УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж байна. Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:
-Үндэсний статистикын хорооны 2021 оны хоёрдугаар улирлын мэдээгээр Монгол Улсад 15 ба түүнээс дээш хөдөлмөрийн насны 2 сая нэг зуун 24 мянган хүн байгаагийн нэг сая нь ажиллах хүч, 910 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Ажилгүйдлийн түвшин 2020 оны дөрөвдүгээр улиралд 7.6 хувь байсан бол 2021 оны нэгдүгээр улиралд 8.8 хувь, хоёрдугаар улиралд 8.4 хувь болжээ. Ажиллах хүчний оролцооны түвшин 2019 онд 60.5 хувь, 2020 онд 58.8 хувь байсан бол 2021 оны хоёрдугаар улиралд 56.8 хувь болж сүүлийн жилүүдэд буурсан үзүүлэлттэй байна. Энэ үзүүлэлтийн хүрээнд эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 49 хувь байгаа нь эрэгтэйчүүдийн 16.7 функтээр бага байна.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:
-С.Ганбаатар гишүүний асуултад хариулъя. Одоогийн байдлаар Монгол Улсад гадаадын 6045 иргэн ажил хөдөлмөр эрхэлж байна. Дийлэнх нь уул уурхайн салбарт ажиллаж байна. Ирэх жилийн хувьд дээрх тоо өсөн нэмэгдэх байх. Цар тахлын үед гадаадад амьдарч буй иргэдээс Монгол Улсад нэвтрүүлэх ажлыг Консулын ерөнхий газар, УОК-ын зөвшөөрлийн дагуу нэвтрүүлж байсан. Тухайн иргэдийн дийлэнх нь эргээд өөрсдийн оршин сууж байсан улс руу явсан. БНСУ-руу гэрээгээр ажиллах зөвшөөрөл авсан иргэдийн хувьд жил гаруй хугацаанд хүлээж байна. БНСУ-аас сайн мэдээ ирүүлсэн нь ирэх сараас иргэдийг хүлээж авах шийдвэрийг гаргаж буйг эхний ээлжид ирүүлсэн.
Хөдөлмөрийн хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотой дагаж мөрдөх журам боловсруулж, сургалт явуулна. Төрийн байгууллагын хувьд адилхан ажлын байруудад хувийн хэвшилтэй ижил цалин олгох тал дээр төрийн алба хаагчдын цалингийн сүлжээг шинэчлэхээр ажлын хэсэг гарсан. Хувийн байгууллагуудтай ижил түвшинд авчрах жишээ нь боловсролын салбар, эрүүл мэнд, соёл, спортын салбарууд 2022 оны төсөвтөө урамшууллын системийг нэвтрүүлсэн арга хэмжээг тусгасан. Үүнд томоохон эмнэлгүүд цалингаа 70-80 хувиар нэмэгдүүлсэн тоон үзүүлэлт гарсан.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар:
-МСҮТ нь хөдөлмөр эрхлэлтийн эрэлт нийлүүлэлтийг хангахад хамгийн чухал. Өнөөдрийн байдлаар МСҮТ-ийн 75 байгууллагад 40 орчим мянган суралцагч сургалтад хамрагдаж байна. Нөгөөтэйгүүр 738 мэргэжлийн сургалт үйл ажиллагаа явуулж байна. Үүнд 2021 оны байдлаар 11 мянган хүн хамрагдсан гэсэн тоо бий. Түр сургалтад ач холбогдол өгч байгаа.
Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяа:
-О.Цогтгэрэл гишүүний саналыг дэмжиж байна. Үүнд инноваци, технологийг нэвтрүүлж байж сая тухайн салбарын өрсөлдөх чадвар бүтээмж нэмэгдэнэ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дамжуулж олгож буй хөтөлбөрөө инноваци, гарааны бизнесийг дэмжих чиглэлээр анхаарч ажилладаг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хүрээ өмнө нь хэрэгжиж байснаас тав дахин нэмэгдэж буй сайн мэдээтэй.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:
-Болж буй сайн ажил байгаа. Засгийн газраас тог дулааны үнийг хөнгөлснөөс хувийн хэвшлийн ачаалал буурсан. Бидний гол үүрэг сайныг дэмжээд алдаа завхралыг засах үүрэгтэй. 2021 онд нэг сая 1156 мянган хүн ажиллаж байна гэхэд ажиллах боломжтой нь 949 мянга байна. Өөрөөр хэлбэл нэг хүн ажлаад нөгөө нь ажилгүй байна гэсэн үг. Энэ их аюултай тоо. Эдгээр тоог харж байхад зарим тоо харагдахгүй байна. Ядууралд байгаа иргэдээс хэд нь ажлын байртай болж ядуурлаас гарсан юм. Ажилтай хэрнээ ядуу байгаа иргэд ч бий.
УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн:
-Засгийн газрын мэдээллийг сонслоо. Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ зорилго нь тунхаглалын шинж чанартай юм шиг санагдах юм. Ажиллах хүчнээс гадуурх дийлэнх хэсгийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэдгээрийн 20 хувь нь хүүхэд болон өндөр настанг асарч буй гэдэг шалтгаантай байгааг дурдаж байна. Тэгвэл энэ хүмүүсийг ажил хийх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд яслийн үйлчилгээг сэргээх, өндөр настны асаргааг дэмжих талаар ямар чиглэл баримталж байна вэ. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн ямар шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх вэ. Бодит байдалд хөдөө орон нутаг ажилгүй хүн олон байна. Суманд ажилгүйдэл их байдаг. Залуус сумандаа ажилтай болчихвол хот руу төвлөрөх нь бага байх. Тэднийг ажилтай болгохын тулд юу хийж байна вэ. Эдийн засгаа сэргээх 10 их наядын гурван хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлтэй хүн олон байдаг. Энэ зээл хүрэх ёстой эздэдээ очсон уу.
-Би гайхаж байна. Өмнө нь Ерөнхий сайдын мэдээлэл гэхээр Ерөнхий сайд орж ирдэг байсан. Гэтэл энэ А.Ариунзаяа Ерөнхий сайд юм уу. 2016 оноос хойш Ерөнхий сайдын барааг харсангүй. Энэ буруу л даа. Бодлогоо зангидаж явах учиртай. Та хэд 60 хэдэн суудалтай болсноос хойш буруу дэвдэг боллоо. Арав гаруй хуудаснаас авах юм ч алга байна. Л.Оюун-Эрдэнэ их хурлын гишүүдтэй санаа оноо солилцмоор байна. Та нар тэр хуулийг яаж өөрчилсөн юм. Буруу тийшээ дэвбэл унана. Халамжаас хөдөлмөрт гэх гоё лоозон гарч ирсэн. Цар тахал гараад жинхэнэ халамжийн улс болсон. Та МСҮТ-ийг боловсролын яаманд өгнө гэдэг болохгүй.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Гадаадад хэчнээн хүн ажил эрхлэж байна вэ. Үүний бичиг баримтгүй нь хэд байгаа вэ. Тэдний эрхлэж буй ажил хөдөлмөрийг нь эдийн засгийн салбараар нь ангилж бүртгэдэг мэдээлдэг тогтолцоо бий юу. Тоо баримт байна уу. Мөн цар тахлын үед хэчнээн иргэн гадаадаас эх орондоо ирсэн бэ. Тэдний мэргэжил, эзэмшсэн туршлага ямар судалгаа мэдээлэл байна вэ. Тэднийг эх орондоо хөдөлмөрийн зах зээлд шингээх газардахад ямар бодит үр дүнгүүд гарав. Монголчууд дэлхийн хөдөлмөрийн хуваарьт оролцох чиглэл тогтсон уу. Энэ талаар судалгаа байна уу. Жишээ нь, Энэтхэгүүд IT чиглэлээр брэндтэй боллоо. Монгол Улсын хувьд Хөдөлмөрийн яамны чиглэлд ямар бодлого байна вэ.
Монголд одоогоор программ хангамж дижитал технологийн талаар их ярьдаг ч энэ чиглэлээр боловсон хүчин бэлддэг сургууль хэр байна вэ. Дөрөвдүгээрт, Хөдөлмөрийн тухай шинэ хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Үүнийг нэлээн сайн хууль боллоо гэж үзэж байна. 2021-2022 он хамруулсан салбар дундын хэчнээн хэлэлцээр байна вэ. Төсөв батлахаас өмнө хэлэлцээр байгуулсан байх ёстой. Хамтын хэлэлцээргүй салбарын нэрсийг хэлнэ үү. Үүнд ажилчин иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна гэж харж байна. Хөдөлмөрийн шинэ хуулийн 34.1.2-т заасан салбарын хэлэлцээрийг зохицуулах хөдөлмөрийн норм норматив тариф, цалин хөлсний асуудлаар салбарын хэлэлцээрт тусгах бэлтгэл ажил ямархуу шатанд байна вэ. Тус хуульд анх удаа заасан ижил хөдөлмөр ижил хөлс заалт бий. Хувийн эмнэлгийн, улсын эмнэлгийн аижлтан ижил цалин авсан бэ. Үүнд маргаан гарахгүй байгаа.
Асар их асуудал хуримтлуулсан салбар нь Хөдөлмөрийн яам боллоо
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих гэдэг утгаар нь харвал Монгол Улсын эдийн засгийн бизнесийн өрсөлдөх чадварыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг бодлого байх байсан. Тайланг харахад 14 нүүр 4200 үгтэй. Үүний дотор бодлого талаас инноваци, технологи, бүтээл гэсэн үг байхгүй. Хэрхэн мөнгө тараах вэ гэх тайлан л байна уу гэсэн харамсалтай дүр төрх харагдаж байна. Халамжаас хөдөлмөрт шилжинэ гэсэн маш том бодлогын өөрчлөлтийг УИХ-ын гишүүд өндөр хүлээлттэй байсан. Өнгөрсөн хугацаанд халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын ямар өөрчлөлт дэвшүүлж байна вэ гэдэг уриа лоозонгийн шинжтэй харагдаж байна. 4000 машин техникийг илрүүлж халамжаас хассан тухай зарласан. Энэ бүхэн бодлого гэхэд хэцүү.
Хамгийн гол нь, халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын үр өгөөжийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Ер нь боловсролын тогтолцоо хөдөлмөрийн зах зээлийн огтлолцлын талаар хаана хэн хариуцаж байна вэ. Энэ талаарх судалгаа бий юу. Ерөнхийдөө, 200 мянган оюутан их дээд сургууль төгсдөг. Дийлэнх нь ажилгүй гэдгийг бид мэддэг. Хөдөлмөрийн зах зээл нь ажлын байртай атал ажилтангүй. Үүнийг бүгд мэддэг. Ийм атал бодлогын өөрчлөлтүүд харагддаггүй. Энэ бүхэнд судалгаа тооцоо байна уу. Хэрэв байдаг бол яагаад олон нийтэд мэдээлдэггүй вэ. Нууц юм уу. Асар их хэмжээний асуудал хуримтлагдсан салбар нь манай хөдөлмөрийн салбар. Тэр дундаа танай яамны нийгмийн хамгаалал, халамжийн яам уриалгын шинжтэй байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:
-УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн асуултад хариулъя. Халамжаас хөдөлмөрт шилжих тухай томоохон концефц нь халамж авч буй хүмүүс хөдөлмөрлөх боломжтой юу гэх анализ нь чухал. Халамжийн зарцуулалт нь 2019 онд дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий хоёр хувьтай тэнцдэг байсан. 2020 онд ДНБ-ий дөрвөэ хувьтай тэнцэж байсан бол 2021 онд хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ нь цар тахлын үед хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр нөлөө юм. 2022 оны улсын төсөвт халамжийн бодлого илүү цэгцэрсэн. Цаашид халамжийн хуулийг цэгцэлж, зорилтот бүлэгт чиглэсэн халамжийн бодлогуудыг илүү нарийвчлах ажлыг хийж байна.
Тухайлбал, 240 мянга гаруй иргэн хүнс тэжээлийн дэмжлэг авч байна. Тэдний 110 мянга нь хөдөлмөрийн насны залуус. Бусад нь хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Хөдөлмөр эрхлэх боломжтой 110 мянган иргэнийг эхний ээлжид ажлын байранд бэлдэнэ. Хоёр удаа ажлын байр санал болгоод татгалзвал төр хариуцлага хүлээхгүй. Нөгөө талд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч хөдөлмөр эрхлэх боломжтой. Эрүүл мэнд, боловсролын салбартай бид хамтран ажилладаг. 2018 онд гурван сайдын хамтарсан журмыг хэрэгжүүлж байна. Эрүүл мэнд болон боловсролын тэгш хүртээмжийг олгох, хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийг олон төслөөр дэмжин ажиллаж бйна. Бид өнөөдөр хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн яаж сайжруулах вэ, ажлын байрны хүртээмжийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт бодлого гаргаж байна.
Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяа:
-УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн саналыг хүлээн авлаа. Цагаар ажиллах зохицуулалтыг бид Нийгмийн даатгалын тухай багц хуульд тусгахыг хичээсэн. Гэхдээ цагаар ажиллах тогтолцоог шимтгэл татвар, бусад зүйлээс чөлөөлж тодорхой хөшүүрэг үүсгэвэл байнгын ажилтай, орлоготой хүмүүсийн тоо буурч, хүн бүрийг цагаар ажиллуулах систем нь нэмэгднэ. Нөгөө талд, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөхгүй явбал тухайн цагаар ажиллаж байгаа ч ажиллаад ямар нэгэн осол бэртэл үүсвэл хамгаалалгүй үлдэх эрсдэл байгаа юм. Мэдээж бусад улс орны сайн туршлагыг судлах, өмнө нь боловсруулагдаж байсан хуулиудийг авч үзье. Мөн сүүлийн жилүүдэд сурагчийн хувцас нийлүүлэх ажил зогссон. Халамжийн бодлоготой холбогдуулан бид сүүлийн үед цахим систем нэвтрүүлж байна. Өнөөдөр төрд байгаа мэдээллийн системүүдийг ашиглан илүү зөв зохистой зорилтот бүлгээ тодорхойлох, гаргаж ирэх ажлыг хэрэгжүүлж байна. Цаашид цахим системийг нэвтрүүлснээр хүний нөлөөллийг хаах, төрийн албыг цомхотгох боломжтой.
МСҮТ-тийг алдвал халамжаас хөдөлмөрт шилжих бодлого бүтэхгүй
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
-Баярлалаа А.Ариунзаяа сайдаа, та бүхэнд хэлээд байгаа. Буруу дэвээд байна. ЖДҮ-гээ алдсан. Одоо мөнгө хаана байгаа нь мэдэгдэхгүй. Хар ялаа шиг бужигнадаг байхгүй юу. Та одоо МСҮТ-ийг алдвал халамжаас хөдөлмөр лүү шилжих нь бүтэхгүй. Аливаа зүйлийг эхлүүлэхэд тогтолцоо нь зөв байх ёстой.
МСҮТ-ийн Боловсролын яамд шилжүүлсэн ч алдсан гэсэн үг биш
Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяа:
-УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн асуултад хариулъя. Мэргэжлийн боловсролын салбарын хувьд манайх бүрнээр нь шилжүүлж байгаа юм биш. Ерөнхий боловсролын хичээлд үзэж буй агуулгын хувьд Боловсролын яам цогцоор нь авч үзэх ёстой. Боловсролын цогц системээр нь авч үзэх ёстой гэдэг үүднээс Боловсролын яам хариуцаж байгаа. Гэхдээ манай яамны оролцоо өндөр хэвээр байна. Богино хугацааны курс манай яамд хэвээрээ. Ажил олгогчийн дэргэд байгуулах, тухайн богино хугацааны сургалтууд мэргэжил олгох, үнэлгээ хийх зэрэг ажил нь манай мэргэжлийн яаманд хэвээрээ үлдэж байна. Ажилтан, ажил олгогчийн оролцоог нэмэгдүүлсэн дундын зохицуулалттай тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мэдээж алдаанууд гарвал тухай бүрт нь засч хамтран ажиллахыг зорино.
"Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг татан буулга"
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Хэрвээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанд оролцсон бол миний ярьж байгааг ойлгох хэрэгтэй л байлаа. Гэхдээ салбар хариуцсан сайд нь байна даа, Засгийн газрынхаа хурлаар “биднийг ингэж хэллээ” гэж яриарай. Ер нь болж бүтэж байгаа юм алга. Өнөөдөр гурван хүний нэг нь ядуу байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хэзээ байгуулагдсан бэ. Яам ажилласнаас хойш хэдэн хүнийг ажилтай болгов. Хэчнээн нь ядуурлаас гарсан юм. Статистик байвал сонсмоор байна. Би А.Ариунзаяа сайдаа элдвээр хэлээд ч яах билээ. Мэдээж та нар танхимаараа хариуцлага хүлээдэг.
Ерөнхий сайд УИХ-ын өмнө хариуцлага. УИХ бол ард түмэн. Энд ард түмэн ирж чадахгүй болохоор биднийг төлөөлүүлж энд суулгасан. Тиймээс л хариуцлага нэхээд байгаа юм. Та бүхний хэрэгжүүлж буй бодлого үндсээрээ буруу. Шүүмжлэхээс гадна арга замуудыг нь хэлье. Тухайлбал, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед 4:10-ын бодлого хэрэгжиж байсан. Энэ л зөв. Иймд та нар татвараа багасга, төрийн өмчит компаниудаа хувьцаат компани болго. Энэ олон яамаа болиул. Есөн яамтай байхад л хангалттай. Дахин хоёр яам байгуулах юм гэсэн. Ажлын байраар хангаж чадахгүй, буруу бодлого явуулдаг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг болих хэрэгтэй.
Улс дампуурлаа. Баян-Өлгийд яагаад халамж их байдаг юм. Тэнд хамгийн олон халамж авдаг хүн байдаг гэсэн. Яагаад ийм байдаг юм бэ.Татвар төлөгчдийн мөнгийг нэг аймаг руу татаж болохгүй. Ажил хийдэг хүн цөөхөн боллоо. Та нарын бодлого Монгол Улсыг дампууруулж байна. Уг нь газар дээрээ 70 сая малтай, газар доороо өчнөөн эрдэнэтэй. Хүн амын дийлэнх нь залуус. Гэтэл улс дампуурлаа. Та хэд л ийм болголоо. Залуучууд их айхтар болсон. Дэлхийн залуустай хөл нийлүүлэн алхаж байна. Залуус өөрсдөө цахим болсон. Та нарын МСҮТ залуусыг татаж чадахгүй байна. Насанд хүрэгчдийн өдөр өнжүүлэх бүлэг боллоо. Удахгүй татан буугдах л мэргэжилд бэлтгээд байх юм. Цагаан сарын дараа койнчдын жагсаал болох байх.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:
-Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын агуулгад хяналтын тогтолцоог нэмэгдүүлж байгаа. Бид улс орон даяар шалгалтын үйл ажиллагааг явуулж байгаа. Нэгдүгээрт, халамж хүртэж буй иргэдийг ярихдаа эхний ээлжид хүнс тэжээлийн дэмжлэг авч буй иргэдийг авч үзэж байна. Энэ халамж зорилтот бүлэгтээ хүрч байна уу үгүй юу гэдгийг бид системийн хэмжээнд явуулж байгаа.
Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Цар тахалтай хоёр жилийн нүүрийг үзлээ. Дэлхий нийтийн хувьд хөдөлмөрлөх хүчний асуудалд цар тахлын нөхцөл хамгийн их нөлөөлж байна. Дийлэнх улс хилээ тусгаарлах, хаах, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж байна. Бэлэн мөнгө, халамжийн бодлогод их мөнгө цацсан. Манай улсад ч мөн адил. Энэ нь инфляц, хөдөлмөрийн зах зээлд нөлөөлсөн. Цар тахлын үед Засгийн газар ба Төв банк хамтарч ажиллаж байж энэ хүндрэлийг давна гэдгийг хэлсэн байна. Гэхдээ энэ процесс удаан үргэлжилбэл эргээд тухайн улс орноо “ална”. Энэ хоёр сүлбэлдэж болохгүй. Удаан хоршлын үр дүнд халамжийн бодлого тэлж байгаа. Түлш, цахилгаан дулааны мөнгийг төрөөс даах бодлого явж буй. Сөрөг тал нь аманд нь халуун хоол хийсээр байгаад ажил хийх хүнгүй болчихлоо. Миний сонссон мэдээллээр архи үйлдвэрлэг компаниудын орлого жилийн дотор хоёр дахин өссөн гээд байх юм. Халамжийн бодлого ходоод руу архи хэлбэрээр ороод бүгд архичин, хэдэн жилийн дараа ажил хийх хүн байхгүй цар тахлын дараа хөдөлмөрийн зах зээл нийгмийн том аюул учирч болзошгүй байгаа даа. Баян цатгалан Арабын улс шиг өөрсдөө гадаадаас хүн авч ажлаа хийлгэдэг өөрсдөө төр засгаас халамж амьдардаг улс болчих юм биш байгаа гэсэн болгоомжлол байна.
НББХ-ны дарга М.Оюунчимэг:
-Сүүлийн үеийн судалгаанаас харахад манайд халамж аваад ажил хийх хүн байхгүй болжээ. Барилга дэд бүтцийн салбарт ажил хийх хүн цөөрч, богино хугацаанд тодорхой хэмжээнд мөнгө олох тал руу явдаг, эсвэл хүүхдийн мөнгө авах гэх мэт ажиллах сонирхол буурсан байгаа нь бодлогын арга хэмжээ авах шаардлага байна. Энэ хуулийн тухайд 2001 оноос хойш өөрчлөгдөөгүй. Манай улс урт хугацааны зүйлээ бодоход богино хугацаанд арга хэмжээ авах шаардлага үүссэн учраас шинэчилсэн найруулгаар орж ирж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ.
Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Их засаг” танхимд болно.
Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд болно.
ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2021.11.19/-ийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
- “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал
- Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан./
- Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын 20 гишүүн 2021.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
- “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.11.03-ны өдар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Ерөнхий сайдын мэдээлэл: “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар”
Холбоотой мэдээ