УИХ-ын Хууль зүйн байнгын хороо арваннэгдүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Шүүхийн сахилгын хороо (ШСХ)-ны шүүгч бус гишүүн, Шүүхийн Ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсголыг нээлттэй хэлэлцсэн.
Томилгооны сонсголыг нээлттэй явуулсан нь хаалттай хаалганы цаана томилогддог “Халаасны хүн”, “Цүнх баригч”-дыг халах алхмын эхний алхам болохыг ХЗБХ-ын гишүүд хэлж байлаа.
Монголын шүүх засаглалын хүнд сурталыг арилгах, хувьд хүнд үйлчилдэг тогтолцоох халах, хариуцлага тооцдог болох үүднээс шүүхийн реформыг эхлүүлсэн. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Шүүхийн тухай хууль шинээр хэрэгжиж ирсэн агаад энэ хүрээнд өрнөж буй томилгоо улс төр, хуулийнхны анхаарлын төв байгаа юм. Учир нь эдгээр нэр дэвшигчид шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлэх үүрэг хүлээж буй. Нээлттэй сонсгол нэр дэвшигчдийг хэн бэ гэдгийг олон нийтэд таниулахад багагүй тус нэмэр болсон байх. Ямар ч байсан ХЗХБ-ын хурал нэлээд халуун уур амьсгал дунд өрнөж, зарим нэр дэвшигчдийг гишүүд загнаж, шүүмжилж байлаа.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр (2021.11.17) томилгооны асуудлыг хэлэлцэж, 11 нэр дэвшигчээс 10-ыг нь дэмжив. Учир нь ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд зургаан хүн нэр дэвшээд байсан. Тэднээс тавыг нь сонгох учиртай тул байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар Д.Зүмбэрэллхамыг хассан байна. Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарыг томилуулахаар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Н.Отгончимэг, Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, Н.Баасанжав, Д.Эрдэнэчимэг нарыг томилуулах асуудлыг өнөөдөр (2021.11.18) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм. Тэднийг томилох эсэх эцсийн шийдвэрийг УИХ гаргана. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ахалсан ажлын хэсгийн сонгон шалгаруулж оруулж ирсэн тэдгээр нэр дэвшигчдэд хамгийн реакцласан нь Х.Нямбаатар, Н.Алтанхуяг нар. Тэд ажлын хэсэг сонгон шалгаруулалтын баталсан журмаа зөрчиж, өмнө нь ШЕЗ-д ажиллаж байсан Д.Зүмбэрэллхам, Д.Эрдэнэчулуун нарыг оруулж ирсэн гэж буруутгаж, С.Бямбацогтыг хардаж байгаагаа нуусангүй. Мөн шүүхийн жорлон ярилээ гэж нэр дэвшигч Н.Баасанжав Хууль зүйн сайдаас хатуу үг сонсоход хүрсэн юм.
Байнгын хорооны гишүүд бүгдээрээ нэр дэвшигчдэд хатуурхсан гэвэл өрөөсгөл дүгнэлт болно. Н.Учралаас эхлээд нээлттэй сонсгол явуулсан нь нэр дэвшигчдийг муу нэр зүүхэд хүргэлээ гэж эмзэглэсэн ч Ж.Сүхбаатар гишүүн үүнийг тас цохиж, хэрэвзээ нээлттэй сонсголоос эмзэглэж буй бол нэр дэвших хэрэггүйг "зөвлөж" байлаа. Ийнхүү наанаа хатуу ширүүн ааш гаргаж, нэр дэвшигчдийг хяргах нь холгүй байсан ХЗБХ-ын гишүүд цаанаа горилогчдын нэгээс бусдыг нь дэмжсэнээр тэд эхний босгоо давлаа. Харин өнөөдөр тэд УИХ-ын чуулганы хуралдаанаар багагүй асуулт, шүүмжлэлтэй нүүр тулгарах биз.
“БАРЦАДТАЙ” НЭР ДЭВШИГЧИД
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун нь Монгол Улсын 500 шүүгчийн 200-г нь “томилсон”. Мөн түүний эхнэр Улсын дээд шүүхэд ажилладаг. Тиймдээ ч Х.Нямбаатар нэр дэвшигч Д.Эрдэнэчулууныг шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд садаа болох учраас нэрээ татахыг нөхөрсгөөр зөвлөсөн.
Дээрх хоёр хүнийг нэр дэвшүүлсэн нь хууль зөрчөөгүй гэдгийг ажлын хэсэг “ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаагүй биш ажиллахгүй байгаа гэсэн шалгуур бий. Шүүхийн тухай хуульд байхгүй шалгуурыг нэмэлтээр оруулсан. Хууль болон журмын дагуу сонгон шалгаруулалтыг хийсэн. Үүнд өмнө нь ШЕЗ-д ажиллаж байсан гэдэг хамаарахгүй. Одоо ажиллахгүй байгаа гэдэг нь хамаарна” гэж тайлбарласан.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Р.Онончимэг нь нотариатчаар ажиллах хугацаанд буюу 2017 онд өв залгамжлах гэрчилгээтэй холбоотой хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх хэрэгт холбогджээ. Р.Онончимэгийн эсрэг гаргасан нэр бүхий иргэдийн гомдол Улсын Ерөнхий прокурор хүртэл яваад хэрэгсэхгүй болсон байна. Тиймээс түүнийг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвших эрхтэй гэж ажлын хэсэг үзжээ.
Д.ЭРДЭНЭЧУЛУУН
2008 ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг хууль зүйн ухааны магистр зэрэгтэй дүүргэсэн. 1984-1990 ЗСБНХУ (хуучин нэрээр)-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, бакалавр зэрэгтэй төгссөн. Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнд туслах ажилтан, Шүүх яамны харъяа Улсын нотариатын конторт нотариатчаас ажлын гараагаа эхэлж, Нийслэлийн нотариатын дарга. 1996 оноос Гадаад худалдааны арбитрт арбитрч, 1998 оноос ШЕЗ-ийн ажлын албанд ахлах мэргэжилтэн, 2000 оноос Улсын дээд шүүхийн тамгын газрын хэлтсийн дарга, газрын дарга, 2013 оноос ШЕЗ-ийн гишүүн, 2019 оноос Монголын олон улсын арбитрт арбитрч хийж байна.
Боловсрол:
- 2008 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг хууль зүйн ухааны магистр зэрэгтэй,
- 1984-1990 онд ЗСБНХУ (хуучин нэрээр)-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, бакалавр зэрэгтэй төгссөн.
Р.ОНОНЧИМЭГ
Монголын Нотариачдын танхимын ерөнхийлөгч, нийслэлийн тойргийн нотариатчаар 2007 оноос эхлэн ажиллаж буй. Тэрбээр өмнө нь Сүхбаатар дүүргийн нотариатчаар ажиллаж байв.
Боловсрол:
- 2018 оноос МИУС-ХЗС-ийн докторантурт элсэн суралцаж байна.
- 2009-2011, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, англи хэлний орчуулагч, хүмүүнлэгийн ухааны бакалавр
- 2005-2007, Удирдлагийн академи, бизнесийн удирдлагын менежер,
- 2001-2003, Монгол Улсын их сургууль, Хууль зүйн сургууль, хууль зүйн магистрын зэрэг
- 1996-2000, Монгол Улсын их сургууль, Хууль зүйн сургууль, эрх зүйч, хууль зүйн ухааны бакалаврын зэрэг