УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн ажлын хэсэг Гүрж улсад ажиллаж байна. Гүрж улс нь 2005 онд тусгай зөвшөөрөл болон Зөвшөөрлийн хуулийг баталж, өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжүүлж байна. Уг хуулийн гол зохицуулалт нь тусгай зөвшөөрөл болон зөвшөөрлүүдийг ангиллаар нь оновчтой зохицуулж, бизнесийн орчин нь хүнд сурталгүй, ил тод, нээлттэй байдлаар зохицуулалт хийжээ. Тухайлбал, байгалийн баялагтай холбоотой бүх зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгох, нэг зөвшөөрөл олгоход бүрдүүлэх материалыг иргэн, аж ахуй нэгжид хүндрэл учруулахгүйгээр зөвхөн иргэний бүрдүүлсэн материал дээр үндэслэн бусад холбогдох бичиг баримтуудыг цуглуулахдаа хүсэлт авсан байгууллага нь өөрөө материалын бүрдүүлэлтээ бусад төрийн байгууллагаасаа цуглуулж, иргэн, аж ахуй нэгжийн цаг зав хэмнэх, хүнд сурталгүйгээр хурдан хугацаанд шийддэг зэрэг зохицуулалттай юм байна. Зөвшөөрөл хүсч буй иргэн, аж ахуй нэгжид хүндрэл учруулахгүй, цаг хугацаа хэмнэсэн төрийн үйлчилгээг энэ хуулиар дамжуулан хэрэгжүүлдэг юм байна. Тиймээс ажлын хэсэг УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөж буй Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөлд тусгах, төрийн байгууллагаас зөвшөөрөл авдаг иргэн, аж ахуй нэгжид төрийн хүнд сурталгүй, цаг хугацаа хэмнэсэн үйлчилгээг үзүүлэх зорилготойгоор туршлага судалж байна. Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн 2019 онд УИХ, Засгийн газраас өргөн барьсан бөгөөд УИХ-ын даргын захирамжаар хуулиудыг нэгтгэж, ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсэг хуулийн төслийг нэгтгэж, төрөөс олгож буй бүх зөвшөөрлийг хүнд сурталгүй, цаг хугацаа хэмнэсэн үйлчилгээг үзүүлэх зохицуулалтыг хуульд тусгахаар зохицуулжээ. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахалж байгаа юм.
Холбоотой мэдээ