Барилгын хөгжлийг ногоон барилга тодорхойлно

Хуучирсан мэдээ: 2021.11.18-нд нийтлэгдсэн

Барилгын хөгжлийг ногоон барилга тодорхойлно

Барилгын хөгжлийг ногоон барилга тодорхойлно

Бизнес инкубатор төвд барилгын салбарын мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэн эрчим хүчний үр ашиг хийгээд, “Ногоон барилга”, түүний үнэлгээний системүүд EDGE болон стандарт, программ хангамжийн ойлголтыг нэмэгдүүлэх форум болж өндөрлөлөө. Тус хэлэлцүүлэгт “Улаанбаатар хотын 2040” он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Нэг төвт” хотоос “Олон төвт” хот болгон хөгжүүлэх асуудал яригджээ.

Түүнчлэн агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, барилга байгууламжид сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлсэн ногоон орон сууц бүхий эко хороолол байгуулж, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зорилготой аж. Мөн орон сууцны олон төрөл хэлбэрийг хөгжүүлэн бага, дунд орлоготой иргэдийг хэрхэн хүртээмжтэйгээр хамруулах талаар хэлэлцсэн нь онцлог байв.

Хамгийн гол нь хотын эдийн засгийг тэлэх шинэ орон зайн боломжийг бий болгохын тулд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гэр хорооллын зургаан дэд төвд “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц”-ны төсөл хэрэгжүүлэн ажиллахыг зорьжээ.

Тус семинарт нийт 50 гаруй хувийн хэвшил, төрийн бус байгууллага оролцсон бөгөөд ногоон барилгын үнэлгээний систем болох "EDGE"-ийн талаар санал бодлоо солилцлоо. “Ногоон барилга” хөгжүүлэх тал дээр улс орон бүр анхаарал хандуулах болсон юм. Учир нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд ээлтэйгээр нөөцийг үр ашигтай байлгах шийдэл олоход оршино.

Мөнхүү ногоон барилгын үзэл баримтлал нь ногоон эдийн засаг, ногоон хөгжил, цаашилбал тогтвортой хөгжлийн үндэс болдог. Тиймээс дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, олон улсын ногоон барилгын системүүдийн хөгжил шинэчлэлтэй нийцүүлж, барилгын салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, нэгдсэн ойлголттой болох зайлшгүй шаардлага үүсч байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч, Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар семинарын үеэр онцолсон юм.

П.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж