"Би хэний ч нөлөөнд автахгүйгээр ажиллаж чадна"
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун:
-Би шүүхийн байгууллагад 20 гаруй жил ажилласан. Албан тушаалаасаа чөлөөлөгдөөд, хоёр жил болж байна. Би ШЕЗ-ийн гишүүн, шүүхийн захиргааны ажилтан биш. Тиймээс би хуулийн хориглох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Шүүхийн ажлын онцлогийг би сайн мэднэ. Тиймээс тавигдах мэргэжлийн болон ёс зүйн стандартад захирагдаж, хэний ч нөлөөнд автахгүйгээр ажиллаж чадна. Шулуухан хэлэхэд намайг нөлөөнд автах вий гэж хардах үндэслэлтэй ч би хэн нэгний нөлөөнд автахгүй.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
–Миний хувьд нэр дэвшигчдийг сайлах, муулах байр суурь баримтлахгүй гэдгээ нээлттэй сонсголын үеэр хэлсэн. ШЕЗ болон Шүүхийн сахилгын хороо нь Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдэл гэдэг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчөөс хараат бус бие даасан байх, эргээд хяналт тавих байгууллага. Тиймээс Үндсэн хуулийн суурь зарчимд хүндэтгэлтэй хандах нь чухал. Та бүхэн томилогдсоны дараа шударга бусын хонгилыг нурааж, шударга ёсны хүсэмжлэлийн төлөө хийсэн реформыг баллуурдах, халтардуулах хууль бус ёс зүйн зөрчил гаргасан хэн ч байсан та нар хариуцлага тооцох ёстой. Би таван нэр дэвшигчээс хоёр хүнийг танина. Би Ц.Давхарбаяр багшаар 26 жилийн өмнө оюутан байхдаа хичээл заалгаж байсан. Тэгэхээр Ц.Давхарбаяр багшаар хичээл заалгаж явсан хүн УИХ-ын гишүүд дунд хичнээн байна вэ?
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Ц.Давхарбаяр:
-Би их олон шавьтай. УИХ-ын гишүүдээс дурдвал Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Б.Баярсайхан нар байх шиг байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлаар УИХ-ын удирдлагад хандаж хэдэн үг хэлье. Doublestandart гаргахгүй, үзэмжээрээ асуудалд хандахгүй байх үүрэг УИХ-ын дарга, дэд дарга нарт байна. Энэ юмаа тодорхой болго. Нэг ангийн биш хүмүүс санал хураалтад орж болохгүй бол тэрийг нь тогтоо. Та нараас болж гишүүд янз бүрийн асуудалд орж болохгүй биз дээ. Ёс зүйн дүрэмдээ тэрийгээ тусга. Т.Аюурсайхан гишүүн өнгөрсөн жил төрийн бус байгууллагын асуудлаар УИХ-ын гишүүд хавсарч ажиллаж болох тухай тогтоолын төсөл оруулж ирээд, сонирхлын зөрчлийн үүд хаалгыг өөрөө нээсэн. Нэг ангийн биш хэрнээ л би цоллогдож байна. Одоогийн болж байгаа процесс зөв ч цаашдаа ийм асуудал гаргаж болохгүй. Намайг ШЕЗ-ийн томилгоонд орж болохгүй гэвэл би оролцохгүй. Би өөрөө шүүхийн хуулийн хэрэгжилтийн ажлын хэсгийн ахлагч. Тиймээс зүтгэж яваа хүнтэй нь холбоотой хардлага яваад байхаар онцгүй л байдаг юм байна. Би ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг томилох томилгоонд оролцохгүй гэж бодож байна. Дараа дараагийн гишүүд томилгооны сонсгол болгон дээр ярих биш гишүүд өөрсдөө мэдүүлэг өгдөг болмоор байна. Нэр дэвшигч Х.Хашбаатар гишүүдийн ХОМ-ийг хариуцаж байсан хүн. Таны хувьд АТГ-д ажиллаж байсан хүн. Нэг ангийн биш нэг төгсөлтийнхөн ашиг сонирхлын зөрчилд орно гэж тооцох уу. Хууль хэрэглэдэг хүн өөрөө нэр дэвшиж байгаа учраас асууж байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын асуултад Х.Хашбаатарыг хууль хэрэглэж эхлээгүй гэх шалтгаанаар хариулах боломжгүйг УИХ-ын дарга хэлэв.
УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч дууслаа. Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарыг томилохыг гишүүдийн олонх нь дэмжлээ.
Нийгэмд шударга ёс тогтоох иргэдийн хүсэмжлэл өндөр байна
УИХ үргэлжүүлэн Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийн томилгооны асуудлыг хэлэлцэж байна.
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нар нэр дэвшээд байна. УИХ-ын гишүүд тэднээс асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
-Нэр дэвшигчдийн гэр бүл, хамаатан садан төрлөөс шүүхэд ажилладаг хүн бий юу?
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Х.Хашбаатар:
-Хамаарал бүхий хүн байхгүй.
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Ц.Давхарбаяр:
-Хамаарал бүхий этгээд байхгүй.
