III тунд хамрагдвал баар, рестораны цагийг сунгана

Хуучирсан мэдээ: 2021.11.18-нд нийтлэгдсэн

III тунд хамрагдвал баар, рестораны цагийг сунгана

III тунд хамрагдвал баар, рестораны цагийг сунгана

Улсын онцгой комисс (УОК)-ын Нэгдсэн шуурхай штабаас өчигдөр (2021.11.17) цаг үеийн асуудлаар иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

Засгийн газар, Улсын онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдалд тохируулан энэ сараас тодорхой зохицуулалт хийж эхэлсэн. Тухайлбал, үзвэр үйлчилгээ үзэх иргэд гуравдугаар тунд хамрагдсан байх, эсвэл 20 мянган төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээ өгч, танхимд орох шийдвэр гарсан. Зорилтот бүлгийн бүх иргэн нэмэлт тунд хамрагдсан тохиолдолд баар, караоке, ресторан, үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн цагийн хуваарийг сунгах боломжтойг шуурхай штабаас онцоллоо.

Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.УУГАНБАЯР:

-Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад энэ долоо хоногт халдвар 1271 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна. Халдварын тохиолдол буурч буй нь нэмэлт гуравдугаар тунгийн үр дүн. Тиймээс иргэд бүүстер тунг идэвхтэй хийлгэх хэрэгтэй. Одоогийн байдлаар гуравдугаар тунд 500 гаруй иргэн хамрагдсан бөгөөд энэ нь хамрагдах ёстой хүмүүсийн 30 хувь юм. 60-84 насныхны вакцинд хамрагдах идэвх өндөр буюу 40 гаруй хувьтай байна.

Covid-19-ийн дараах хүндрэлээс шалтгаалж өрх болон дүүрэгт хандах иргэдийн тоо нэмэгдэж байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах иргэд өрхийн эмнэлэгтээ заавал эхэлж хандана. Ингэснээр шат дараатай үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой.

УОК-ын шуурхай штабаас иргэдийн дараах асуултад хариуллаа

Үйлчилгээний байгууллагын цагийн хуваарийг сунгах боломжтой юу? 

-Хэвийн амьдралдаа орох боломжит хувилбар бол нэмэлт тун. Зорилтот бүлгийн иргэд III тунгаа хийлгэсэн тохиолдолд үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарийг сунгах боломжтой. Хамгийн гол нь баар, ресторан халдвар тархах өндөр эрсдэлтэй учир аж ахуй нэгжүүдтэй харилцан уулзалт зохион байгуулж байгаа. Иргэд нэмэлт тунгаа идэвхтэй хийлгэвэл цагийн хуваарьт өөрчлөлт оруулна.

Архаг, хууч өвчтэй хүмүүст Covid-19-ийн дараа цус өтгөрөх, бүлэгнэх тохиолдол ихэсч байна. Үүнийг хэрхэн эмчлэх нь зөв бэ?

-Гэрийн нөхцөлд цус өтгөрөлтийг эмчлэх боломжтой. Эмчид үзүүлж зөвлөгөө авч, Аспирин-81, 100 зэргийг хэрэглэнэ. УОК, ХӨСҮТ-өөс өдөр бүр батлагдаж буй тохиолдлын статистикт хяналт тавьж өвчлөл, нас баралтын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Есдүгээр сарын 20-ноос халдварын тархалт харьцангуй хумигдсан. Мөн архаг, суурь өвчтэй хүмүүсийн халдвараар өвдөх тохиолдол буурсан. Иймд гэрийн нөхцөлд гам сайн барих нь зүйтэй.

-Гадаад улс оронд зорчих, суралцах иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар судалж байгаа юу?

-Цар тахлаас хамаарч ихэнх орон хилээ түр хугацаанд хаасан. Мэдээж УОК-оос энэ асуудлыг анхааралтай судалж, хэрхэн зохицуулалт хийх боломжтой талаар холбогдох яам, газруудтай харилцаж, мэдээлэл тогтмол авч байна. Одоогоор Орос, Хятад, Япон зэрэг улс удаан хугацаагаар суралцах оюутнуудыг нэвтрүүлэх боломжтойг мэдэгдсэн. Мөн сурахаас гадна хойд хөршийн тухайд орос хүнтэй гэр бүл болсон, тус улсад яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай зэрэг цөөн тохиолдолд хилээр чөлөөтэй нэвтрэх боломж олгож байна.

Эрээний хил хэзээ нээгдэх вэ?

-Тодорхой хугацаа товлоогүй байна. Ямартай ч одоогоор вагоны ачаа тээвэр хэвийн явагдаж байна. Ойрын хугацаанд автозамын тээврийг үргэлжлүүлэх саналыг Хятадын талд тавьсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж