Сурвалжлага: Үйлдвэрлэгч орон болохыг сануулсан урд хөршдөө баярлалаа

Хуучирсан мэдээ: 2021.11.18-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Үйлдвэрлэгч орон болохыг сануулсан урд хөршдөө баярлалаа

Сурвалжлага: Үйлдвэрлэгч орон болохыг сануулсан урд хөршдөө баярлалаа

Олон нийтийн сүлжээнд "Талх чихэр" компанийг сав баглаа боодлын дутагдалд орж, үнээ нэмсэн гэх мэдээлэл гарах болсон. Энэ талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш ярихдаа “Сав баглаа, боодлын дутагдал үнэд нөлөөлсөн. Тухайлбал, "Талх чихэр" компани гэхэд сав баглаа, боодол нь гацсанаас байгаа нөөцдөө тохируулж нийлүүлэлт хийсэн. Сүүлдээ "Атар" талхныхаа савлагааг сольсон” гэжээ. Харин тус компанийн зүгээс мэдээлэл өгөхдөө “Манайд сав баглаа боодол нийлүүлдэг компанийн түүхий эд дууссан учир нөөц боломжоороо л ажиллаж байна” гэв.

Тэднээс гадна мөн "Мон сүү" хүүхдийн сүүний үйлдвэр, KFC зэрэг бүтээгдэхүүнүүдийн сав баглаа боодол, дэмжих материал, түүхий эд хил хаагдсантай холбогдуулан тасалдаж, үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийх нь нэр төрөл багассан билээ. Энэ баглаа, боодлын хомсдол нүүрлэсэнтэй холбоотой аж.

Л.Чой-Иш дарга цааш ярихдаа “БНХАУ-ын үйлдвэрлэлд 3, 4, 5 дугаар саруудад сав баглаа боодлын саатал үүсэх магадлалтай байна. Тиймээс бид урьдчилан сэргийлэх үүднээс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хүнсний бараа, бүтээгдэхүүний гол орц, сав баглаа боодол, бөглөөг нөөцлөх зөвлөмж өгөөд байна” гэв.

Нефть, химийн үйлдвэр хэрэгтэй байна

 "ОБ пластик" компани жижиг, том 3000 гаруй харилцагчтай бөгөөд олон төрлийн сав баглаа боодол үйлдвэрлэдэг Монгол дахь цор ганц компани.  Тэдэнтэй төстэй цөөн төрлийн үйлдвэрлэл явуулдаг 50 гаруй компани бий аж. Одоогоор тус компанид нэг том асуудал байгаа нь түүхий эд. Түүхий эд нь байвал Монгол дахь сав баглаа боодлын үйлдвэрүүд дотоодын хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой гэнэ. Гэхдээ асуудал болоод буй тэдгээр түүхий эдийг нефть болон химийн үйлдвэрээс гарган авдаг ажээ.

"ОБ пластик" нь бид бүхний сайн мэдэх “Атар” талх, “Өд” ариун цэврийн цаас, сүлжээ дэлгүүрүүдийн гялгар уутыг үйлдвэрлэдэг.

“ОБ пластик” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цолмонгэрэл ярихдаа “Манайд түүхий эдийн нөөц долоо хоног хүрэхтэй үгүйтэй үлдэж байна. Бид яам болон Шадар сайдад албан бичиг хүргүүлсэн. Яаманд хүргүүлсэн албан бичгийн хариуд Тяньжин дээр гацчихсан байгаа ачаа руу вагоны хуваарь гаргасан боловч өнөөдрийн байдлаар Хятадын талаас хариу өгөөгүй гээд хүлээгдээд байна. Бид бүх аж ахуй нэгжийнхээ захиалгыг таслахгүй байх үүднээс бага багаар хуваарилалтаа хийж байна” гэв.

Түүний хэлснээр нефть, химийн үйлдвэрээс эдгээр түүхий эдийг гарган авдаг бөгөөд харамсалтай нь манайд эдгээр үйлдвэрүүд хөгжөөгүй, мартагдсан гэнэ.

Тэрбээр цааш ярихдаа “Нефть, химийн үйлдвэр баригдтал бид Хятад, Тайвань, Вьетнам, Солонгосоос түүхий эдээ авна. Ачаа нь мэдээж Тяньжин боомтоор дамжих учир хил хаагдсантай холбоотойгоор гацна. Нэг сайшаалтай зүйл байгаа нь цар тахалтай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүд дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, сав баглаа боодлын үйлдвэр байх нь зөв гэж бодож байна” гэлээ.

Улаанбаатар хотод сав баглаа боодлын үйлдвэрлэл явуулдаг 50 гаруй үйлдвэр байдаг ч 2020 оны судалгаагаар 550 гаруй тэрбум төгрөгийн сав, баглаа боодлын хэрэгцээ шаардлагынхаа 65 хувийг импортоор, 35 хувийг дотооддоо үйлдвэрлэжээ. Эдгээр үйлдвэрүүдийн 80-90 хувь нь зөвхөн хүнсний сав баглаа боодол хийдэг аж.

Импортын сав, баглаа боодлын бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь БНХАУ-аас, үлдсэн хувийг ОХУ болон өөр бусад улс орнуудаас худалдан авч байна.

Хүнсний бүтээгдэхүүн савлах савлагаагүй болох эрсдэлтэй

ХХААХҮЯ-ны Хэвлэл, сав баглаа боодол хариуцсан мэргэжилтэн Ч.Чулуунцэцэгээс үүсээд буй нөхцөл байдлын талаар тодрууллаа. Мэргэжилтний дурдсанаар Эрээн, Бээжин, Хөх хот, Тяньжин дээр бараа нь гацсан 11 аж ахуйн нэгж 882 тонн бараа бүтээгдэхүүн, түүхий эд, туслах материалаа авчруулахаар ХХААХҮЯ-д хүсэлтээ хүргүүлжээ.

“Сав баглаа боодол гэдэг өөрөө өргөн хүрээг хамардаг. Модон сав хийлээ гэхэд сав баглаа боодолдоо орно. Гэхдээ цаана нь модны үйлдвэрлэл явж байна. Гялгар уут ч мөн химийн үйлдвэрлэлд, даавуун тор ч оёдлын үйлдвэрлэлд тус тус багтаж байна”

Ч.Чулуунцэцэг “Бид хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнтэйгээ хүнсний сав баглаа боодлын түүхий эд, материалаа хамтад нь татаж авахаар ажиллаж байна. Тэгэхгүй бол хүнсний бүтээгдэхүүн савлах савлагаагүй болох эрсдэл үүсээд байна. Тяньжин хотоос сав баглаа боодлын түүхий эд, материалын хоёр вагон тавиулахаар Хятадын талд хүсэлтээ хүргүүлж, нааштайгаар шийдэгдсэн. Эрээний хил хаагдсантай холбогдуулан Гашуунсухайт, Ханги, Бичигт гэсэн гурван авто замын боомтоор бараа, бүтээгдэхүүнээ татан авах боломжтой болсон. Өнөөдөр тээвэр ложистик болон ачааг шилжүүлэн ачих тээвэр зохицуулалтын асуудлаа Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна” гэв.

2016 онд “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, энэ жил дуусч байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрөөр олон арга хэмжээ төлөвлөж, хэрэгжилтийг нь тухай бүрт танилцуулжээ. Ямартай ч үйлдвэрлэгч орон болох ёстойг сануулсан урд хөршдөө дахин баярлалаа. Мөд удалгүй монголчууд бид нарийн ногоогоо дотооддоо тарьж, гялгар уутаа үйлдвэрлэж, түүхий эд гэж санаа зоволтгүй амар жимэр амьдран суух биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж