Чаа гэх ямаагүй туу гэх ч нохойгүй хотынхон бүгд л “мянгат малчин” болох, социализм үнэртсэн уг төслийг орон даяар хувийн компани энэ сарын 11-нд сүр дуулиантай эхлүүлэв. Уг төсөл койн шиг нийгмийн сүлжээнд эрчээ авч малжуулах төсөлд нь итгэсэн монголчууд аль хэдийнэ тэднийг мөнгөөр "угжаад" эхлэж. “Хөх сүрэг” төслийнхөн хөрөнгө оруулалтын доод хэмжээг зарлахдаа,
- таван адуу 3 сая,
- таван үхэр 3 сая 500 мянга
- таван хонь 500 мянга,
- таван ямааг 400 мянган төгрөгөөр тус тус үнэлжээ.
Ийнхүү доод үнэ ханшийг тогтоосноор ADU багцаас нэг тэрбум, Umbu багцаас 750 сая гэх зэргээр тус тус хөрөнгө төвлөрүүлнэ гэж төслийнхөн тооцжээ. Гэтэл нэг сар ч хүрэхгүй хугацаанд нормоо аль хэдийнэ бараг давуулчхаад “Одоо захиалга авахгүй” гээд сэтгэл ханасан байдалтай гэдийх маягтай. Аливаад шуурдаг амар хялбар аргаар ашиг олох сонирхолдоо хөтлөгдсөн иргэдийн тухайд багадаа л гурван сая төгрөгөөр мал худалдан авчээ.
Тухайлбал, Фэйсбүүкт 11.7 мянган гишүүнтэй “Хөх сүрэг бүх нийтийг малжуулах төслийн захиалагчид” хаалттай группийн нэгэн гишүүн 3.5 саяар мал худалдан авчээ. Үүнээс гурван сая төгрөгт адуу, 500 мянган төгрөгт хонь захиалжээ. Түүнтэй адил 1300 хүн их, бага хэмжээгээр мал худалдан авчээ. Хамгийн багадаа л гурван сая түүнээс дээш мөнгөний гүйлгээ хийсэн нь харагдаж байв. Хувьдаа малтай хүн бүр "мянгат малчин" болох горьдлого тээсэн мөрөөдөлтэй.
Уг нь хар ухаанаар бодсон ч хашаа хатгах газаргүй нийслэлийнхэн малтай болох боломжгүй. Гэтэл махны үнээ буулгах “дургүй” малчид онд гарч чадахгүй тураалтай малаа ч хотын нэгэнтэй хуваалцах нь юу л бол. Гэтэл хувийн компаниас мал худалдан авч, түүнийгээ хадгалуулах нь чонод мах хадгалуулахтай л адил.
Малтай гэсэн нэр зүүснээс бодит өөрийн өмч биш гэдгийг ч иргэд анзаарсангүй бололтой. Учир нь цахимд бүртгэгдсэн малын тоо толгой нь хөрөнгө оруулагчийн нэр дээр тоологдож, тооцогдохгүй. Нэг ёсондоо койн шиг виртуал хөрөнгөтэй болсон гэсэн үг.
МАЛ ХУДАЛДАН АВСАН Ч АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ
Төслийг санаачлагч “Хөх сүрэг”-ийн ажилтнаас хэрхэн малтай болох, түүнийгээ яаж өмчлөх, хэн хариулж маллах тухай үйлчлүүлэгчийн хувиар асуухад “Төслийн захиалга дууссан. Одоо хэдхэн адуу л үлдлээ. Та ADU багцын хүрээнд таван адууг гурван сая төгрөгөөр авч болно. Бид тантай таван жилийн хугацаатай гэрээ байгуулна. Энэ хугацаанд та худалдан авсан адууныхаа үр ашгийг жил бүр хүртэж айраг, адууны махаа үнэгүй авна. Таван адууны нэг нь хүнсний зориулалттай байх юм. Харин адуу зүслэхгүй. Яагаад гэвэл, бусад хүмүүсийн худалдан авсан адуунууд нэг сүрэг болно.
Бид Булган аймагт адууны цогцолбор байгуулж, та өөрийн адуугаа үр хүүхдэдээ, гэр бүлийнхэндээ харуулж болно. Харин цогцолборт адуугаа өөрөө авч зуншина гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн манай үйлчлүүлэгчид цогцолборт 2-3 хоног саатангаа адуугаа харж болно.
Хэрэв та хонь авсан бол мөн адил нэг нь хүнсний зориулалттай. Мөн л таван хонь худалдан авах эрхтэй. Хэрэв та худалдан авсан хониноосоо муулахаар болбол урьдчилан манай компанид хүсэлт өгч тухайн жилийнхээ хүнсний хэрэгцээг урьдчилан авч байна гэсэн үг юм.
Төслийн хүрээнд цугласан мөнгөөр гуравдугаар сараас эхлэн мал цуглуулж, долдугаар сараас хашаа, зүчээ барьж эхэлнэ. Таны худалдан авсан малыг манай компанийн ажилтан хариуцаж маллана.
Одоогоор худалдан авсан малаа борлуулах боломжгүй. Ирэх хоёр жилийн дотор зарж борлуулах эрх нь үүснэ” гэх тайлбарыг өглөө. Товчхондоо, хувьдаа малтай болох гэсэн иргэдийн мөрөөдөл дээр тоглолт хийсэн цэвэр бизнес болох нь түүний ярианаас нэн ойлгомжтой байна. Өөрөөр хэлбэл, иргэд мянгат малчин болно гэж хөөрцөглөөд мөнгө ч үгүй, мал ч үгүй болох эрсдэл өндөр байгаа юм.
МАЛЖУУЛАХ БУС БОЛОВСРУУЛАХ ТӨСЛИЙГ ДЭМЖИНЭ
ХХААХҮ-ийн сайд З.МЭНДСАЙХАН:
-Бидэнд албан ёсоор төслөө танилцуулаагүй. Бүх нийтийг малжуулах төсөл гэдэг нь залуус мөнгө босгож, эргүүлээд малжуулах бизнес гэж харж байна. Энэ бол тухайн аж ахуйн нэгж ашгаа өөрсдөө харсан болохоор ийм төсөл хэрэгжүүлсэн болов уу. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам оролцохгүй. Харин бидний зүгээс малын гаралтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах чиглэлд хувийн аж ахуйн нэгжүүд санаачлагатай байвал бодлогоор дэмжинэ гэлээ.
Салбарын яамны мэргэжилтэн ч хүн бүрийг малжуулах боломжгүй, бодлогын хүрээнд дэмжихгүй гэдгийг онцолсон. Монголчуудын нэг халаасандаа койн, нөгөө халаасандаа малтай болох “мөрөөдлөөр” болбол ядуу хүн эвэртэй туулай шиг үзэгдэж бүгд л баяжих нь. Гэтэл дөрвөн сая ч хүрэхгүй хүн амаасаа хэд дахин илүү малтай. Тоо толгой нь 70 саяд хүрч, малчид малынхаа боол нь болчхоод байна. Ийм байхад өнөөдөр хувийн хэвшлийнхэн нь ахиу цалин амлаж ажлын байранд уриалах бус малжуулах төслөөр нэгийгээ “шулах” санаа сэдэж коммунизмд уриалж байгаа нь хэр ёс зүйтэй вэ. Хэрэв ажлын байраар бусдыгаа дэмжсэн бол хэн хэндээ хэрэгтэй. Эдийн засагт ч өгөөжтэй байсан биз.