Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт жирэмсэн эх эмнэлгийн тусламж авч чадалгүй өөрөө төрж, улмаар нас барсан байж болзошгүй хэрэг гарчээ. Аймгийн нэгдсэн эмнэлэгт арваннэгдүгээр сарын 11-нд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын алба хаагчид шалгалтаар очсон. Энэ үеэр эмнэлгийн эмч, ажилчид нь дагаж явж байх зуур төрөхөөр очсон жирэмсэн эх эмчийн тусламж авч чадалгүй хүүхдээ өөрөө төрүүлсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ.
Цагдаагийн байгууллагад 2021 оны арваннэгдүгээр сарын 11-ний 19:55 цагт Архангай аймагт “Төрөх тасагт хүн нас барсан байна” гэх мэдээлэл иржээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тодруулахад “Тухайн өдөр мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар ч хяналт шалгалт хийгээгүй. Орон нутгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарыг нэг дор цуглуулаагүй, ажлаа хэвийн хийж байсан. Ташаа мэдээлэл гэдгийг Архангай аймгийн нэгдсэн эмнэлгээс мэдээлсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас орон нутагт очиж, ажиллаагүй” гэсэн хариулт өгөв. Харин Цагдаагийн ерөнхий газраас “Хэрэг гарсан Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгээс холбоотой мэдээллийг авч байна. Удахгүй мэдээлэл өгнө” гэв.
"ЭМНЭЛГИЙН ТӨРӨХ ТАСАГТ ШАЛГАЛТ ХИЙГЭЭГҮЙ"
Энэ талаар тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Энх-Амараас тодрууллаа.
-Аймгийн Нэгдсэн эмнэлэгт жирэмсэн эх хүүхдээ төрүүлээд нас барсан байна. Тухайн өдөр яг юу болсон юм бэ?
-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт арваннэгдүгээр сарын 11-нд 37 настай эх нас барсан. Тухайн эх төрөх дөхчихсөн, арваннэгдүгээр сарын 10-нд эмнэлэгт хэвтсэн. Гэнэт биеийн байдал нь муудаж, амьсгалын дутагдалд орж нас барсан. Эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт хараахан гараагүй байна.
-Мэргэжлийн хяналтын газраас эмнэлэгт хяналт шалгалт хийж байсан гэсэн үү?
-Орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөт шалгалтаар таван байцаагч тухайн өдөр ирж, шалгалт хийсэн. Гэхдээ эмнэлгийн төрөх тасагт шалгалт хийгээгүй. Эрүүл мэндийн газрын байранд хяналт үнэлгээгээ хийж байсан. Тухайн үед эмч нар ажлаа цалгардуулаагүй. Ар гэрийнхэнд нь дутуу дулимаг мэдээлэл өгсний улмаас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Хэргийг шалгаж байна. Нярайн биеийн байдал хэвийн, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
-Тухайн эх өөрөө хүүхдээ төрүүлсэн гэж үнэн үү?
-Тухайн эх ямар нэгэн хагалгаа хийлгээгүй, өөрөөр нь эмч нар төрүүлсэн гэсэн үг. Тэр өдөр нэг үйлчлэгч, хагалгааны сувилагч байж, арга хэмжээ шуурхай авсан боловч амь насыг нь аварч чадаагүй. Маш харамсалтай явдал боллоо. Тухайн эхийн дөрөв дэх төрөлт байсан. Албаны ёсны дүгнэлт гарсны дараа асуудал тодорхой болно.