Д.Анхбаяр: Үнэт зүйлгүй Монголыг эзлэх шиг амархан юм байхгүй

Хуучирсан мэдээ: 2021.11.19-нд нийтлэгдсэн

Д.Анхбаяр: Үнэт зүйлгүй Монголыг эзлэх шиг амархан юм байхгүй

“Хүннү гүрнийг Хятадын Хан улсын мэдэлд байсан улс гэж бичээд байхад бид чимээгүй л байна” гэж харамсан ярих судлаач бол МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, түүхийн ухааны доктор Д.Анхбаяр юм. Тэрбээр Перс, Араб, Түрэг хэлтэй бөгөөд Турк, Иран улсад түүхч мэргэжлээр сурсан гарын таван хуруунд багтахуйц цөөхөн судлаачийн нэг юм. Төрийг “царайчилсан” түүх судлалын салбарт тулгамдаад буй асуудал хийгээд бидний, эрх мэдэлтнүүдийн зайлшгүй анхаарлаа хандуулах ёстой асуудлуудын талаар тэр өгүүлж байна. Энэхүү ярилцлага таны мэргэн ухаанд дараах асуудлаар нэгийг бодуулж, хоёрыг тунгаалгах буй за. 

  • Бид түүхийг хэтэрхий омогших байдлаар хүлээж авснаас хэтэрхий явцууруулж байна. Түүх гэхээр аль нэг аймаг, орон нутгийн ойг, түүхэн хүний намтар, ойг тэмдэглэхэд хэрэглэдэг хэрэгсэл мэтээр мэтээр хүлээж авдаг хандлага шиг зүйл биш юм. Бид монголчууд. Дэлхийн түүхийг ханан дээр тавиад үзвэл бид юу хийж бүтээсэн ард түмэн юм. Өнгөрсөнд хаана, одоо дэлхийн хаана явна вэ?…гэх суурь судалгаанд цаг зав, хүч хөдөлмөрөө зарцуулмаар байна.
  • Монголчууд эх түүхэндээ эзэн болж чадахгүй байхад түүх, соёлоороо бахархдаг уралдаан бий болчихлоо. Албан бус уралдаан шүү. Соёлын биет ба биет бус жагсаалтыг улс орнууд өөр өөрсдийнхөөрөө бүртгэдэг, түүхэн цаг хугацаа, алдартнуудаа дэлхийн түүхтэй холбон алдаршуулдаг явдлыг төрийн түвшинд хийдэг болсон. Гэтэл бид соёлын өвийн асуудал дээр хөрш орнуудтайгаа эрх ашиг зөрчилддөг. Өнөөдөр Монгол үндэстэн гэхээр зөвхөн Монгол Улс биш. Урд хойд хөршид маань Монгол үндэстэн байгаа учраас зарим соёлын асуудлыг Монголтой булаацалдаг явдал байна. Ялангуяа шинээр тусгаар тотноод удаагүй улс, ард түмнүүд өөрсдийн гэсэн бахархлыг бий болгох үүднээс Монголын түүхийг, тэр дундаа Эзэнт гүрний өвийг булаацалддаг явдал их гарч байна. Энэ асуудалд төр засгаас бодлогоор дэмжиж оролцох ёстой.
  • Казакстан улсын соёлын довтолгооны нэг номерт эрэмбэлэгдсэн асуудал бол түүхийн асуудал. Тэдний түүх мэдээж нүүдэлчдийн түүхэнд хамаарч таарна. Нүүдэлчдийн төрийн түүхийг авч үзвэл 2000-аад жилийн түүх яригдана. Энэ цаг үед Монгол, Түрэг гэсэн хоёр ард түмний асуудал яригдана. Мэдээж давамгайлж байсан нь яахын аргагүй монголчууд. Тэгэхээр нүүдэлчдийн түүхэнд казакстанууд хандахдаа түргүүдийг тэргүүлэх байдлаар үзүүлэхдээ монголчуудын эрх ашгийг хөндөх байдалд орчихоод байна. Яагаад ийм байдал гараад байна вэ гэдэг нь бидэнтэй холбоотой. Бид өөрсдийн түүх, урлаг, соёлдоо эзэн болж чадаагүй учраас тэдэнд боломж олгоод байна.
  • Алтан ордны улсын 750 жилийн ойг тэмдэглэх санал Казакстанаас Орос,Туркменистан, Турк зэрэг улсад тавьсан. Манайд хүртэл санал тавьсныг мэдээнээс харсан. Санал гараад зогсохгүй тэмдэглэсэн. Цар тахлын үед болсон болохоор төдийлөн анзаарагдаагүй байх. Яагаад 750 жилийн ой билээ гээд харсан чинь 1269 онд болсон Таласын чуулган дээр Алтан ордны улс тусгаар тогтнолоо зарласан гээд биччихсэн. Энэ улс бол Их орд гэж казакын улс юм гэх жишээтэй. Гэтэл энэ он цагт ямар үйл явдал болсон бэ гэхээр Хубилай хааны эсрэг Өгөөдэйн ач хүү Хайду бослого гаргасан. Ингэхдээ хуучин Өгөөдэйн улсыгсэргээн байгуулахдаа Цагаадайн улсыг Зүчийн улстай хувааж авах зорилгоор Таласын чуулган гэж хийсэн. Ингэхдээ Цагаадайн улсын дорно хэсгийг Өгөөдэйн улсад авсан. Баруун хэсгийг Зүчийн улс авсан. Хамгийн гол нь Хубилайн эсрэг тэмцэж байсан учраас Хайду энэхүү чуулганыг зарлан хуралдуулсан. Хайдугийн улсаа тэлэх бодлого явуулсныг Алтан ордны улс Монголын эзэнт гүрнээс тусгаар тогтнолоо зарласан үйл явдал бөгөөд энэ бол казакын ард түмний тусгаар тогтнолоо зарласан үйл явдал гэж тэмдэглээд байгаа хэрэг шүү дээ. Гэтэл бид чимээгүй хараад суудаг эмгэнэлт түүх байна.
  • Хүннүгийн түүхийг Хан улсын түүхтэй харьцуулан судлах шаардлагатай байна. Урд хөршид Хүннү гүрнийг Хятадын Хан улсын дор оршиж байсан, хятад соёлтой улс гэх судалгааг хийж байна гэх утгатай олон нийтлэл байна. Урд хөрш маань Манжийн үеийн түүхийг хамтран судлах санал гаргадаг. Ингэхдээ архивын бүхэл бүтэн фондыг хүртэл хувилж авсан явдлыг олон нийт мэдээгүй өнгөрсөн байх жишээтэй. Тэрхүү баримт бичгийг Хятадын түүх бичлэгийн үзэл баримтлалын үүднээс тайлбарласан Монголын түүхийг гуйвуулсан бүтээл гаргаад явж байгаа нь олны шүүмжлэлийг дагуулж байна. Түүхээ хамгаалахын тулд Бид өөрсдийнхөө, Монголын эзэнт гүрнийхээ түүхэнд эзэн сууж байж гуйвуулгыг зогсооно.

  • Бид яагаад 1962 онд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэсэн бэ гэхээр Хятадад Чингис хааны ойг тэмдэглэх санаачлага гаргасан учраас түүнийг тас цохихын тулд хэдийгээр коммунист чиг баримжаатай, Чингис хааны талаар таагүй байр суурьтай байсан ч тэмдэглэсэн. Энэ бол өөрсдийн түүхэндээ эзэн суух ёстой гэдгийг харуулсан явдал юм. Бид Монголын түүхийг гуйвуулах явдалтай тэмцэхдээ аливаа нэг нам, үзэл суртал, улс төрийн чиг баримжаанаас илүү дээгүүр тавьж байж амжилтад хүрнэ.
  • Бид хоёр хөршөө бүтээсэн улс.
  • Монголын эзэнт гүрний түүхийг судалдаг судлаачдын үгийг сонсдог газар өнөөдөр алга. Нэг тухайлсан бүлэглэлийн л асуудал болчихсон. Уг нь Чингис хаан гэж музей байгаа юм бол бид Монголын эзэнт гүрнийг сурталчилах ёстой. Эзэнт гүрний түүхийг сурталчилахад шинээр барьсан 9 давхар барилга багадна уу гэхээс томдохгүй. Ийм ажлыг хийж чадахгүй болохоороо юм уу, яасныг мэдэхгүй. Гэнэт байр суурь нь өөрчлөгдөөд 2020 оноос Чингис хааны нэрэмжит музей болгонгуутаа Хүннүгээс Богд хаант Монгол Улсын бүх түүхийг хамарсан үзмэрүүдийг төвлөрүүлж байна. Бүх бахархалаа нэг байшин дор төвлөрүүлэхээр маш их эрсдэл дагуулна. Ямар нэгэн байдлаар аюулгүй байдлыг горим алдагдвал бид түүхгүй болох уу? Энийг ч тооцох ёстой.
  • Чингис хаанаар Монголын эзэнт гүрний түүхийг харуулж чадах хангалттай баримт, нөөц, мэргэжилтэн гээд бүх зүйл нь байна. Гэтэл үүнийг дэлгэж үзүүлж чадахгүй байж бас нэгэн үндэсний түүхийн музей болгож байгаа бол уучлаарай. Ингэснээс хийгээгүй нь дээр. Дэлхийн монголчуудын өмнө бид элэг доог болно шүү. Ордост зөвхөн Чингис хааны сүнс хорогдсон газар гээд өмссөн цамц, оймс, эцсийн амьсгалаа шингээсэн ноосыг нь тавиад маш том бүтээн байгуулалт хийгээд сурталчилж байхад бид түүхэн ач холбогдолтой бүтээн байгуулалтаа ухаалгаар хиймээр байна. Чингис хааны музей дэлхийн монголчуудын байтугай Монголын эзэнт гүрнийг судалдаг судлаачдыг дургүйцлыг хүргэсэн бүтээл байгуулалт болвол дэмий мөнгө үрсэн хэрэг болоод дуусахгүй бид дэлхийн шившиг болно. Бидэнтэй өрсөлдөх гээд, түүхийг өөрсдийнхөөрөө бичиж гээд хараад сууж байгаа урд хөрш маань бах нь ханах байлгүй. Хоёрдугаарт, хөршийнхөө ая талд нийцүүлэх, тэдэнтэй уралдах гээд заавал цемэнтэн том байгууламж барих биш түүхэн ухамсараа сайн хөгжүүлж, тэрхүү ухамсрынхаа үр дүнд тооцоо судалгаатай бодлогоор хөгжүүлбэл бидэнд өгөгдөл нь байна.
  • Дэлхийн монголчууд биднийг харж байгаа. Тэдний хүлээлтэд бид хариу өгч чадах хэмжээний баймаар байна. Бид энд байгаа 3 сая монголчуудынхаа хэмжээнд сэтгэж, сонгуулиар санал авах, саналаа өгсөн хүнийхээ ая талыг харж амьдармааргүй байна.
  • Өвөрмонголд хэл, бичгийг нь хязгаарлах бодлогын эсрэг тэмцэж, амиа хорлож байхад тусгаар тогтносон Монгол улсын төрийн холбогдох албан тушаалтан Монгол хэлний цагийг багасгая гэсэн нь цаг хугацаа давхцсан үйл явдал болсон. Монгол хэл, Монголын түүхийн сургалтын цаг нь хангалтгүй байгаа учраас тэр сургалтын системээр нь боловсорч гарч ирсэн төрийн сайд хүн Монголын түүхийг хэрэггүй гэж үзээд байна. Хэрэв хангалттай цагтай байгаад хангалттай мэддэг бол ийм санал гаргах хүн байхгүй л дээ.
  • Бид сайн явбал дэлхийн монголчуудын зовхи нь өөдөө явна. Бид муу явбал тэдний зовхи бууна. Төвд, Өвөрмонгол хоёр малын бэлчээрээ булаацалдахад монгол нь “Дэлхийд Төвд гэж улс байхгүй. Харин миний ард Монгол Улс бий” гэж хэлдэг гэдэг. Тэд маань “Ар Монголд хурга болж төрөөд эрэг болоод идүүлчих юмсан” гэж ярьдаг. Тиймээс биднийг харж байхад нь бид тэдний итгэл найдвар, хүлээлтийг өндөрт авч явах ёстой.
  • Юаниас өмнө Хятадад нэгдсэн улс байгаагүй.
  • Монголд идэвхитэй судалгаа хийж байгаа судлаач Монголын түүхтэй харьцуулбал маш цөөхөн. Жараадхан л хүн бий. Судалгаа хийх боломж бололцоог нь олгоод, академик эрх чөлөөг нь олгочиход л шийдэгдэх асуудал шүү дээ. Засгаас батласан төсвөө зөв тогтолцоогоор ил тодоор, чөлөөт өрсөлдөөнөөр хуваарилчихвал энэ уг нь том асуудал биш л дээ. Өнөөдөр залуу судлаачдыг харвал үнэхээр өрөвдмөөр, бие даагаад ажиллах бололцоогүй. Их мөнгөний ч шаардлагагүй. Судлаач хүн 15-20 жил бэлтгэгддэг. Үүнийг мөнгөөр тооцох боломжгүй шүү дээ. • Уучлаарай, Чингис хааны музейг Монгол Улсын иргэн гурван сая хүн үзэх төдийгөөр хязгаарлан ойлгож болохгүй. Дэлхийн монголчууд ирж үзэх болно.
  • Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам 100 жилийнхээ ойг хийх гэж байна. Гэтэл бид чинь 1911 онд Гадаад хэргийн яамаа байгуулсан. Анхны сайд гэхээр Чин ван Ханддоржоос эхэлнэ. Тэгсэн мөртлөө 100 жил тэмдэглээд сууж байгаа нь Монгол Улсын 10 жилийн түүхийг үгүйсгэж байгаагаас ялгаагүй хэрэг. Батлан хамгаалах яамны 100 жил гээд байна. Гэтэл 1911 онд Цэргийн яам гэж байгуулаад таван замын байлдаан хийгээд Өвөрмонголоо бүрэн чөлөөлчихсөн хүмүүс шүү дээ. Энийгээ бид үгүйсгээд байгаа хэрэг үү? Ардын хувсгалын ойг бол дэмжинэ. Гэхдээ бүх зүйлийг 100 жил гэж хайрцаглах нь буруу. Үүнийгээ ухамсарлах хэрэгтэй байх.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
112
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж