Хэдхэн хоногийн өмнө 2022 оны улсын төсвийг хэлэлцэж баталсан. Энэ үеэр аймаг, орон нутагт улсын төсвөөр барих онцлох хэд хэдэн бүтээн байгуулалт дурдагдаж олны бухимдлыг төрүүлэв. Тэдгээр хөрөнгө мөнгө шаардсан ажлууд нь орон нутаг, суманд нь нэн яаралтай хийх чухал ажил биш гэдгийг иргэд шүүмжилж буй. Учир нь улсын төсөв бол иргэдийн татварын мөнгө. Татвар төлсөн иргэд хүнд хэрэгтэй, нутаг орноо сурталчлан таниулах соёл, боловсролын бүтээн байгуулалт хийхийг хүсэх нь тодорхой. Гэсэн ч хүслийг хяслаар гэгчээр үлгэрийн гэмээр үр дүнгүй ажлуудыг тусгайлан төсөвт тусгасан нь сонирхолтой. Эдгээрээс онцлон хүргэе.
3.8 ТЭРБУМЫН ӨРТӨГТЭЙ АЙРАГНЫ ӨРГӨӨ БУЮУ “ГУРВАН ГЭР” ЦОГЦОЛБОР
Нийгмийн сүлжээнд олныг талцуулж буй алдарт айрагны өргөө цогцолбор. Энэ ажлыг Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хийх бөгөөд жилийн дөрвөн улиралд аялал жуулчлалыг хөгжүүлэх, ард иргэдийнхээ аж амьдралд дэмжлэг үзүүлэх хүрээнд барихаар болсон аж. Харамсалтай нь зураг төслийн ажил дээрээ явж буй тус цогцолбор сууриа тавихаас өмнө иргэдийн дургүйцлийг төрүүллээ. Тиймээс энэ бүтээн байгуулалтыг барих нь Булган аймагт ямар ашигтай талаар болон зайлшгүй төсөв батлуулж барих шаардлагатай эсэхийг тус сумын Засаг дарга П.Лхагва-Очироос тодрууллаа.
Тэрбээр "Орон нутагт хуваарилагдаж буй төсвийн 10 орчим хувь буюу 3.8 тэрбум төгрөгөөр барих айрагны өргөөний талаар олон хүн үзэл бодлоо илэрхийлж харагдсан. Гэхдээ энэ бол аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой хамгийн зөв хувилбар. Булган нутгийн брэнд бүтээгдэхүүний нэг нь яахын аргагүй айраг. Дотоод, гадаадын жуулчдыг татах цогцолборт газрыг энэ хэмжээний төсвөөр барьж байгааг манай нутгийнхан дэмжиж байгаа.
Цогцолборын зураг төсөлтэй танилцахад гурван том гэр бүхий байгууламжтай түүнийг тойрсон худалдаа үйлчилгээний хэсгийг тусгасан байсан. Мөн айргийг нөөцлөх зоорь, амрагчдад зориулсан хэсэг, машины зогсоол зэргийг цогцолборт тусгахаар төлөвлөсөн байна лээ.
Мэдээж энэ цогцолборт хүмүүс зөвхөн айраг уух гэж биш, нутгийн соёл, түүх, уламжлалтай танилцахаас гадна бусад жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг ч худалдан авах боломжтой. Мөн өргөөний цогцолборт тусгайлан зориулсан аялал жуулчлалын хөтөлбөрийг гаргахаар төлөвлөсөн.
Байршлын хувьд Сайхан, Хутаг-Өндөр, Орхон, Бугат гэх дөрвөн сумын залгаа газар. Тэгэхлээр байршлын хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжихэд хамгийн тохиромжтой гэсэн үг. Учир нь тус замаар жилдээ 60-70 мянган жуулчин Хөвсгөл аймаг руу зорчдог.
Зөвхөн тухайн зорчиж буй аялагчдыг татахаас гадна ерөнхийдөө Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Рашаант зэрэг урд талын сумдад түүхэн аялал жуулчлалыг, төвийн сумуудыг түшиглэн рашаан сувилал дагасан гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж зорьсон. Цаашид хийх ажил мэдээж их бий. Дэд бүтэц, шугам сүлжээ гээд шийдвэрлэх зүйл олон байгаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэх цогцолбор гэж байгаа нь түр буудаллах цэг, ресторан, аяллын хөтөлбөр, соёлын дурсгалт газар гээд бүгдийг багтаасан. Тиймээс зөвхөн айраг уудаг гэрийг энэ төсвөөр барих нь гэж ойлгох нь өрөөсгөл" гэлээ.
ГИШҮҮДИЙГ ТАЛЦУУЛСАН 3.5 ТЭРБУМЫН НӨХӨН СЭРГЭЭХ ТӨВ
Сэлэнгэ аймагт нийт 113 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр хэрэгжүүлэх 55 төсөл хэрэгжихээр батлагдаад буй. Тэгвэл түүний дотор мөн л иргэдийн гайхшралыг төрүүлж, тойргоос сонгогдсон гишүүд нь мэтгэлцсэн нэгэн бүтээн байгуулалт анхаарал татаж байна.
Энэ бол бассейны хэрүүл хийж байж батлуулсан нөхөн сэргээх, хүүхэд хөгжил, сургалтын төв. Уг нь бол тус аймагт усан бассейн бий. Гэтэл яагаад заавал дахин барихаар болж, нэршлийг нь сольж төсөвт тусгасан нь маргаантай.
Иймд бид тус нөхөн сэргээх төв зайлшгүй шаардлагатай эсэхийг аймгийн Засаг даргын Тамгын газартай холбогдож асуулаа.
-Сүхбаатар суманд Covid-19-ийн дараах нөхөн сэргээх эмчилгээ, сургалтын төв байгуулахаар төсөвт тусгасан. Энэ яриад байгаа 3.5 тэрбум төгрөгийн ажил бол бассейн биш сэргээн засах төв. Тус төвд нөхөн сэргээх усан эмчилгээ хийхээс гадна зайлшгүй шаардлагатай иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх кабинеттай. Мөн зөвхөн сумын иргэд бус аймгийн бүх иргэн үйлчлүүлэх шийдлийг боловсруулсан. Гадаадын улс оронд зайлшгүй байх шаардлагатайд тооцогддог тус төвийг төсөвт суулгаж өгсөн нь зүйтэй гэсэн юм.
Аймгийн удирдлагууд мэдээж нутагтаа төвлөрүүлсэн төсвөө харлуулахгүйг хичээнэ. Гэсэн ч аймаг, сумдын нэгдсэн эмнэлэг, рашаан сувилал хангалттай байхад мөн усан бассейн хүртэл байхад яагаад заавал энэ төвийг барихаар онцолсон нь гайхшрал төрүүлж байна.
ХОВДОД БАРИГДАХ 16 ТЭРБУМЫН ТЕАТР
Монгол Улсын 2022 оны төсөвт Ховд аймагт нийт 211.8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр болжээ. Тодруулбал, Жаргалант суманд баригдах 2.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй байгууламж.
Ирэх онд 1.4 тэрбум төгрөгөөр уг кино театрыг барина. Мөн 16 тэрбум төгрөгийн олон угсаатны театрын барилгыг ирэх онд долоон тэрбумаар эхлүүлнэ. Аймгийн тухайд сум бүртээ спорт заалны санхүүжилт авахаар тусгасан. Түүний зэрэгцээ кино театрын барилга барих төсвөө улсаас авч байгаа нь олны дургүйцлийг хүргээд байна.
Соёлын төвгүй 30 мянга гаруй иргэнтэй суманд шууд л кино театр барих нь угтаа буруу гэдгийг иргэд хэлж буй. Тиймээс тус сумын удирдлагуудаас төсөвт тусгасан кино театр болон угсаатны театрын талаар тодрууллаа.
Жаргалант суманд ирэх оны төсвөөр үндсэн дөрвөн ажлыг хийнэ. “Шинэ ховд” үйлдвэр технологийн парк, коллежийн барилга, кино театр болон олон угсаатны театрын барилгыг барихаар төсөв батлагдсан. Эдгээр ажлууд нь нутаг орны хувьд ч иргэдийн тухайд ч дэмжиж байгаа зүйлс. Тиймээс шаардлагатай гэж үзсэн учраас төсвийг баталсан гэж бодож байна гэх тайлбарыг нутгийн удирдлага өгсөн юм.
Улсын төсөв уйлдаггүй гэдэг үг бий. Дэлхий нийтээр эдийн засгийн хувьд хүнд хэцүү үеийг туулж байгаа ч монголчууд бадрангуй хэвээр л байна. Үүнийг улсын төсвөөр барихаар санхүүжүүлж буй утгагүй бүтээн байгуулалтын цөөхөн жишээ нотолно. Судалж үзвэл үүнээс ч дор олон төсөл аймгуудын ирэх оны төсөвт тусгагдсан. Улс орноо хөгжүүлж, аймаг орон нутагтаа бодит бүтээн байгуулалт хийдэг сайн жишиг Монгол Улсад хэзээ тогтох вэ?
Холбоотой мэдээ