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Ариунтуяа:
-Манай ах Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажилладаг. Шүүхийн тухай хуулиар хамаарал бүхий этгээд шүүгчээр ажилладаг тохиолдолд татгалзах гэсэн зүйл заалт бий. Хориглосон зохицуулалт байхгүй.
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Мягмарцэрэн:
-Шүүхэд надтай хамаарал бүхий хүн ажилладаггүй.
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун:
-Манай гэр бүлийн хүн Улсын дээд шүүхэд ажилладаг.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Хариуцлагатай ажил гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Нийгэмд шударга ёс тогтоох иргэдийн хүсэмжлэл өндөр байна. Энэ асуудал шүүхийг шударга болгохоос эхэлнэ. Шүүх эрх мэдэлтэй нэгэн, энгийн иргэдэд хоёр өөр ханддаг, шударга бус байна гэдэг хандлага их байгаа. Шударга нийгмийг хүсэж буй иргэдийн хүсэлтэд хариу болгож Үндсэн хуулийг өөрчилсөн.
Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу анх удаа Сахилгын хороог байгуулах гэж байна. Энэхүү байгууллагын төлөөллүүд анхнаасаа чин үнэнчээр ажиллаасай гэж хүсч байна. УИХ-ын гишүүдэд өөрсдийн итгэл үнэмшлээр саналаа өгөх боломж олгомоор юм. Байнгын хорооноос таван хүн оруулаад ирдэг. Дэмжих хэцүү, дэмжихгүй байх бас хэцүү. Ийм асуудал тулгаад байгааг өөрчлөх ёстой.
Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн дотор өөрсдийн итгэл үнэмшлээр дэмжихэд хүндрэлтэй хүмүүс байна. Д.Ариунтуяа нэр дэвшигчийн ах нь нийслэлийн захиргааны шүүхэд ажилладаг гэж байна. Энэ нь цаашид ашиг сонирхлын зөрчил болохгүй юу. Д.Эрдэнэнчулуун нэр дэвшигч манай гэр бүлийн хүний асуудал ороод ирвэл татгалзана гэх юм. Татгалзсанаар энэ асуудал шийдэгдэхгүй. Гэр бүлийнх нь хүний хамаарал бүхий олон шүүгч бий. Мөн Д.Эрдэнэчулуун нэр дэвшигч ШЕЗ-ийн гишүүнээр зургаан жил ажилласан. Сонгон шалгаруулж нэр дэвшүүлсэн олон шүүгч ажиллаж байгаа байх.
Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-Үндсэн хуульд орсон томоохон өөрчлөлт бол Шүүхийн сахилгын хороо. Шүүгч бус гишүүдийг олон нийтэд нээлттэйгээр ажлын хэсэг байгуулагдан шалгаруулж УИХ-д оруулах хуультай. Нэр дэвшсэн 28 хүнээс 24 хүн сонгон шалгаруулалтад оролцож, таван хүн олонхын санал авсан. Хууль зүйн байнгын хороо таван нэр дэвшигчийг дэмжсэн.
Байнгын хорооноос гуравдугаар сард сонгон шалгаруулах журам баталсан. Тус журмын 2.2-т “Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь шүүхийн тухай хуулийн 95.3, 95.4, 95.8-д заасан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн байна” гэж заасан. Шүүгч, өмгөөлөгч, шүүхийн захиргааны ажилтан, болон ШЕЗ-ийн гишүүнээр ажиллахгүй байгаа гэх заалтыг ажлын хэсгийн журамд нэмж оруулсан. Өөрөөр хэлбэл, хуульд байгаагаас гадна нэмж шалгуур тавьсан. Өөрөөр хэлбэл, ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаагүй биш ажиллахгүй байгаа гэсэн шалгуур бий. Хуульд байхгүй шалгуурыг нэмж оруулсан. Хууль болон журмын дагуу сонгон шалгаруулалтыг хийсэн. Үүнд өмнө нь ШЕЗ-д ажиллаж байсан гэдэг нь хамаарахгүй. Одоо ажиллахгүй байгаа гэдэг нь хамаарна.
УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж, тулгаж оруулж ирж байгаа асуудал байхгүй. Дэмжихгүй бол таван нэр дэвшигч тавуулаа ч унах, сугараад үлдэх ч боломжтой.
"Бид хоёрыг уулзаж байсныг харсан хүн байвал хэлээрэй"
Санал хураахаас өмнө нэр дэвшигчидтэй нэг сургуульд суралцаж байсан УИХ-ын гишүүдээс тайлбар авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Нэр дэвшигч Н.Баасанжавтай би нэг анги биш. Уулзаж, ярилцаж байгаагүй. Бусад нэр дэвшигчдийг огт танихгүй. Ашиг сонирхлын Зөрчлийн хуулийг би өөрөө анх санаачилсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байхдаа би батлуулсан. Би бүх нэр томъёогоо мэднэ. Би шударга ёсны дүр эсгэж явдаггүй. Удахгүй төрийн өмчит компаниудын авлигын асуудлаар ажиллана гэж бодож байна. Сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлуудыг би гаргахгүй. Би маш цэвэрхэн ажилладаг. Би хуульд захирагддаг. Т.Аюурсайхан бид хоёр ойрын хэдэн жил шударга ёсны хэмжүүрээр орох байх. Хоёулаа шүүгдээд ирэхээр хэн нь хэн бэ гэдэг нь харагдана.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Нэр дэвшигч Н.Отгончимэг надтай нэг оны төгсөлт гэж хэлсэн. Бид хоёр нэг анги биш. Оюутан байхдаа ч Н.Отгончимэгтэй уулзаж байгаагүй. Хамгийн сүүлд хэзээ уулзсан билээ гээд сая бодоод сууж байлаа. Таван жилийн өмнө Төрийн ордонд нэг таарч байсан. Дахиж уулзаагүй. Бодит байдал ийм л байна. Нэр дэвшигч Д.Эрдэнэчимэгтэй магистрт нэг анги байснаа би өөрөө санадаггүй. Магистр нь диплом хамгаалдаг учраас нэг ангид суудаггүй. Нэг удаа ч үг сольж үзээгүй. Бид хоёрыг уулзаж байсныг харсан хүн байвал хэлээрэй. Тиймээс би ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох асуудлаар тав хоногийн завсарлага авах санал гаргав. Улмаар УИХ-ын дарга АН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өглөө.
"Улс төрийн зорилгоор шүүгчдийг бүх шатанд завхруулсан"
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
–Шүүхийг хараат бус болгох Үндсэн хуулийн өөрчлөлт маш сайн болсон. Намайг Ерөнхий сайд байх үед бид алдаа гаргасан. Шүүхээс гурав, хоёрыг хажуугаас нийт таван хүнтэй болгож цомхотгосон. Тэр нь шийдвэр гаргахдаа маш их нөлөөлөлд орсон. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр дээрх алдаа засагдана. Шүүхийн тухай хуульд бас өөрчлөх ганц нэг зүйл бий. Би шударга ёсыг тогтоох гэж УИХ-д орж ирсэн. Тиймээс бүх юманд хошуу дүрж яваа. Нэр дэвшигчид шүүгчийг шилж олох зарчмыг юу гэж ойлгодог вэ?
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Эрдэнэчимэг:
-Би 1999 оноос эхлэн Отгонтэнгэр их сургуульд багшилж байна. Хуульчдыг бэлтгэх гал тогоонд нь ажилладаг. Шүүгчийг бакалаврын түвшинд бэлдэхээс нь эхэлж анхаарах ёстой. Сайн бэлтгэгдэж гарсан хуульчид дотроос хамгийн сайныг нь бид шилж сонгоод шүүгчээр ажилуулах ёстой гэдэгт 100 хувь санал нэгддэг. Бакалаврын сургалтад өөрчлөлт оруулахын тулд ШЕЗ сургуулиудад зөвлөгөө өгч ажиллах нь зөв. Хоёрдугаарт оюутнууд шүүхэд их дадлага хийдэг учраас дадлагыг чанартай сайн хийдэг механизм бүрдвэл хүний нөөц сайн бэлтгэгдэнэ.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Н.Баасанжав:
-Оюутан байх цагаас нь эхлээд сургалтын программд анхаарах нь зөв. Хуульч бол тусгай зөвшөөрөлтэй мэргэжил. Хоёр жил мэргэжлийн дадлага гэсэн хугацаа нь ямар ч программгүй явж байгаа учраас үүнийг өөрчлөх шаардлагатай. Тэрхүү программын тодорхой хэсэг нь шүүх дээр ажилладаг байх нь чухал. Би шүүгч болох хүн мөн үү гэдгийг таних хугацаа хэрэгтэй. Хувь хүнийг таних шалгуур дээр онцгой анхаарах хэрэгтэй. Ёс зүйтэй юу гэдгийг асуух биш туршил хийх ёстой. Чанарт анхаарах нь чухал.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Р.Онончимэг:
-Шүүгч хүнийг сонгон шалгаруулахад тухайн хүний зан төлөв маш чухал. Чанартай шүүгч гаргахын тулд зан чанарт нь түлхүү анхаарсан туршилт, ярилцлагыг хийх хэрэгтэй.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Н.Отгончимэг:
-Шүүгчийг шилж олно гэдэг нь хамгийн мундаг хүнийг л олно гэсэн үг. Мэдлэг, ур чадвар, ёс зүй, зан чанар гээд олон шалгуурыг хангасан хүнийг олох хэцүү. ШЕЗ шалгалтын нарийвчилсан үнэлгээний журам батлахаар заасан. Гадаад орны туршлага, сүүлийн үеийн ололт амжилтыг харгалзан үзэх ёстой.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Н.Мөнгөнцэцэг:
-Шүүгчийн өөрийнх нь ёс зүйг би нэгдүгээрт тавина. Намтарын судалгаа, хамт ажиллаж байсан хүн, найз нөхдөөс нь яриа авсны үндсэн дээр олно.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-Улс төрийн зорилгоор шүүгчдийг бүх шатанд завхруулж байсан. Энэ зүйлийг арилгая гэж өөрчлөлт хийсэн. Ер нь жилд 60-80 мянган хэрэг бүх шатны шүүхээр шийдэгддэг. Үүний дийлэнх нь иргэний хэрэг байгаа бөгөөд зах зээлийн харилцаатай холбоотой. Гэтэл улстөрчид үүнд гар дүрдгээс болоод шүүхийн нэр хүндийг унагаж ирсэн. Хамгийн тод жишээ бол цагаан цаасан дээр хараар бичсэн хуулийн тодорхой заалтыг зөрчөөд тухайн УИХ-ын гишүүн байсан хүнийг баривчилж шоронд хийсэн. Улс төрөөс ангид байх гэдэг бол маш том зорилт байсан. Шинэ нийгмийн харилцааны талаар шүүгчдийн мэдлэг их дутмаг. Гэхдээ шүүгчдийн буруу биш. Нийгмээрээ ийм байна. Эргэж буцсан санаа бодолтой хүмүүс бий. Шүүгчдэд эдийн засгийн талаарх мэдлэгийг төлөвшүүлэх хэрэгтэй.
"Дахин сонгон шалгаруулах ажиллагаа явуулах боломжтой"
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
–Ажлын хэсэг яагаад УИХ-ын гишүүдэд сонголт хийх боломж гаргасангүй вэ. Тулгаад таван хүн оруулаад ирэх юм. Ажлын хэсэг сонгон шалгаруулаад ирсэн таван хүнийг бид мэдэхгүй, танихгүй учраас дэмжиж л таарах байх даа. Болдог бол 6-7 хүн оруулж ирээд, УИХ-ын гишүүд хэлэлцэж байгаад, шигших тийм боломж олгосонгүй. Гишүүдэд сонголт хийх боломж алга. Дүрэм журамдаа заавал таван хүн оруулж ирнэ гэж заасан юм уу?
Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 онд хийсэн. Ингэхдээ “ШЕЗ-ийн гишүүдийн тавыг шүүгч дотроос сонгож, бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалт хийж томилно” гэсэн чухал заалт орсон. Шүүхийн тухай хуульд нэр дэвшүүлэх, сонгох, томилох ажиллагааг тодорхой заасан. Үүний дагуу өнгөрсөн гуравдугаар сард ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг сонгох журмыг баталсан. Өмнө нь дарга нар УИХ-д хүнээ санал болгож томилуулдаг байсан. Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шаардлага хангасан иргэд нэрээ дэвшүүлэх эрх нь нээгдсэн. 31 нэр дэвшигчээс 24 нэр дэвшигч сонгон шалгаруулалтад орсон.
Сонгон шалгаруулах ажлын хэсэг 11 хүний бүрэлдэхүүнтэй. Хуулиараа сул орон тоо болон сул орон тоон дээр нэмэх нь хоёр хүнийг байнгын хороон дээр санал болгох ёстой. Ажлын хэсэг долоон хүн оруулж ирэх бололцоо байсан. Гэвч зургаан хүн олонхын санал авсан. Байнгын хороон дээр нэг нэр дэвшигч олонхын санал авч чадаагүй. Хуульд заасны дагуу УИХ-ын чуулганд сул орон тооны тоогоор оруулах ёстой учраас байнгын хороо дээрх таван нэр дэвшигчийг оруулж ирсэн. УИХ-ын гишүүдээс олонхын санал авахгүй бол томилогдохгүй. Таван нэр дэвшигч олонхын санал авч чадахгүй бол байнгын хороон дээр үлдсэн нэр дэвшигчийг дахин оруулж ирэх боломжтой. Цаашлаад дахин сонгон шалгаруулах ажиллагаа явуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдэд нэр дэвшигчдийг томилох эсэх бүрэн эрх нь бий.
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийн томилгоог хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Чуулганы хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны (ШСХ) шүүгч бус гишүүнээр Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарыг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн (ШЕЗ) шүүгч бус гишүүнээр Н.Отгончимэг, Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, Н.Баасанжав, Д.Эрдэнэчимэг нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн (ШЕЗ) шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-ШЕЗ-ийн үндсэн үүрэг нь хүний нөөцийн менежментийн байгууллага. Түүнээс биш хууль хэрэглэдэг байгууллага биш. Шүүгч нарыг бэлтгэх, сонгон шалгаруулах үүрэгтэй. Сонгон шалгаруулалтын дараа байгууллагын менежментийн асуудал чухал. Хамтын удирдлагатай байгууллагад тавигдах хэд хэдэн шаардлага бий. Хамгийн эхний зарчим бол манлайлах ёстой. Хамт олны эвсэг уур амьсгал, бие биеэ нөхөж ажиллах, хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлж ажиллах нь чухал. Тиймээс ШЕЗ-ийн гишүүд үүнд онцгой анхаарч ажиллах шаардлагатай.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
–Бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад удаагүй байна. Шүүхийг улс төрөөс ангид байлгах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн УИХ-ын гишүүд дотор та нартай нэг ангид сурч байсан хүн байна уу. Байвал нэрлээч!
