Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч дуучин Э.Амартүвшин ирэх сард Лондон хотноо “Набукко” дуурийн гол дүрд тоглох аж. Тодруулбал, Лондон хотын “Royal Opera House”-т арванхоёрдугаар сарын 20-ноос нэгдүгээр сарын 23-ны өдрүүдэд гол дүрд дуулахаар болжээ. Тэрбээр арваннэгдүгээр сарын 9-нд Австри улсын нийслэл Вена хотын Дуурийн театрт дэлхийн сор болсон дуучидтай "Навукко" дуурийн гол дүрд дуулсан байна.
Э.Амартүвшин дэлхийн нэр хүндтэй театруудад тоглолтоо үргэлжлүүлж, дэлхийн шилдэг баритон гэдгээ баталсаар байна. Тэрбээр 2021 оны долоо, есдүгээр саруудад Италийн Верона хотноо “Набукко” дуурьд дуулсан бол арваннэгдүгээр сард Австрийн нийслэл Вена хотын Дуурийн театрт дэлхийн сор болсон ододтой гол дүрд тоглоод буй. Энэ тоглолтын дараагаар 2022 онд Лондон, Мадрид хотноо мөн "Набукко" дуурь, Италийн Милан хотноо “Риголетто” дуурьд тус тус тоглох хуваарьтай аж.
Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин олон улсын дуурийн найм дахь удаагийн "Дуурийн од" буюу дуурийн "Оскар” шагнал хүртсэн билээ. Тэрбээр энэ хүндтэй шагналыг 2021 оны арванхоёрдугаар сарын 29-нд Дубай хотноо гардаж авах юм.
Э.Амартүвшин П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуучдын уралдааны дэд байр, 2012 оны Пласидо Домингогийн нэрэмжит уралдааны Гран при, Английн BBC агентлагийн “Cardiff Singer of the World 2015” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал, Солонгосын нийслэл Сөүлд болсон олон улсын тэмцээний гуравдугаар байрын шагнал тус тус хүртэж байв.