Бидний хэлж заншсанаар эхлээд гурав, дөрөвдүгээр хорооллын барааны төвүүд орлоо. Цагийн сайханд 1000 нэрийн барааны дэлгүүр худалдан авагч ихтэй байдагсан. Ажлын өдөр болоод ч тэрүү хүний хөдөлгөөн цөөтэй, лангуун дээр наймаачдаас гадна ганц нэгхэн хүн бараа сонирхож харагдана. Худалдаачид өмнөх жилүүдэд авсан зарагдаагүй бараагаа дэлгэжээ. Шинээр бараа татан авах боломжгүй болсон гэнэ. Сонголтгүй, загвар муутай, размергүй болсон учраас худалдан авалт ч буурчээ. Тус худалдааны төвд өвлийн куртикны дундаж үнэ нь 200-250 мянган төгрөг, өвлийн гутал 180 мянгаас эхлээд 350 мянган төгрөгийн үнэтэй байна. Өмд, цамцны үнийг ч тодорхой хэмжээгээр нэмсэн гэв. Өвлийн зузаан дотуур өмд 20-40 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Хуучин бараагаа зарж байгаа гэх атал, урд хил хаасан учраас гэх тайлбар хэлэх нь хачирхайлтай. Худалдаачид хил нээгдэхийг бүгд хүлээж байгаагаа хэлэх. Сүүлийн хоёр жил өөрсдөө явж авч чадахаа байсан тул ихэнхдээ урд хөршид байх "түнш" рүүгээ захиалж байсан аж. Харин сүүлийн сар гаруйн хугацаанд урд хөрш рүүгээ захиалаад ч бараа нийлүүлэгдэхээ больжээ.
Том дэлгүүрүүд бараагаа онгоцоор татан авчирч байгаа бол жижиг худалдаачдын захиалга Эрээн дээр гацаад уджээ. Аль зунаар шахуу захиалсан бараа нь одоо хүртэл ирээгүй байгааг ч зарим худалдаачид хэлж байна. Тиймээс ачаагаа вагоноор татаж авах санал холбогдох яам агентлагуудад гаргах хүсэлтэй байгаа аж. Ачааны вагоны бараагаа татвал ачааны машинаас тээврийн зардал харьцангуй бага гарах гэнэ.
БАРААНЫ ХОМСДОЛ ҮҮСЧИХСЭН
Тус төвд 10 жил лангуу ажиллуулж буй худалдагч С.Баяраа хэлэхдээ" Бараа улам сонголтгүй болж байна. Манай лангуун дээр дотуур өмд их зарагддаг. Одоо байгаа бараагаа шахаад дуусгах бодолтой байна. Манайх 10 гаруй жил ажиллачихсан өөрсдийн гэсэн худалдан авагчтай болчихсон. Хүмүүс ирээд бэлэн хувцас авах гэхээр размер байхгүй, сонголтгүй гэх бэрхшээл зөндөө байна. Хил нээгдэхийг хүлээж сууна. Бүх түрээслэгчид алдагдал амсч байгаа. Барааны хомсдол үүсчихсэн, бараа гүйхгүй бол түрээсээ төлнө гэдэг хэцүү байна. Манайх үнээ нэмээгүй. Бараагаа өнгөрсөн жилийнх нь үнээрээ зарж байна. Өмнө нэг хайрцаг бараа урдаас 30-40 мянгад ороод ирдэг байсан бол одоо тав дахин нэмэгдсэн. Зөвхөн урд хөрш хилээ хааснаас болж үнэ нэмэгдэж буй. Үнэ нэмэгдсэн нь бензиний үнийн өсөлттэй хамаагүй. Энэ хавийнхан ярьж байгаачлан бараагаа ачааны том вагоноор татах талаар холбогдох хүмүүст хандах бодолтой байна" гэв.
Харин худалдагч Б.Энхзаяа ийм асуудал үүсч магадгүй гээд зунаар бараагаа захиалаад авчихсан байна. Гэхдээ ирэх хавар барааны хомсдол жинхэнэ утгаараа нүүрлэх байх гэв. Учир нь хил хэзээ нээх нь тодорхойгүй байгаа болохоор. Каргоны үнэ эрс өссөн учраас Б.Энхзаяа барааны үнийг нэмсэн гэв. Түүний зарж байгаа эрэгтэй куртик дундаж нь 200 мянга, дээд тал нь 280 мянга байв. Тус худалдааны төвийн түрээс нь өндөр, ойролцоогоор 1-1.1 сая төгрөгийн хооронд байдаг аж. Худалдагч О. Отгоо "Угаасаа бараа хомсдолд орчихсон. Захиалсан бараа хил онгойхоор ирнэ гэвэл улирал нь бараг дуусчих байх. Өнгөрсөн жил хөл хорио гээд алдагдал хүлээсэн хүмүүс бий. Энэ жил захиалсан бараа чимээгүй хэзээ ч ирэх юм бүү мэд. Бараа захиалсан хүмүүс бидэнд хамаагүй каргонд хүргээд өгчихсөн гэдэг хариу хэлдэг. Худалдан авалт тааруу, хүн цөөтэй байна. Дундаж эрэгтэй куртик 200 мянгатай байна. Мөнгөө буцааж авна гэж байхгүй. Тэгээд л алдагдал хүлээдэг" гэлээ.
БАРААНЫ СОНГОЛТГҮЙ БОДЧИХВОЛ НЭГ ЁСОНДОО “ШАТАХААС” ӨӨР АРГАГҮЙ
Э.ЭНХБАТ:
-Хил хаалттай болохоор хүмүүс барааны үнийг яалт ч үгүй нэмж байна. Өнгөрсөн жил хил нээлттэй сонголттой байхад тодорхой хэмжээнд үнээ бууруулаад өгдөг байсан. Энэ жилийн хувьд сонголт маш муу байна. Хоёрдугаарт, куртикны үнэ маш үнэтэй болсон. Хамгийн багадаа 180 мянгатай, дундаж куртка 200-280 мянгын хооронд байна. Худалдан авалт байх нь байна. Гэхдээ сайн биш. Алдагдал маш их байна. Түрээс төлж байгаа учраас барааны сонголтгүй бодчихвол нэг ёсондоо “шатаад” л байж байна. Каргоны үнэ нэмэгдсэн. Урьд нь 85 мянгаар авдаг байсан ачаа энэ жил 140 мянга болчихсон. Цаашдаа байгаагаа зараад суухаас өөр ямар ч сонголт байхгүй.
ӨДӨРТ ТҮРЭЭСЭЭ ТӨЛӨХИЙН ТӨЛӨӨ Л СУУЖ БАЙНА
Б.ЭНХ-АМГАЛАН:
-Бид алдагдалтай ажиллаж байгаа нь үнэн. Өнгөрсөн жил бид бараагаа зарж чадаагүй гацсан. Тэгээд өрөнд ороод банкны зээлээ төлж чадаагүй. Арай гэж үйл ажиллагаа сэргээд бараагаа захиалчихсан байхад гацчихлаа. Хүн юм ирээд асууна, размер байхгүй гэдэг. Бид өдөрт түрээсээ төлөхийн төлөө л сууж байна. Орлого байхгүй байна. Бид төрөөс халамж нэхээгүй. Өөрсдийнхөө бор зүрхээрээ явдаг хүмүүс. Гэтэл ийм байдалтай хоёр жил явлаа. Одоо өрнөөс өрний хооронд явж байна. Хэдэн жилийн өмнө хуримтлалтай байсан бол одоо өрөндөө өгөөд таарч байна. Худалдан авалт юу ч байхгүй бие биенийхээ лангуугаар орж гарсан шигээ байна. Орой хүүхдэдээ талх авч чадахгүй л буцдаг. Энэ бол цэвэр төр засгийн удирдлагын буруу. Дундаж давхаргаа няц гишгэж байна. Мөнгө ч үгүй бараа ч үгүй сууж байна. Аравдугаар сарын 9-нд захиалсан бараа одоо хүртэл ирээгүй.
ХОНОГИЙН ХООЛНЫ МӨНГӨНӨӨСӨӨ ИЛҮҮ ГАРГАЖ ЧАДАХАА БАЙСАН
З.САЙНБИЛЭГ:
-Бид нар урагшаа бараагаа захиалаад авдаг байсан бол одоо түгжигдсэн болохоор бөөний төвүүдээс бараа авч байна. Бөөний төвүүдийн бараа хязгаартай учраас дуусчихдаг. Тэгээд хувь хүнээс авахаар үнээ нэмчихдэг. Жишээ нь хуучин 7500-гаар авдаг байсан өмд 15 мянга болсон.
Нарантуулын бараа хомсдолд ороод ирэхээр үлдсэн бараан дээрээ ахиад мөнгө нэмээд нөгөө 15 мянгаар авч байсан өмд 20 мянга болчихсон байсан. Нэг өмдөнд дор хаяж 5000 төгрөг нэмдэг. Худалдан авагчид үнэхээр бухимдалтай байна. “Энэ бараа чинь ямар аймар үнэтэй юм, үнэ нь дийлдэхээ больчихсон, яагаад ингээд өмсчихсөн юм” гээд бидэнд бухимдлаа гаргадаг. Хятадын талаас эрүүл мэндээ бодоод хилээ хаагаад арга хэмжээ авч байгаа нь зөв. Гэхдээ Монголын Засгийн газар үнэхээр байна. Байг гэхэд хил дээр гацсан барааг оруулж ирж болно шүү дээ. Тийм арчаагүй засаг төртэй байна. Бидний хувьд “хоолоо” болгон уу гэхээс илүү гаргаж чадахаа байсан. Өдөрт 50-60 мянган төгрөгийн ашигтай байна. Цахилгаан дулаан төлөхгүй байгаа тулдаа болж байна.
НЭГ ЦАГ, НЭГ МИНУТ Ч АЛДАХГҮЙГЭЭР БНХАУ-ААС БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮН ТАТАХ ШААРДЛАГАТАЙ
Худалдагч авагчид зовлон бэрхшээлээ ийнхүү ярьж байна. Тэгвэл хил дээрх ачаа бараа хэзээ ирэх талаар Сангийн сайд Б.Жавхлан энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд дараах мэдээллийг өгсөн билээ.
Тэрбээр "Гашуунсухайт боомт, Ганц мод боомтын хооронд чингэлэг тээвэр, нүүрс тээвэрлэх журам гарсан. Үүний хүрээнд чингэлэгт тээврийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. 600-аад тээврийн хэрэгсэл урагшаа нүүрс тээвэрлэж байна. Цаашид тээврийн хэрэгслийн тоог шат дараатай нэмнэ гэж үзэж байна.
Замын-Үүд боомтын хувьд төмөр замын ачаа тээвэр хэвийн явагдаж байна. Харин авто тээврийн үйл ажиллагаа зогссон байдалтай байна. БНХАУ-ын зүгээс хоёр улсын хилийн цэг дээр чингэлэгтэй бараа тавьж манайхаас тавцант чингэлэгээр татаж авах шийдэлд хүрсэн. Хэрэв Эрээн хотод 20 хоногийн дотор Covid-19 илрэхгүй бол бараа материалаа дээрх байдлаар харилцан татахаар тохиролцсон. Хил дээр гацаад буй бараа, бүтээгдэхүүн бол зөвхөн Замын-Үүд боомтын асуудал биш. Энэ бол 3 сая хүний асуудал. Эдийн засаг, инфляцид маш их нөлөөлнө. Тиймээс нэг цаг, нэг минут ч алдахгүйгээр БНХАУ-аас бараа татах шаардлагатай байна. Түүхий эдийн үнэ боломжийн байгаа энэ үед нүүрс, зэсийг аль болох их хэмжээгээр экспортлоно гэсэн зорилт тавьж байна" гэлээ.
ДОТООДОО ХҮНСНИЙ НОГООГОО ТАРИАД, ХУВЦСАА ОЁЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ
Иргэдийн хувьд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд бухимдалтай байгаа. Тухайлбал, цалин тэтгэвэр нэмэхгүй хирнээ бараа үнэ өсөхөөр урдах хоолоо залгуулахаас өөр аргагүйд хүрч байгааг хэлж байна.
Д.ТӨМӨРЦОГТ:
-Бараа бүтээгдэхүүний үнэ маш их нэмэгдсэн. Ард түмнээ бодохгүй улс оронд юу болоод байгаа юм бэ. Манай төрийн удирдлагууд ямар сонин болчихсон юм. Та нар бүгд мэдэж байгаа. "Атар" талх Хятадаас орж ирдэггүй биз дээ. Гэтэл үнэ нь нэмэгдчихсэнд гайхаж байна. Худалдан авах чадвар яаж байдаг юм ажилгүй ард түмэнд. Ард түмнийг хамаг юмаараа хавчиж байна. Хил нээгдэхгүй бол боорцгоо хайрж идээд хуучны амьдралд орно доо. Ер нь дотоодоо хүнсний ногоо, хувцсаа оёж болдоггүй юм уу. Дээлээ оёж өмсөөд амьдарна шүү дээ. Арай ч үхчихгүй байлгүй дээ.
Б.ЭНХ-ЧИМЭГ:
-Барааны үнэ бүгд нэмэгдсэн байна. Хоол хүнсэндээ зарцуулаад л дуусч байна. Манайд гэхэд нэг хүн ажил хийдэг. Цалингаас гадуур орлоготой байхгүй бол хэцүү байна.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