Монголын үндэсний олимпийн хороо (МҮОХ)-ны Гүйцэтгэх зөвлөл өчигдөр (2021.11.17) хуралдаж, ирэх сарын 30-ны өдөр товлогдоод байсан МҮОХ-ны VIII чуулганыг хойшлуулах, үүсээд буй нөхцөл байдлын тухай хэлэлцэн шийдвэр гаргасан байна. МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс гишүүдийн ээлжит бус хурлыг 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд зохион байгуулахаар тогтжээ. Тус хурлаар чуулганы шинэ товыг зарлаж, хараат бус сонгуулийн комиссыг шинээр байгуулах юм.
МҮОХ VIII чуулганаа арваннэгдүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулах товыг өнгөрсөн наймдугаар сарын 26-нд болсон нийт гишүүдийн хурлаар тогтож, хараат бус сонгуулийн комисс байгуулсан билээ. Тус комисс нь дүрмийн дагуу гишүүн байгууллагуудад мэдээлэл хүргүүлж, чуулганы төлөөлөгчид болон нэр дэвшигчдийн анкет, материалыг хүлээн авах зэрэг бэлтгэл ажлыг шат дараатай гүйцэтгэн ажиллаж байв. Гэвч комиссын нэгэн гишүүн эрүүл мэндийн шалтгааны улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн байна.
Мөн МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн нэр бүхий гишүүнээс хараат бус сонгуулийн комисст хандан гомдол гаргажээ. Уг гомдолд “Хараат бус сонгуулийн комиссын гишүүд бусдын нөлөөнд авталгүй, хараат бусаар үйл ажиллагаа явуулах чадамжгүй байна. Сонгуулийн үйл ажиллагааг шударга явуулна гэдэгт эргэлзэж байна” гэж дурджээ.
Уг асуудлуудын хүрээнд хараат бус сонгуулийн комисс хуралдаж, ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон тухай тайлбараа МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд ирүүлсэн байна.
Дээрх шалтгааны улмаас МҮОХ-ны чуулганыг тодорхой хугацаагаар хойшлуулах нөхцөл байдал үүсээд буй бөгөөд МҮОХ-ны дүрмийн дагуу хараат бус сонгуулийн комиссыг Гишүүдийн хурлаас томилох ёстой. Харин Гишүүдийн хурлыг хурал болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө зарлах дүрмийн заалттай юм.
Холбоотой мэдээ