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Эрдэнэчимэг:
–Би 1998 онд Отгонтэнгэр их сургуулийн олон улсын эрхзүйн анги төгссөн. 1992 онд МУИС-д хууль зүйн магистраар суралцсан. Тухайн үед одоогийн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр магистрын зэргээр суралцаж байсан. Өөр хамт суралцаж байсан УИХ-ын гишүүн байхгүй. Гэхдээ Б.Энхбаяр гишүүн бид хоёрын хувьд хамт суралцсанаас өөр холбоо байхгүй.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Н.Мөнгөнцэцэг:
-Би 1997 онд одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн. 2001 онд МУИС-ийн Hууль зүйн сургууль төгссөн. 2008 онд магистр хамгаалсан. Энэ хугацаанд УИХ-ын гишүүдтэй нэг ангид суралцаж байгаагүй. Надад хамаарал бүхий хүн байхгүй.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Р.Онончимэг:
–Би Хэнтий аймагт ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. 2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг дүүргэж, 2003 онд магистрын зэрэг хамгаалсан. 2018 онд докторантад элсэн суралцсан. Энэ хугацаанд надтай хамаарал бүхий нэг ангид суралцаж байсан УИХ-ын гишүүд байхгүй.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Н.Баасанжав:
-Би 1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар гишүүн захиргааны эрхзүйн анги, би эрхзүйн ангийг төгссөн. Бид хоёр нэг оны төгсөлт. Өөр холбоо байхгүй.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Н.Отгончимэг:
-Би 1994 онд Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын сургуулийг төгссөн. УИХ-ын гишүүдээс манай сургуулийг төгссөн хүн байхгүй. 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Нөгөө ангид УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ш.Раднаасэд нар суралцаж байсан.
"Олон нийтээс хөрөнгө татаад, арилжаа нь эхлээгүй 10 койн байна"
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төслийн танилцуулгад “Монгол Улсын хувьд криптовалютыг албан ёсны хууль, эрхзүйн баримт бичгээр зохицуулдаггүй. Төлбөрийн хэрэгсэлд тооцогдохгүй. Монголбанкнаас бүх төрлийн криптовалютыг төлбөрийн хэрэгсэл гэж үздэггүй. Үүнд зөвшөөрөл олгодоггүй. Энэ талаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос тус бүр хоёр удаа олон нийтэд зориулж мэдэгдэл гаргасан. Гэвч Монгол Улсад криптовалютын арилжаа хийдэг, хэд хэдэн цахим хуудас, нэг АТМ байгаа бөгөөд үүнтэй холбоотой үйлчилгээ нь хүлээн зөвшөөрөгдөхгүй. Энэ төрлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа нь технологийн шийдлийг буруугаар ашиглаж, эдийн засгийн хор хөнөөл учирч болох аюул өндөр байна. Иймд Монгол Улсад Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль шаардлагатай” гэжээ.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал:
–Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль нь виртуал хөрөнгийн зах зээлийг харилцааг зохицуулах хууль биш. Энэ нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарт тавигдах шаардлагыг тодорхой болгож байгаа хууль юм. Хамгийн сүүлийн байдлаар СХЗ–оос мэдээлэл авахад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа есөн бирж байна. Одоо хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарт койноо санал болгосон байгаа нийт найман койн, олон нийтээс хөрөнгө татаад арилжаа нь хийгдэж эхлээгүй байгаа 10 койн байгаа гэсэн мэдээлэл өгсөн.
Виртуал хөрөнгө бол төлбөрийн хэрэгсэл, үнэт цаас ч биш. Гэхдээ энэ хууль гарснаар виртуал хөрөнгийг Монгол Улс хориглоогүй бүртгэж эхэлж байгаа гэсэн томъёоллоор явна. Харин Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албан дээр мэдээлэл ирнэ. Янз бүрээр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зорилго бүхий гүйлгээ байвал мэдээллийг нь боловсруулаад, блок хийх эрхүүд нь бусад органик хуулиар зохицуулагдсан учраас энэ ажилд оролцоно.
Төр ямар нэгэн байдлаар тусгай зөвшөөрөл олгоод ажиллаж байгаа зүйл огт байхгүйг сайн ойлгох ёстой. Энэнээс үүссэн эрсдэлийг төр хүлээхгүй. Блокчейнд бүртгэгдэж буй виртуал хөрөнгө бол бүхэлдээ шинэ санхүүгийн арга хэмжээ гэдэг утгаар нь Монгол Улс хориглох бололцоо байхгүй. “Pair to pair” буюу иргэд хоорондоо харилцаж байгаа харилцаанд шууд хяналт тавих боломжгүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хэнээс аваад хаашаа очсон бэ, дансаар бэлэн мөнгө болоод гарч ирж буй үеэс нь эхлээд өмнө нь хэнээс хэнд шилжсэн бэ гэдэг бүртгэл блокчейнд бичигдээд явж байна.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийг гаргах нь цаг хугацааны хувьд бэрхшээлтэй тулгарсан. Нэг талаас ФАТФ-ын зөвлөмж ирчихсэн, нөгөө талаас одоогийн найман биржээр дамжуулаад найман их наяд төгрөг энд орчихсон. Иймээс иргэдийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай. Ямар ч хуулийн зохицуулалт хийгээд виртуал хөрөнгийг зохицуулж чадахгүй. Гэхдээ хөрөнгө оруулагч талын эх үүсвэр тодорхой эсэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх сэдэл байгаа эсэхийг төр хянах ёстой.
"Улаанбаатар төмөр зам" 47.3 тэрбумыг 2021-2025 онд улсын төсөвт төлнө
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Аливаа олон улсын хэлэлцээрүүд 50, 100 жилийн дараа нууцлалаас гардаг. Энэ гэрээг ард түмэнд танилцуулбал яасан юм бэ. Монгол-Оросын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээ яагаад 72 жилийн өмнө байгуулснаараа, өөрчлөгдөхгүй байна вэ. Гэрээний асуудалд ажлын хэсгийнхэн түргэвчил. Дэлгэрэнгүй ярих хэрэгтэй байна. Зээлийн асуудлыг Байнгын хорооны танилцуулгад 2021-2025 оны улсын төсвөөс төлөх гэсэн. Тэгэхээр хоёр улсын хооронд дүрмийн санг тэнцүү нэмж, зөрүү гарч байна. Энэ зөрүүг төлөх асуудлыг ярьж байгаа юм биш үү. Үүнийг тодруулъя.
Сангийн сайд Б.Жавхлан:
-УИХ-ын гишүүн Ц.Тувааны асуултад хариулъя. "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн тарифыг бид чөлөөлж өгөлгүй улс төрийн шийдвэр гаргаснаас хойш 20 гаруй жил боллоо. Энэ аж ахуйн нэгж өөрөө ашиг орлогоороо дүрмийн сангаа нэмэх ямар ч боломжгүй байсан. Сүүлийн жилүүдэд эдийн засаг хүчтэй тэлж байгаа хүрээнд ачаа тээврийн эргэлт нэмэгдсэн учраас ямартай ч хаагдахгүй байгаа юм. Цаашид "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн хүчин чадлыг нэмье гэвэл дүрмийн сангаа л нэмэх ёстой. Тэгэхээр хоёр талаас л 50/50 хувь нэмнэ. Энд яригдаж буй зээлийн 131 тэрбумын 83.7-г нь дүрмийн санд оруулахаар Засгийн газар УИХ-д саналаа оруулж ирж байгаа юм. Энэ нь Монголын төр ойрын хугацаанд хэзээ нэгэн цагт төсвөөс дүрмийн санд өөрийн ногдсон хувь хэмжээг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай. Харин төсвөөс нэмж мөнгө гаргалгүй одоо байгаа авлагаа дүрмийн санд шилжүүлье л гэж байгаа юм. Тиймээс ямар нэгэн хөнгөлөлт чөлөөлөлт байхгүй. Харин ч нэмэлт дарамтгүй шийдэж байгаа ийм асуудал. Зөрүү 47 тэрбум бол үлдэгдэл зээлийнх нь төлбөр. Үүнийг Оросын талтай хэлэлцээр хийж, 2025 он хүртэл зээлийн графикаа төлөх тухай ярьж байгаа юм. Зээлийн үлдэгдэл 131 тэрбум ийм учиртай. Тиймээс улсын төсөвт ямар нэгэн дарамт үүсээгүй, хоёр талдаа харилцан үр ашигтай зээлийн үр дүн.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:
-УИХ-ын гишүүн Ц.Тувааны асуултад нэмж хариулъя. "Улаанбаатар төмөр зам" 47.3 тэрбумыг 2021-2025 онд улсын төсөвт төлнө. Тиймээс 83 тэрбум биш. Энэ нь алданги төлбөр. Өмнө нь төлөөгүй алдагдлаа таван жил хувааж барагдуулна гэсэн үг. Нөгөөтэйгүүр Монгол Улс ОХУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан 1949 оны хэлэлцээр нууцаас гарсан. Энэ нь олон нийтэд нээлттэй. Гэрээг өөрчлөх саналын талаар УИХ-ын гишүүн Ц.Туваанд тусад нь мэдээлэл өгье.
Төмөр замын хувийг Монгол Улс 100 хувь шилжүүлж авах хэрэгтэй
Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Төмөр замтай холбоотой асуудалд салбарын сайд, яамнаас тодруулъя. Монгол-Оросын Засгийн газар хооронд 1949 онд анх гэрээ байгуулсан. Үүнээс хойш 70 гаруй жил өнгөрлөө. Монгол Оросын төмөр замд байгаа 50/50 гэсэн хувийг цаашид яах вэ. Манай улсын нутаг дэвсгэр дэх төмөр замын асуудал. Бусад улсад тухайн үед социалист нийгэмтэй оронд төмөр зам нь тухайн орондоо 100 хувь шилжсэн байдаг. Гэтэл Монголд болохоор төмөр зам нь 50/50 хувьтай. Тусгаар тогтносон улс мөртлөө төмөр замаа бодлогоор шийдэх гэхээр 50/50 хувь асуудал гай болж байгаа л харагддаг. Бид Мянганы сорилтын сангаар төмөр замаа шийдэх гэсэн ч гацсан. Дээр нь Японы Засгийн газрын олгосон 30 жилийн хугацаатай зээлийг төмөр замдаа шингээсэн. Үүний 50 хувийн ашгийг Оросын тал авч байсан нь тодорхой.
Дараа нь зээл төлөх болохоор бид зөрүүг нь улсын төсвөөс төлж эргүүлэн төсөвт төлнө гэдэг зүйл ярьж байх юм. Үүнийг 2022 оны төсөвт хэрхэн тусгасан бэ? Энэ асуудлуудаа улсын төсвөөр ярьж байгаа юу? Оросын талтай бид иж бүрэн төсөл, эрх ашиг, 100 жилийн ой зэрэг өчнөөн том зүйл ярьдаг атал төмөр замын асуудалд нэг хувь ахиулах, аль эсвэл Монголын талд шилжүүлэх асуудлаа ярьж болохгүй юу. Төмөр зам маш чухал.
Эрээний хил хаалттай хүнд цаг үед төмөр замаар бид голоо зогоож байна. Цаашид ямар бодлого баримтлах вэ? Хоёрдугаарт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн замын асуудал яригдаж байна. Үүнтэй холбогдуулан Оросын талаас гацаа орж ирэх, тохирсон асуудал бий юу. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Богдхан төмөр замын нээлт хийсэн. Үүнтэй холбоотой эргэлзээ ч гадуур байна. Уг төмөр замыг Оросын тал зөвшөөрөөгүй гэх. Төмөр замаа барихдаа урьдчилан тооцсон биз дээ. Бөөн төсөл, ажил хэрэгжүүлсний дараа дарга солигддог асуудал байхгүй юу?
Оросын тал төмөр замын асуудалд оролцох эрх нь нээлттэй
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:
-Монголын талд 1949 оны хэлэлцээрийн асуудал үндсэндээ дууссан. "Улаанбаатар төмөр зам" болон Зам, тээврийн хөгжлийн яам саналаа өгсөн. Оросын талтай энэ асуудлыг хэлэлцэх ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэх шатанд үргэлжилж байна. Тиймээс уг асуудал цаашид үргэлжилнэ. Хоёрдугаарт, Улаанбаатар төмөр замын дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлыг 2023 оны улсын төсөвт тусгах учраас ирэх оны төсөвт ямар нэгэн асуудал яригдахгүй. Гуравдугаарт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд холболтын цэгүүдэд "Улаанбаатар төмөр зам"-тай тохирох асуудал шийдэгдсэн. Энд Монголын аж ахуйн нэгжүүд 100 хувь ажиллана. Уг асуудал шийдэгдсэн. Дөрөвдүгээрт, Богдхан төмөр замын тухайд Оросын талд нээлттэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Ерөнхий сайдтай утсаар ярихдаа Элчин сайдтай төрийн айлчлал хийх үеэр бид нээлттэй ярьж байна. ОХУ-ын талаас оролцох талаас Монгол Улс нээлттэй. Техник технологийн хувьд Богдхан төмөр зам нь Улаанбаатар төмөр замын үргэлжлэл болох хамгийн зохимжтой хувилбаруудын нэг. Техник эдийн засгийн үндэслэлийг Оросын талд ойрын хугацаанд танилцуулж хэлэлцээ үргэлжилнэ.
"МонПи 1, 2 төслийн зээлийн үлдэгдлийг бүрэн шийдвэрлэхээр тохиролцсон"
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар дараах танилцуулгыг хийлээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:
-УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ, манай улсын эдийн засаг, нийгмийн байдал хүндхэн байсан. 1990-ээд оны үед Японы Засгийн газар гараа сунгаж, 1-2.6 хувийн үндсэн хүүтэй, 30 жилийн хугацаатай, эхний 10 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй төмөр замыг сэргээн сайжруулах МонПи1, МонПи2 төслийг үе шаттай хэрэгжүүлсэн. Уг төсөл "Улаанбаатар төмөр зам"-ын техник технологийн дэвшил төдийгүй тухайн үед Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулсныг бид мэднэ.
Монгол Улсын Засгийн газар уг зээлийг авсны дараа 2000 онд Сангийн яам "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хооронд дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулахдаа зээлийн хүү 1.2-2.8 хувь, эргэн төлөгдөх хугацаа 25 жил болгосон байдаг. Гэхдээ төрөөс төмөр замыг дэмжин харж үзсэн оновчтой шийдвэр байсныг дурдах нь зүйтэй.
МонПи1, МонПи2 төсөл нь 7.9 тэрбум иень буюу төслөөр авсан серийн зүтгүүр тухайн үедээ түлшний зарцуулалт 20-30 хувь, тос маслын зарцуулалт 18 дахин бага байсан нь Багануур-Улаанбаатар хооронд нүүрс тээвэрлэлтийн 80 орчим хувийг ДАШТ болон серийн хоёр зүтгүүрээр гүйцэтгэсэн байдаг. Мөн ачаа болон зорчигчийн вагон худалдан авсан хэмнэлтийн зөрүүнээс 18 сая ам.доллараар 1400 км урттай шилэн кабелийг төмөр замын шугамын дагуу суурилуулсан нь манай улсад интернэтийн сүлжээний үйлчилгээг бий болгосон анхдагч нь байсан.
Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг 2000-2014 онд нийт 48 төгрөгтэй дүйцэх иенээр зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлж байсан. 2014 оноос хойш валютын ханшийн өсөлт, дизель түлшний онцгой албан татварын төлөлт, ачаа тээвэр эрс багассанаас шалтгаалан зээл болон түүний хүүгийн төлбөр төлөгдөх боломжгүй болсон.
УИХ-ын 2019 оны 52 дугаар тогтоолоор тухайн үеийн зээлийн үлдэгдэл, алдангийн хүүгийн нийт дүнгээс нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортлогдсон дизелийн түлшний онцгой албан татвар төлөгдсөн 73.8 тэрбумыг суутган тооцсон ч одоогоор 131 тэрбумын үлдэгдэл байна.
Монгол Оросын Засгийн газрын 1949 онд онд байгуулсан олон улсын хэлэлцээрээр дизелийн түлшний онцгой албан татвар төлөх үндэслэлгүй байсан. Гэвч зээлийн үндсэн дүнгээс тооцон төлбөрийг барагдуулсан. Хэлэлцэх эсэхийг шийдэх эсэх УИХ-ын тогтоолын төсөлд "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зээлийн үлдэгдэл болох 2.5 тэрбум иенийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн ханшаар тооцож төгрөгт шилжүүлэх, мөн өдрөөс эхлэн зээлийн хүү, алдангийг зогсоох, зээлийн үлдэгдлээс нийгэмлэгийн дүрмийн сангийн Монголын талын хувь хэмжээг 83.7 тэрбумаар, Оросын талын хувь хэмжээг мөн 83.7 тэрбумаар тус тус нэмэгдүүлэх асуудлаар хэлцэл хийх, үлдэгдэл 47.3 тэрбумыг тус нийгэмлэгээс, улсын төсөвт 2021-2025 онд төвлөрүүлэхээр тус тус тусгасан болно.
ОХУ-ын Тээврийн яамнаас ирүүлсэн албан ёсны саналыг хүндэтгэн үзэж, тус улсын Засаг даргын орлогч дарга тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны аравдугаар сард манай улсад ажлын айлчлал хийх үеэр энэ асуудлыг ярилцсны эцэст Монгол Улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагаа, томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх болон Монгол Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд МонПи1,2 төслийн зээлийн үлдэгдлийг бүрэн шийдвэрлэхээр тохиролцсон.
УИХ-ын эрхэм гишүүд ээ
Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн авсан МонПи-1,2 зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.
Чуулган: МАН-ын бүлэг даатгалын компаниудад худалдагдсан
УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарыг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Н.Отгончимэг, Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, Н.Баасанжав, Д.Эрдэнэчимэг нарыг томилуулах эсэх асуудлыг хэлэлцэнэ.
Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар горимын санал гаргав Тэрбээр "Би шударга үнэнийг хэлнэ. МАН-ын бүлэг даатгалын компаниудад худалдагдаж, барьцаалагдсан байна. Хахууль авсан байна. Жолоочийн даатгалын тухай хууль дээр би хоёр горимын санал оруулъя. Нэгдүгээрт, жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль бол өөрөө өөрсдийнхөө төлөө эрсдэлээ хамтаар үүрэх байсан хууль. Энэ нь хувийн өмчтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах хууль. Үүнийг төрд авах асуудал яригдаагүй. Би уг нь энэ хуулийг чимээгүй дэмжинэ гэж бодсон. Жолоочийн даатгалыг төрд авна гэх хар пиарыг даатгалын 14 компанийн эзэд хийсэн. Зарим гишүүд бас ийм утгагүй зүйл ярьсан. Тиймээс даатгалын компани, жолоочдын төлөөллийг хамтад нь оролцуулах хүсэлтэй байна. Төрөөс даатгалын 14 компани 230 тэрбум төгрөгийг төрийн албан журмын даатгалаар жолоочдоос хурааж авдаг. Үүнээс 110 тэрбум төгрөгийг нөхөн олговорт буцааж өгдөг. Үлдсэн мөнгө нь эдгээр компанийн орлого болдог. Төрийн нэр барьж авдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, монополь эрхтэй, төрөөс тусгай зөвшөөрөл авсан 14 компани энэ мөнгийг зарцуулж байна.
Төрөөс жолооч нарын эрхийг хамгаалж, нөхөн төлбөр авахад нь зохицуулалт хийе гэсний төлөө төрд авах гэж байгаа гэх хар пиар л явлаа. Үндсэн хуульд төрөөс эдийн засгийг зохицуулна гэж заасан. Төр авна гээгүй зохицуулалт л хийх гэж байсан. 1 сая жолооч бүгд хувийн өмчтэй. Хувийн өмч, бие биеийнхээ эрсдэлийг хамгаалж үүрэх систем нь өөрсдийнх нь төлөө л байсан. Амь амиа бодоорой гэсэн хатуу ширүүн байдлыг зөөллөх гэж энэ бодлогыг санаачилсан. Жолоочийн албан журмын даатгалыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой. МАН-ын бүлэг үүнийг эргэж нэг хараач" гэлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
ПҮРЭВ, БААСАН ГАРИГ (2021.11.19)-ийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
- “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал
- Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан./
- Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын 20 гишүүн 2021.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
- “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.11.03-ны өдар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Ерөнхий сайдын мэдээлэл: “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар”