Хятад танк биш хакеруудаас л айх цаг иржээ!

Хуучирсан мэдээ: 2021.11.18-нд нийтлэгдсэн

Хятад танк биш хакеруудаас л айх цаг иржээ!

Хятад танк биш хакеруудаас л айх цаг иржээ!

Цагдаагийн ерөнхий газрын харъяа хоёр ч цахим хуудсыг өчигдөр гаднаас хакердсан. Цагдаа нар нь өөрсдөө мэдээгүй сууж байхад халдлага үйлдсэн хакерууд нь зарлачихаж. Уг халдлагыг Иракийн Курдистанаас гаралтай "1877 Team" үйлджээ. Тэд долоо хоногийн дотор Монгол руу хоёр удаа халдлага үйлдсэн нь энэ агаад Монголбанкны цахим хуудсыг хакердсанаа “гайхуулж” байсан бол энэ удаад Монголын аюулгүй байдлын газрын цахим хуудсанд халдсан болохоо зарласан байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хоёр ч чухал объект руу цахим халдлага үйлдсэн нь өдгөө Хятад танкаас биш гадаадын хакеруудаас айж, болгоомжлох цаг ирсний анхааруулга боллоо. Товчхондоо Монголд мэдээллийн аюултай байдал үүссэн байна гэсэн үг. Төмөр замаар хятадууд биднийг эзлэхгүй гэдгийг ойлгосон байх. Тэр тусмаа цэрэг, танкны үлгэр нь улс төрийн зохиол байсныг.

Төв банк өмнө нь гурван удаа, тодруулбал 2003 оны наймдугаар сарын 27, 2004 оны наймдугаар сарын 4, 2021 оны дөрөвдүгээр сарын 7-нд цахим халдлагад өртөж байжээ. Өнгөрсөн 2020 онд  Хятадын төрийн дэмжлэгтэй APT хакерын бүлэглэл Монгол Улсын төрийн байгууллагуудын нэгдсэн сүлжээ болох ABLE Software руу халдсан талаар Словакийн ESET цахим аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлдэг компани мэдээлсэн. Уг нэгдсэн сүлжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Архивын ерөнхий газар болон орон нутгийн засаг захиргаа зэрэг 430 гаруй байгууллага ашигладаг агаад хакерууд цахим халдлага хийх вирусийн программаа 2018 оноос ABLE рүү суулгаж эхэлсэн байж болзошгүй гэж таамаглаад өнгөрсөн.

Энэ нь Монголын төрийн байгууллагуудын цахим аюулгүй байдал сул байгаагийн маш тод илрэл агаад үндэсний аюулгүй байдалд ч асуудал дагуулж мэдэхээр болжээ. Саяхан гэхэд л Монгол Улсын 2.3 сая иргэний нэр, утас, регистрийн дугаар, мэйл, гэрийн хаяг, банкны дансыг хакердаж, улмаар олон улсын хакерын форум дээр зарж байгаа гэх мэдээлэл цацагдсан. Тэрхүү мэдээлэл Монголын хэвлэлээр орчуулагдах хүртэл манай цагдаа, тагнуулынхан энэ халдлагыг мэдээгүй нүдэн балай, чихэн дүлий явсан хэрэг. Хүн амын бараг талаас илүү хувийнх нь мэдээлэл алдагдчихаад байхад шүү дээ. Ийм хүмүүс яаж хэргийн эзэн хэнгэргийн дохиурыг олж чадах билээ. Үнэндээ “Холбогдох байгууллагууд шалгалт хийж байна” гэхээс өөр хэлэх тайлбаргүй л сууж байна шүү дээ. Хэдэн жилийн өмнө, чуулганы хуралдаанаар төмөр замын царигийн асуудал хэлэлцэх үеэр гишүүдийн утсанд гадаадаас мессэж дуудлага ирсэн, үүнийг хэн үйлдсэн болохыг бас л олж чадаагүй, нэг оройны сошиалын шуугиан болоод өнгөрсөн юм даг.

УИХ өнгөрөгч Баасан гаригт 2022 оны улсын төсвийг батлахдаа шинээр байгуулагдах хоёр яамны орлого, зарлагыг суулгаж өгсөн. Нэг нь, Эдийн засаг хөгжлийн яам, нөгөө нь Цахим хөгжил, харилцаа холбооны яам. Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан цахим үндэстэн болох зорилтын хүрээнд байгуулж буй агаад шинэ сайдад горилогчид хэвлэлээр хэдийнэ өөрийгөө сэвүүлэхийг зэрэгцээ өрсөлдөгчдөө ч багагүй харлуулах болсон.

“Дижитал үндэстэн” болох Засгийн газрын гол зорилго нь төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, хүнд сурталгүй, ил тод байлгах. Ингэснээр төрийн албан дахь авлига буурна гэж Засгийн газар тооцож буй юм.  Монгол Улс өнгөрсөн оноос цахим үндэстэн болох зорилт дэвшүүлж, “E-Mongolia” цонхонд төрийн байгууллагуудын салангид үйлчилгээг нэгтгэх шийдвэр гаргаж байлаа. Тухайн үед 23 байгууллагын 181 үйлчилгээг авах боломжтой байсан бол өнөөдөр 56 байгууллагын 540 гаруй үйлчилгээг “E-Mongolia”-д нэгтгэжээ.

Энэ бол төрийн хийх ёстой ажил мөн үү гэвэл мөн л дөө. Ганц зөвшөөрөл авах гэж олон хүний гарын үсэг цуглуулах хэрэгтэй болдог. Гарын үсэг болгон нь өөрийн авлигын үнэтэй, үүнээс болж төрийн алба бүхэлдээ авлигын үүр уурхай болсон. Тэгэхээр цахим үндэстэн болох нь нэг талаар төрийн авлига хүнд суртлыг бууруулах нөгөө талаар иргэдийнхээ ажлыг хөнгөвчилж, цагийг хэмнэнэ гэсэн үг.

Гэхдээ хамгийн том эрсдэл нь мэдээллийн аюулгүй байдал. Монголын төрийн байгууллагад мэргэжлийн боловсон хүчин бараг байдаггүй, тэгэхээр улс орны мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах мэргэжлийн, мэргэшсэн хүний нөөц төрийн байгууллагууд, цагдаа, тагнуул, хувийн хэвшлийнхэнд нэн шаардлагатай болсны дохио энэ болов. Ерөнхийдөө энэ чиглэлээр мэргэшсэн цагдаа, тагнуулын ажилтнуудыг бэлтгэх кибер довтолгооноос хамгаалах техник, технологио хангах ёстой болж байна. Ямар ч тэнэг хакер танайхыг хакердлаа шүү гэж хэлэхгүй нь мэдээж. Нөгөө “Юмаа нуухгүй бол нүдээ нуухгүй” гэгчээр мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалж чадахгүй бол хакеруудад хямдхан хоол болно.

Зөвхөн төр гэлтгүй иргэд өөрсдөө цахим аюулгүй байдлаа хамгаалах шаардлагатайг жилээс жилд өсч буй цахим залилангийн гэмт хэргийн тооноос харчих хэрэгтэй.

Сүүлийн жилүүдэд цахим залилан, луйврын шинжтэй гэмт хэрэг ихэссэн, хэргийн улмаас иргэд аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохирол 2016 онд хоёр тэрбум орчим төгрөг байсан бол таван жилийн дотор 30 дахин өсч. 2017 онд 6.4 тэрбэр, 2018 онд 9.9 тэрбум, 2019 онд 13 тэрбум, 2020 онд 67,2 тэрбум төгрөгийг цахимаар луйвардуулсан гэхээр.

Иргэд интернэт банк, мобайл банк зэрэг үйлчилгээг хэрэглээндээ ашигладаг болсон. Бэлэн бусаар гүйлгээ хийдэг энэхүү системийг дагаад иргэдийн данснаас мөнгө алдагдсан гэх гомдол цагдаагийн байгууллагад ирэх нь эрс өсчээ. Монголчууд болсон хойно, амар хялбар аргаар мөнгө олох гээд элдвийн азтан шалгаруулах сугалааны доор гар утас, регистрийн дугаараа биччихдэг. Эргээд гэмт хэргийн золиос амархан гэгч болдог.

Хятад танкнаас айж суухаар мэдээллийн аюулгүй байдлаа монголчууд хамгаалж сурах хэрэгтэй болсон байна. Ганцхан товчлуур дарахад улсаараа халдлагад өртөхгүй, үндэсний аюулгүй байдлаа алдахгүй гэсэн баталгаа даанч алга.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
11
ХарамсалтайХарамсалтай
10
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж