Хятад, АНУ-ын хооронд хурцадмал байдал бага зэрэг намжсан энэ үед хэвлэл мэдээллийн ажилтнуудад тавьсан хязгаарлалтыг зөөлрүүлэхээр хоёр орны удирдагчид тохиролцов. Хятадын дарга Ши Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нар Мягмар гаригт болсон дээд хэмжээний цахим уулзалтын үеэр энэхүү тохиролцоонд хүрсэн гэж Лхагва гаригт албан ёсны "China Daily" сонин мэдээлэв.
Хэлэлцээрийн дагуу АНУ нь Хятадын хэвлэл мэдээллийн ажилтнуудад нэг жилийн олон удаагийн виз олгох бөгөөд "статусын үргэлжлэх хугацаа"-г даруй шийдвэрлэнэ гэж мэдээлэв. АНУ-ын бодлого хүчин төгөлдөр болмогц Хятад улс хариу арга хэмжээ авч, америк сэтгүүлчдэд адил тэгш хандах гэнэ. Ийнхүү хоёр тал "холбогдох хууль тогтоомжийн дагуу" шинэ өргөдөл гаргагчдад хэвлэл мэдээллийн виз олгох болно гэж мэдээнд дурджээ.
Мөн "AP" агентлагт хийсэн мэдэгдэлдээ, "Холбогдох бүх хууль, журмын дагуу АНУ-ын хэсэг сэтгүүлчдэд виз олгохоор болсон" гэж Хятадын тал мэдэгдэв. "Бид мөн хуулийн дагуу АНУ-ын виз авах эрхтэй хятад сэтгүүлчдэд виз олгох ажлыг үргэлжлүүлнэ" гэж мэдэгдэлд дурджээ. АНУ нь Хятадын хэвлэл мэдээллийн визний хүчинтэй байх хугацааг одоогийн 90 хоногоос нэг жил болгон нэмэгдүүлэх үүрэг хүлээжээ. АНУ-ын төрийн департментын мэдэгдэлд, “Бид хоёр талын үндсэн дээр Хятадын сэтгүүлчдэд олгосон АНУ-ын визний хүчинтэй хугацааг нэг жил хүртэл нэмэгдүүлэх амлалт өгсөн” гэв. Хоёр тал мөн олон удаагийн виз олгох талаар мэдэгджээ.
АНУ нь Хятадын төрийн хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог 20 визийг хасч, үлдсэн хүмүүсийг гадаадын төлөөлөгчөөр бүртгүүлэхийг шаардсанаас хойш сэтгүүлчдэд тавих хязгаарлалт нь хоёр улсын хоорондын хурцадмал байдлыг жил гаруйн хугацаанд улам хурцатгаж байв. Үүний хариуд Хятад нь АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ажиллаж байсан сэтгүүлчдийг хөөж, тус улсад үргэлжлүүлэн ажиллах нөхцөлийг хатуу хязгаарласан.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