Путин яагаад шүүмжлэлд өртөх болов

Хуучирсан мэдээ: 2021.11.19-нд нийтлэгдсэн

Путин яагаад шүүмжлэлд өртөх болов

Путин яагаад шүүмжлэлд өртөх болов

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сүүлийн өдрүүдэд олон улсын хүрээнд цөөнгүй асуудлаар маргаан дагуулж, барууныхны зүгээс багагүй шүүмжлэлд өртөж байна. Тодруулбал, барууныханд Путиныг болоод ОХУ-ыг буруутгах гурван үндэслэл байгааг дурдах нь зүйтэй.

Нэгдүгээрт, Орос Украинтай залгаа хилийн орчимд олон тооны цэрэг байрлуулах болсон. Хоёрдугаарт, Украины асуудлаар тавьсан хориг арга хэмжээний хариуд Польш, Беларусийн хил дээр цагаачлалын хямралыг зориудаар үүсгэсэн зэрэгт Путиныг буруутгаж буй юм.

Харин гуравдугаарт, Германы эрх баригчдад “Хойд урсгал 2”-ыг батлахад түлхэц үзүүлэхийн тулд Европт байгалийн хийн хомсдолыг үүсгэж, хийн үнийг нэмэгдүүлсэн зэрэг асуудал багтаж байна. Путины хувьд эдгээр байр сууринд хэвлэл мэдээллээр дамжуулан хариу тайлбар хийж байгаа билээ.

УКРАИНЫ ХИЛИЙН ОРЧИМД ЦУГЛАРАХ ОРОС ЦЭРГҮҮД

Орос сүүлийн үед хэдэн арван мянган цэргээ Украины хилийн орчимд байрлуулах болсон нь барууныхны бухимдлыг ихээхэн төрүүлсэн хуучны дурсамжийг сэдрээж буй. Тодруулбал, Орос 2014 онд Крымийн хойгийг өөртөө нэгтгэсэнээр Москвагийн эсрэг олон хориг арга хэмжээ хэрэгжих болсон билээ. Тэгвэл үүнтэй төстэй явдал дахин давтагдах эрсдэл бий болсноор АНУ төдийгүй барууныхан багагүй сандарч байна.

АНУ-ын албаны хүмүүс өнгөрсөн долоо хоногт Орос улс Украин руу довтолж болзошгүй байгааг Украины түншүүддээ анхааруулав. Тухайлбал, Украины Батлан ​​хамгаалах яамнаас тус улсын хилийн дагуу Оросын 90 мянга орчим цэрэг цуглараад байгааг энэ сарын эхээр мэдэгдсэн бол Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өнгөрсөн долоо хоногт “Хил дээр Оросын 100 мянган цэрэг байгаа” гэж мэдээлжээ.

Ийнхүү Украинд цэргийн халдлага үйлдэхээр төлөвлөж байгаа эсэхийг Путинээс өнгөрсөн амралтын өдрөөр “Россия 1” сувагт ярилцлага өгөх үеэр нь тодруулсан байна. Тэрбээр “Үүнд ямар ч аюул заналхийлэл байхгүй” гэж товчхон хариулсан аж. Мөн Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Оросын нутаг дээр өрнөж буй цэргийн ажиллагаа хэн нэгний санаа зовних шалтгаан болсонд харамсч байна” гэжээ.

Гэвч Орос улсад өмнө нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Украиныг эргүүлэн авах хангалттай “шалтгаан, боломж, цэргийн хүч” байгааг Оросын шинжээч Тимоти Эш Мягмар гаригт онцолжээ. Тэрбээр "Барууны орнууд сул, хуваагдмал, анхааралгүй байна. Байден Хятадад, Европ байгалийн хий, цагаачлал болон Балканы хойгийн асуудалд төвлөрч, Украин улс төрийн хувьд хүчгүй болсон” гэж дүгнэсэн юм.

Ийнхүү талууд Украинтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж байгаа ч хэрхэн хамгаалах талаар дурдаагүй байна. Тухайлбал, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейн нар Украины бүрэн бүтэн байдлыг хамгаалахад бэлэн байгаагаа өнгөрсөн хугацаанд илэрхийлсэн ч үүний тулд ямар арга хэмжээ авч болох талаар дурдаагүй юм.

ПОЛЬШ, БЕЛАРУСИЙН ХИЛ ДЭЭРХ ЦАГААЧЛАЛЫН ХЯМРАЛ

Үүнээс гадна Беларусь, Польш улсын хил дээр үүссэн цагаачдын хямралыг бий болгоход оролцсон гэх өөр нэгэн буруутгал Путиныг чиглэж байгаа юм. Харин Путин цагаачдын хямралыг барууныхан өөрсдөө бий болгосон гэж  "Москва. Кремль. Путин" нэвтрүүлэгт оролцох үеэрээ мэдэгджээ.

Харин барууныханд Путиныг буруутгах тодорхой хэмжээний үндэслэл байгаа бөгөөд нэгдүгээрт, Украины асуудлаар хориг тавьсан явдалд хариугаа авахыг хүссэн гэж харж байгаа юм. Цаашлаад Украины хилийн орчимд олон тооны цэрэг байрлуулах болсон явдлыг олон улсын нүд чихнээс холдуулах зорилгоор зохиомол хямрал үүсгэсэн хэмээн хардаж буй.

Энэ нь Оросыг цагаачдын хямралд буруутгасан анхны тохиолдол биш бөгөөд  2015 онд Сирийн 500 мянган дүрвэгчийг хөрш зэргэлдээ Турк болон Европын холбооны орнууд руу дүрвэхэд түлхэц үзүүлсэн гэж буруутгаж байв. Энэ талаар Дмитрий Песков өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ "Орос улс бусад орны адилаар хямралыг хүсэхгүй байгаа" гэжээ.

 “ХОЙД УРСГАЛ 2” СААТСАНААР ХИЙН ҮНЭ ӨСӨВ

Хурцадмал байдлын өөр нэг эх үүсвэр нь эрчим хүчний салбар юм. Тодруулбал, Оросыг сүүлийн саруудад Европт эрчим хүчний үнийн хямралыг үүсгэж байна гэж буруутгаж буй. “Хойд урсгал 2”-ын зөвшөөрлийг хүлээж байсан нь Оросыг энэ сэжиг таамагт өртөх хүчин зүйл болсон билээ.

Гэвч Германы зохицуулагч нар дамжуулах хоолойн зөвшөөрлийг түдгэлзүүлж байгаагаа Мягмар гаригт мэдэгдсэн. Тодруулбал, Германы холбогдох хуульд заасан шаардлагыг биелүүлсний дараа байгалийн хийг “Хойд урсгал 2”-оор дамжуулах боломжтой гэж үзжээ.

Энэ мэдэгдлийн дараагаас Европт хийн үнэ огцом өсч, нэг мянган шоо метр хийн үнэ 1046 ам.долларт хүрсэн юм.

Үүний зэрэгцээ Оросын байгалийн хийг дамжуулснаар чухал ашиг хүртдэг Украин улс “Хойд урсгал 2”-ын улмаас орлогоо алдахад хүрч, тус хийн хоолойн аюулын талаар удаа дараа сануулж буй. Европын хийн зах зээлд Оростой өрсөлддөг АНУ тус хоолойд мөн таатай хандахгүй байгаа билээ.

Орос улс Европын байгалийн хийн импортын 40 орчим хувийг дангаар хангаж байгаа бөгөөд “Хойд урсгал 2” ашиглалтад орсноор эрчим хүчний салбар дахь нөлөө нь улам бэхжих вий гэдэг болгоомжлолыг төрүүлж буй. Харин Оросын хувьд “Хойд урсгал 2” байгалийн хий нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гарц гэдгийг дурдах нь зүйтэй.

ЭХ  СУРВАЛЖ: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж