хямд барилгын материалаар хямд байшин барилга, орон сууц, сургууль, цэцэрлэг  барина. Хоёрдугаарт Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтад шаардлагатай материал, тэр дундаа цементээ хаанаас авах нь тус төслийн захиалагч Монгол улсын Засгийн газар, Эрчим хүчний яам, нөгөө талаас гүйцэтгэгч талын л мэдэх ажил.Хууль журам, эдийн засгийн зарчмаар л асуудалд хандах байлгүй дээ. Өөрөөр хэлбэл бараа бүтээдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах тендерийн хууль, уралдаант шалгаруулалтаар л асуудал шийдэгдэх биз.  Дэргэд нь байгаа “Ховд эко цемент”-ийн үйлдвэрээс хямд цемент авна уу, Улаанбаатар болон БНХАУ-аас тээврийн өртөг зардал шингэсэн өндөр үнэтэйг сонгох уу гэдэг сонголтын асуудал байх. Хэрэвзээ материалын үнэ өндөр байвал станцын өртөг тэр хэрээр нэмэгдэнэ гэдэг нь дөрвөн аргын тоо мэддэг хэнбугайд ч ойлгомжтой хэрэг. Хажуугаасаа хямд үнэтэй цемент аваад хэрэглэх юм бол УЦС-ын өртөг багасна. Монгол улсын төлөх зээл багасна. Тиймээс үүн дээр цэрвэж цочоод, сандарч тэвдээд байх юм надад үнэндээ алга. Харин ч нутаг орноо, баруун бүсээ хямд үнэтэй цементээр хангах бодол маань бодитоор хэрэгжиж, бас түүхэн том бүтээн байгуулалтад нэмэр хандив болвол боллх нь тэр. Хамгийн гол нь Монгол улс, баруун бүс эрчим хүчний хараат бус байдлаас гарах үүдийг Эрдэнэбүрэн эхэлж нээж, тэнд хөгжлийн шинэ хөдөлгүүр ажиллаад эхэлнэ гэдэг л тун чухал шүү дээ. Улс оронд, нийтийн эрх ашигт хэрэгтэй том төслийг гацаах, харлуулах гэж над уруу жижигхэн чулуу няслаад хэрэггүй биз дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж