Гал түймрийн улмаас өчигдөр (2021.11.17) хүүхэд нас барсан харамсалтай осол гарчээ. Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, Баян-Өлгий аймгийн Буянт сумын дөрөвдүгээр баг, Шар тохой гэх газарт түймэр гарсан байна. Галын дуудлага 15:00 цагийн орчимд тус аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн бол алба хаагчид 18:00 цагт очжээ.
Гал унтраах аврах багийнхныг ослын газар очиход таван ханатай гэр шатаж, найман настай охин амь насаа алдсан болохыг нь тогтоожээ. Урьдчилсан байдлаар галын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй болохыг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн юм. Энэ тухай тодруулахад “Буянт сум нь аймгийн төвөөс 70 км-ын зайтай байдаг тул Онцгой байдлын газрын харъяа нэгж хэсэг байрладаггүй.
Галын дуудлага өчигдөр Баян-Өлгий аймагт 14:47 цагт (Улаанбаатарын цагаар 15:55 цаг) Засаг даргын Тамгын газраас цагдаагийн байгууллагад мэдээлснээр, онцгой байдлын газарт бүртгэгдсэн. Энэ дагуу Буянт сумын гал унтраах албаны зургаан албан хаагч очиход иргэн Ж-гийн таван ханатай гэр шатсан байсан.
Ослын газарт цагдаа, шүүх, онцгой байдлын алба хаагчдын бүрэлдэхүүн ажиллаж байна. Иймд галын шалтгаан нөхцөлийг одоогоор эцэслэн дүгнээгүй байна” гэлээ.
Албаны хүний өгсөн мэдээллээр, гэр шатах үед хөрш нь болох хоёр иргэн галыг унтраах гэж оролдсон ч чадаагүй байна. Учир нь, дүрэлзсэн гал руу орж, хүүхдийг аврах боломжгүй байсныг хөршүүд нь хэлсэн гэнэ. Мөн нэг иргэн “200 метрийн цаана гал гарч байна” гэх дуудлага сумын Засаг даргын Тамгын газарт өгснөөр цагдаа, Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.
Иргэн Ж-гийнх гурван хүүхэдтэй бөгөөд ах, эгч хоёр нь хичээлдээ явсан хойно золгүй осол гарсныг албаны хүн мэдээлэв.
Улсын хэмжээнд он гарснаас хойш 2349 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгдэж, 57 иргэн амь насаа алдсан байна. Үүний 44 нь том хүн, 13 нь хүүхэд байсан аж.
Холбоотой мэдээ