"Хойд урсгал 2" саатсанаар Европт байгалийн хийн үнэ эрс нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.11.18-нд нийтлэгдсэн

"Хойд урсгал 2" саатсанаар Европт байгалийн хийн үнэ эрс нэмэгдэв

"Хойд урсгал 2" саатсанаар Европт байгалийн хийн үнэ эрс нэмэгдэв

Германы эрчим хүчний зохицуулах газраас Мягмар гаригт “Хойд урсгал 2” дамжуулах хоолойн зөвшөөрлийг “түр түдгэлзүүлж” байгаагаа мэдэгдсэн юм. Тодруулбал, тус дамжуулах хоолойг төлөвлөх, барьж байгуулах, ашиглалтад оруулах зорилгоор байгуулагдсан "Nord Stream 2 AG" компанийг бие даасан оператор гэж үзэх боломжгүй гэсэн юм. Тус компани Германд бус Швейцарьт байрладаг нь зөвшөөрөл олгохоос татгалзсан гол шалтгаан болжээ.

"Nord Stream 2 AG" нь хий үйлдвэрлэж, тээвэрлэж, түгээж байгаа компаниуд тусдаа байгууллага байхыг заасан Германы хууль тогтоомжийн дагуу охин компаниа байгуулах шаардлагатай болсон юм. Мөн үйл ажиллагааны зөвшөөрөл авахын тулд дамжуулах хоолойн Германы хэсэг, гол капитал хөрөнгө зэргийг охин компанид шилжүүлэх учиртай аж. Мөн Германы эрх баригчид холбогдох шилжүүлэлтийг хууль ёсны дагуу явуулсны эцэст гэрчилгээг олгох боломжтой гэжээ.

“Хойд урсгал 2” барилгын ажил энэ оны есдүгээр сарын 10-нд бүрэн дууссан бөгөөд хий шахаж эхлэхийн өмнө бие даасан тээврийн операторыг бүртгүүлэх шаардлагатай байв. Германы эрх баригчид "хуульд заасан дөрвөн сарын үлдсэн хугацаанд" буюу 2022 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийг хүртэл холбогдох шаардлагыг биелүүлэх хугацаа өгсөн байна. Европын байгалийн нийлүүлэлтийн 40 хувийг Орос дангаар бүрдүүлдэг бөгөөд “Хойд урсгал”, “Ямал-Европ” болон Украины хоолойгоор дамжуулан нийлүүлж байгаа юм.

Хийн хямрал

Ийнхүү Европт хийн нөөц сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хамгийн бага түвшинд хүрч, хийн үнэ дээд үзүүлэлтээр өсч байгаа энэ үед “Хойд урсгал 2”-ыг хойшуулсан нь тив даяар хүнд цохилт болохыг мэргэжилтнүүд анхааруулжээ. Тухайлбал, энэхүү мэдээллийн дараа Их Британи болон Европт хийн үнэ 12 хувиар өссөн талаар “Bloomberg” мэдээлсэн байна.

Угтаа ОХУ-ын байгалийн хийн ордуудаас Европ руу чиглэсэн дамжуулах хоолойн одоогийн хүчин чадлыг Хойд урсгал 2” хоёр дахин нэмэгдүүлэх учиртай байв. Тодруулбал, энэ нь Украины нутгаар дамжин өнгөрөх хоолойг ашиглахгүйгээр Балтийн тэнгис доогуур жил бүр 55 тэрбум шоо метр хийг Герман болон Европын бусад орнуудад хүргэх боломж болох юм.

“Trafigura” худалдааны компанийн гүйцэтгэх захирал Жереми Вайр "Хэрэв Европт хүйтэн өвөл ирвэл цахилгаан тасарч магадгүй гэж санаа зовж байна" гэжээ. Мөн “Bloomberg”-ийн тооцоолсноор “Хойд урсгал 2” дамжуулах хоолой ирэх оны нэгдүгээр сард ашиглалтад орвол гуравдугаар сарын сүүлээр Европ дахь хийн нөөц 17.2 тэрбум шоо метрт хүрч, нөөцийн сан 26 хувиар дүүрэх бол ашиглалтад ороогүй тохиолдолд ердөө (13.7 тэрбум шоо метр) 21 хувийг дүүргэх гэнэ.

Олон улсын байр суурь

Оросын байгалийн хийг Европ руу нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэх нь ханган нийлүүлэгчид болон хэрэглэгчдийн хоорондын шууд хэлэлцээрээс хамаарахыг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Лхагва гаригт мэдэгдсэн юм. Тэрбээр "Хойд урсгал 2-ын гэрчилгээ олгох ажиллагаа нэлээд төвөгтэй үйл явц гэдэг нь анхнаасаа тодорхой байсан” гэжээ. Тиймээс энэ шийдвэрийг улс төржүүлэхгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн байна.

Харин ОХУ-ыг “Хойд урсгал 2”-оор дамжуулан Европт эрчим хүчний нөлөөллөө тогтооно хэмээн болгоомжилж буй зарим орны эрх баригчид үүнээс өөр байр суурьтай байгаа юм. Тухайлбал, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Даваа гаригт “Европын холбоо Украины талд зогсох эсвэл "Хойд урсгал 2"-ыг батлах хоёр сонголтын өмнө ирээд байна” гэсэн юм.

Мөн зөвшөөрлийн үйл явцыг түр хойшлуулах Германы шийдвэрийг Украин сайшаав. Тухайлбал, Украины төрийн эрчим хүчний "Нафтогаз" компанийн гүйцэтгэх захирал Юрий Витренко барууны орнуудыг Газпромын “хуулийн заль мэх"-д автахгүй байхыг уриалсан. Тэрбээр "Nord Stream 2 AG”-ийг зуучлалын компани гэж хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй" гэжээ.

Улмаар Германы хуульд харшилсан энэхүү зөвшөөрөл олгох ажиллагаанд АНУ-ын зүгээс хориг тавихыг уриалсан юм. Мөн Орос улс байгалийн хийг зэвсэг болгон ашиглахаа зогсоож, хууль дүрмийн дагуу ажиллах хүртэл энэ арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой гэжээ. Харин байгалийн хийн экспортын өсөлтийг "Хойд урсгал 2"-той холбон тайлбарладаг Оросын хувьд байр сууриа өөрчлөх эсэх нь тодорхой бус байна.

Эх сурвалж: BLOOMBERG, CNN, TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж