Дуулиант хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

Хуучирсан мэдээ: 2021.11.19-нд нийтлэгдсэн

Дуулиант хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

Дуулиант хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

Нийгэмд шүүмжлэл дагуулж, олны анхаарлыг татсан хэд хэдэн хэргийн шүүх хурал энэ сард товлогдсон. Тэгвэл сүүлийн үеийн дуулиан дагуулсан эдгээр хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар сонирхуулъя.


С.БОЛОРМАА АГСНЫ АМИА АЛДСАН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ӨНӨӨДӨР БОЛЖ БАЙНА

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Болормаа өнгөрсөн оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих нас барсан. Тэрээр аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийн албан өрөөнөөс гарч явсны дараа амиа алдсан бөгөөд түүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2021.11.19/ болж байна. Энхүү шүүх хурал цар тахал болон бусад шалтгаанаар нийт долоон удаа хойшилсон. Шүүх хуралдаанд шүүгдэгч В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нар дөрвөн өмгөөлөгчтэйгөөр оролцож байгаа юм. Мөн хохирогчийн ээж болон зургаан гэрч шүүх хуралд оролцож байгаа аж.

Хэрэгт холбогдогч нарын гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүн болон улсын яллагчаас татгалзах санал гаргасан. Тиймээс шүүх бүрэлдэхүүнээр зөвлөлдөж шийдвэр гаргах ёстой гээд нэг цаг завсарлаад байна.

Д.КЁКҮШЮЗАН БАТБАЯР НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛОВ

Д.Кёкүшюзан Батбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал арваннэгдүгээр сарын 18-нд болох байсан. Тодруулбал, шүүгдэгч Д.Кёкүшюзан Батбаяр, Т.Баясгалан  нарын өмгөөлөгч Э.Энххэрлэн, Г.Баяржаргал нар Баянгол дүүргийн шүүхэд болсон 30 шүүгдэгчтэй шүүх хуралдаанд оролцож байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Билгүүн, мөн өмгөөлөгч Г.Должинсүрэн, Ж.Оюунболд нарын  шүүх хурал давхардсан тухай баримт ирүүлснийг харгалзан шүүх хуралдааныг 2021 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 09.00 цагт товлож,  шүүгдэгч нарт урьд авсан  таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлэхээр болсон юм.

Д.АМАРТҮВШИН, Д.БУЛГАНТАМИР НАРЫГ 500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОВ

Комедиан Д.Амартүвшин болон Д.Булгантамир нарт Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан "Эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн" мөн хуулийн 5.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан "Эрх бүхий байгууллагад бүртгүүлэхгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулсан" зөрчилд холбогдуулан шалгаж байсан.

Хэргийг хянаад 2021 оны зургадугаар сарын 28-ны өдөр "Флаш моб" нэртэй цуглааныг бүртгэлгүйгээр зохион байгуулж, хорио цээрийн дэглэм, хязгаарлалт тогтоосон нийслэлийн Засаг даргын захирамжийг зөрчсөн нь үндэслэлтэй байна гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 мянган төгрөгөөр тус тус торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

ХАРУУЛЫН ДАРГАА БУУДСАН ЦЭРЭГТ 11 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ

Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч дөрөвдүгээр сарын 8-ны 18.00 цагийн орчимд харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Тэгвэл тус хэргийн шүүх хурал арваннэгдүгээр сарын 16-нд хоёр дахь өдрөө үргэлжилж шийдвэрээ гаргасан юм.

Тодруулбал, Говь-Алтай аймаг дахь шүүхээс шүүгдэгч Т.М-д  оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг  зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, даргыгаа буудсан шүүгдэгч О.Х-д 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тус, тус шийдвэрлэсэн байна.

Ж.ЗОЛБООСАЙХАНД ОНОГДУУЛСАН 20 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцээд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Ж.Золбоосайханд 20 жил хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Хэргийг эргэн санавал, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2021 оны тавдугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд Ж.Золбоосайханыг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8-д зааснаар 20 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан юм.

Д.МОНГОЛХҮҮГ СУЛЛАЖ, ХӨДӨЛГӨӨНИЙГ  НЬ ХЯЗГААРЛАВ

Д.Монголхүүд холбогдох Эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт шилжүүлсэн. Мөн хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Монголхүүгийн холбогдсон гэмт хэргийн шинжийг харгалзан цаашид үргэлжлүүлэн цагдан хорих шаардлагагүй байх тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Монголхүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Тус эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны аравдугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2021 оны энэ сарын 3-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал товлож прокурорын санал, өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хянан хэлэлцэв. Шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзээд Д.Монголхүүд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаалаа.

Э.ОДБАЯРЫГ ЭМНЭЛЭГ, ЦАГДААГААС БУСАД ГАЗАРТ ЗОРЧИХЫГ ХЯЗГААРЛАСАН

Э.Одбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч аравдугаар сарын 29-нд шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан санал тайлбар, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт зэргийг судлан үзэж яллагдагч Э.Одбаярын биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, заасан тодорхой газар очих, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Тодруулбал яллагдагч Э.Одбаярыг түүнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусталх хугацаанд өөрийн амьдарч буй гэр орон болон эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар тухайн байгууллагад очих, шалгагдаж байгаа хэргийн асуудлаар хуулийн байгууллагад очихоос бусад өөр газар очихыг хориглож хязгаарлалт тогтоосон шийдвэрийг гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж