Сүүлийн үед өөрсдийгөө "үндсэрхэг үзэлтэй" гэж тодорхойлдог хүмүүс үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг сүрдүүлж заналхийлж хэвлэлийн бага хурал хийлгэх болов. Бусдын амь нас эрүүл м эндэд илтээр заналхийлж буй тэдэнтэй цагдаа хуулийнхан арга хэмжээ авахгүй й байгаа тул иргэд "Ард нь цагдаагийнхан байна уу?" гэж хардахдаа тулж байна.
2021 оны наймдугаар сарын 5
"Даяар Монгол" хөдөлгөөний гишүүн, Хонхэрээдийн Б.Энхбат мэдээлэл хийхдээ “No Naadam” жагсаалд оролцсон хүмүүсийг олж эрэмдэглэнэ" гэсэн нь олон нийтийн дунд багагүй айдас төрүүлсэн.
Бусдын амь нас, эрүүл мэндэд илтэд заналхийлсэн Б.Энхбатын ард эрх баригчид байгаа учраас цагдаа нар түүнийг энэхүү үйлдлээр нь баривчлан саатуулсангүй гэсэн шүүмжлэл ч сошиалд өрнөж байгаа юм.
Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ хойшлуулашгүй ажиллагаа хэмээн баривчлах хэрнээ нэр цохож бусдын амь нас, эрүүл мэндэд илтэд заналхийлж буй Хонхэрээдийн Б.Энхбатыг яагаад баривчлахгүй байгааг хууль, хүчнийхнээс иргэд асууж, түүнд хариуцлага тооцохыг шаардах болсон.
Мөн энэ оны аравдугаар сарын 6-ны өдөр "Би бол эрүүгийн элемент, гэмт хэрэгтэн намтартай хүн. Би амьдралдаа маш олон удаа цагдаад гавлуулж, баригдаж явсан. Гэхдээ би нэг ч удаа төрийн цагдаагийн өөдөөс салаавч өгч үзээгүй. Гэтэл сүүлийн үед цагдаа, иргэдийг муудалцуулах гэж гадаадын хөрөнгөөр санхүүжсэн хөдөлгөөнүүд, янз бүрийн иргэд элдвийн башир аргаар сошиал ертөнцөөр өөрсдийгөө сурталчлах боллоо.
Цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж байгаа мэт жүжиг тавьж буй залуучуудад хатуу хариуцлага тооцно” гэж мэдэгдэж байв.
Тэгвэл өнгөрсөн долоо хоног “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагын тэргүүнүүд мэдээлэл хийж мөн л үгээ хэлж, эрхээ эдэлсэн иргэдийнхаа амь насанд заналхийллээ. Олонхийн төдийгүй цөөнхийн эрх ашигт заналхийлж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй хэмээн мэдэгдэж байсан ч байцаалт өгөхөөс хэтрээгүй. Тухайлбал, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн жагсаалтай холбоотой асуудлын талаар сошиалд бичиж, тэдний эрхэд халдсан гэх асуудал юм. Энэ төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид эрүүгийнхэн биш, эх орончдын нэгдэл. Үндэсний үзэлтэй залуучуудыг сөрөх тохиолдол бишгүй олон. Монголдоо харш зүйл хийсэн, хэлсэн хэнийг ч бид эсэргүүцнэ, зогсооно” гэж анхааруулсан удаатай.
Үүнээс гадна олны хүндлэл хүлээсэн, сүмогийн их аварга Асашёрюү Д.Дагвадорж цахим хуудсаараа "агсам" тавьсан. Халдашгүй бүрэн эрхтэй УИХ-ын гишүүнийг ална гэж олон нийтийн сүлжээнд ил тод заналхийлээд зогсохгүй, аймаг, сум, яс үндэс, угсаа гарвалаар нь иргэдээ ялгаварлан гадуурхсан. Нэг талаараа ёсзүй, нөгөө талаар нэр хүнд гэж бий. Гэтэл их аварга үүнийг хөсөр хаясан.
Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлд "Заналхийлэх" гэмт хэрэгт
"Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Эрүүгийнхэн, олны танил эрхмүүд хэвлэлийн хурал хийж, эсвэл цахим хуудсаараа иргэдийг энэ мэт илт сүрдүүлэх болсон. Дурдсан жишээ цөөхөн ч айлган сүрдүүлсэн, олон нийтийг түгшээсэн энэ мэт "хэрэг" олон бий. Монголын цагдаа хэний талд хуулийн ямар заалтын дагуу үйлчилж байна вэ?
Холбоотой мэдээ