Нэг нь даян аварга хүртэж, нөгөө нь дахин барилдах эрхгүй болов

Хуучирсан мэдээ: 2021.11.19-нд нийтлэгдсэн

Нэг нь даян аварга хүртэж, нөгөө нь дахин барилдах эрхгүй болов

Нэг нь даян аварга хүртэж, нөгөө нь дахин барилдах эрхгүй болов

Монголын үндэсний бөхийн спортод сайн муу  үйл явдал  мэдээ өчигдөр зэрэг өрнөв.  Монголын үндэсний бөхийн холбооны зүгээс Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нар допинг хэрэглэсэн нь батлагдсан талаар албан ёсоор зарлав. Үүний дараа Төрийн ордонд Тулгар төрийн 2228, 2229 жил, Их Монгол Улсын 813, 814 жил, Ардын Хувьсгалын 98, 99 жилийн ойн үндэсний их баяр наадмаар допингийн золиос болсон бөхчүүдэд цол чимгийг нөхөн олгосон.

ДОПИНГИЙН ХОХИРОГЧ БОЛСОН “ДОПИНГТОЙ” ДАЯН АВАРГА

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваанд улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Э.Оюунболд нар түрүү үзүүр булаалдахаар тунан Э.Оюунболд түрүүлж, аварга цол хүртэж байв. Гэвч тэрбээр допингийн шинжилгээнд бүдэрч, энэ асуудал тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга дээр ирээд гурван жил гацсан байдаг.  Харин У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсны дараа Э.Оюунболдыг аварга цолыг хурааж авах зарлиг гаргаснаар Н.Батсуурьт даян аварга цолоо авч буй нь энэ юм.

Допинг хэрэглэсэн Н.Батсуурь аварга “Тод сонин” хэмээх чимгээ хураалгасан билээ.

Н.Батсуурийн  хувьд 2020 оны буюу 99 жилийн ойн баяр наадамд  допингийн шинжилгээнд бүдэрч, үүндээ уучлалт гуйн, зүрхний эмнээс болсон гэх тайлбарыг хэлж байсан юм. Үүнийг тухайн үед хүмүүс Н.Батсуурийн даян цолоо эргүүлж авах гэсэн нэг мэх хардах хүмүүс ч байсан. Өөрөөр хэлбэл, Э.Оюунболд адилхан уучлалт гуйж, хариуцлага хүлээх ёстой гэсэн шахалт байсан гэж харж байсан билээ.

Э.ОЮУНБОЛДЫН БӨХИЙН ЗАМНАЛ ТӨГСӨВ

"Бөх хүн бүдүүн өвсөнд" гэдэг. Харамсалтай нь, Э.Оюунболдын хувьд  нэг алдаагаа хоёр давтсанаараа монгол бөхийн түүхэнд хар толботой үлдэж байна. Үндсэний бөхийн салбарт түүний явах замнал ингээд дуусч байх шиг. Өнгөрсөн зун МҮБХ-ноос зохион байгуулсан  барилдаанд Э.Оюунболд очиж барилдсан ч тав даваад унасан. Тэрбээр допингийн шинжилгэг дүрмээр бол өгөх ёсгүй байсан Э.Содномдорж арслангийн хүсэлт, шахалтаар аргагүйн эрхэнд өгөхөд хүрсэн.  Ингээд шинжилгээнд бүдэрсэн дөрвөн бөхийн нэгээр зарлагдлаа. Үндэсний бөхийн холбоо ч допингийн эсрэг хатуу тэмцэхээ зарлаж, дүрмэндээ шинэчлэлт оруулсан. Тодруулбал, холбооноос дангаараа болон төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан барилдаанаас допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох, дахин илэрвэл найм ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасах заалтыг дүрэмдээ оруулсан.

Тэгэхээр өмнө нь допингийн шинжилгээнд бүдэрч, цолоо хураалгаж, барилдах эрхээ хасуулсан Э.Оюунболд арслан дахин найм болон түүнээс дээш жилээр эрхээ хасуулах боллоо. Өдгөө 28 настай тэрбээр хамгийн багадаа найман жилээр барилдах эрхээ хасуулбал төрийн наадамд дахин түрүүлэх боломж бараг л үгүй болно.

ДОПИНГИЙН ХОХИРОГЧИД ЦОЛ ЧИМГЭЭ НӨХӨН ХҮРТЭВ

Өчигдөр Монгол Улсын заан цол хүртсэн Д.Анар ярихдаа “Миний бие сүүлийн гурван жил допингтой бөхчүүдтэй барилдаж унасан. Хүч хөдөлмөр, 10 гаран жилийн өдөр болгоны ачаалалтай бэлтгэл, зардлуудаа үнэгүйдүүлж байгаад харамсч байна. Намайг гэдэг маш олон хүн байдаг. Тэр хүмүүсийн итгэл сэтгэлд хүрч чадаагүйдээ харамсч байна" гэв. Допингийн золиос болсон бөхчүүд дүрэм журам, олон улсын жишгийнхээ дагуу цол, чимгээ нөхөн хүртэх нь зүй ёсны хэрэг.

Өчигдөр дараах бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олголоо.

  • Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Улсын аварга Намсрайжавын Батсуурьт “Улсын Даян аварга” цол
  • Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх, Улсын харцага Мягмарын Бадарчид “Улсын гарьд” цол
  • Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Дорнын Хүчтэн” дэвжээний бөх Улсын начин Доржийн Анарт “Улсын заан” цол
  • Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат “Говийн хүчтэн” дэвжээний бөх Улсын начин Цэдэнбазарын Одбаярт “Улаан заан” цол
  • Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Их Монгол хүчтэн” дэвжээний бөх Улсын начин Баянзулын Цэдэнсодномд “Улсын харцага” цол
  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван Хан” дэвжээний бөх Улсын начин Баярсайханы Орхонбаярт “Улсын харцага” цол
  • Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Даян” дэвжээний бөх аймгийн арслан Шархүүгийн Пүрэвгарьдад “Улсын харцага” цол
  • Увс аймгийн Тэс сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх аймгийн арслан Цэдэндоржийн Мөнхбаярт “Улсын харцага” цол
  • Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх аймгийн арслан Цэрэнбатын Сандагдоржид “Улсын начин” цолыг тус тус олголоо.

Мөн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны тогтоолоор Улсын арслан Б.Содномдоржид “Үлэмж бадрах”, Улсын начин Б.Эрдэнэхүүд “Өсөх идэр”, Улсын начин Н.Мустафад “Өсөх идэр”, Улсын начин Б.Суманчулуунд “Өсөх идэр” чимэг тус тус олгов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
69
ТэнэглэлТэнэглэл
32
ЗөвЗөв
17
ХахаХаха
14
ХөөрхөнХөөрхөн
13
ГайхмаарГайхмаар
10
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж