Дельтагийн эсрэг хүчилтөрөгчийн эмчилгээ үр дүнтэй

Хуучирсан мэдээ: 2021.11.17-нд нийтлэгдсэн

Дельтагийн эсрэг хүчилтөрөгчийн эмчилгээ үр дүнтэй

Дельтагийн эсрэг хүчилтөрөгчийн эмчилгээ үр дүнтэй

Covid-19 халдвараар өвдсөн иргэдэд хүчилтөрөгчийн эмчилгээ буюу хүчилтөрөгчийн эмчилгээг хийлгэх нь олон талын эерэг үр дүнтэй болохыг эмч нар зөвлөж байна. Тиймээс энэ төрлийн эмчилгээг хүн бүр хийлгэх боломжтой талаар болон Covid-19-өөр өвдөөд эдгэсэн хүмүүс хийлгэх нь тохиромжтой эсэхийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын Анхан болон лавлагаа тусламжийн хэлтсийн дарга Ж.Нарангэрэлээс тодрууллаа.


-Хүчилтөрөгчийн эмчилгээнд Covid-19-өөр өвдсөн, өвдөөд эдгэсэн бүх иргэд хамрагдах боломжтой юу?

-Иргэд хүчилтөрөгчийн эмчилгээний талаар зөв ойлголттой байх хэрэгтэй. Энэ эмчилгээг уушгины өвчлөлөөс урьдчилан сэргийлэхээр хүн бүр хийлгэж болно гэдэг нь ташаа мэдээлэл. Уушгины хүчилтөрөгчийн хангамж буурсан нөхцөлд хүчилтөрөгч өтгөрүүлэгч, баллон, амьсгалын аппаратаар дэмжиж өгч байгааг хүчилтөрөгчийн эмчилгээ гэдэг.

Үүнийг зөвхөн эмнэлгийн нөхцөлд хийж байсан. Харин уушгины хатгалгаагаар өвдсөн Covid-19-ийн дараах гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд гэртээ үргэлжлүүлэн эмчилгээг хийхийг зөвлөж байна. Гэхдээ энэ нь зөвхөн тодорхой заалттай хүнд эмчийн заавраар хийгдэх эмчилгээ.

Тухайлбал, тухайн хүн өөрөө эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан борлуулдаг төвүүдээс хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч авч, гэртээ уушгаа дэмжих боломжтой гэсэн үг.  Хүчилтөрөгчийн хангамжийг хэмжихэд 90-ээс доош байвал хүчилтөрөгчийн дутагдал үүсч байна гэж үзээд өдөрт гэртээ тодорхой хугацаанд хэрэглэхийг зөвлөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Covid-19-өөр өвдөж эдгэсэн ч хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй, алхахад толгой эргэх, амьсгал авахад хүндрэлтэй байвал өдөр 10-аас доошгүй минут хэрэглэх зэрэг заалтын хүрээнд тухайн хүний бие махбодид тохируулж зөвлөдөг эмчилгээ гэж ойлгож болно.

-Озоны эмчилгээг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр хийлгэж болох уу?

-Хүчилтөрөгчийн эмчилгээг дээр хэлсэнчлэн зөвхөн зайлшгүй шаардлагатай хүмүүс хийлгэнэ. Улсын, харьяа дүүрэг болоод томоохон эмнэлгүүд бүгд энэ эмчилгээг хийдэг. Хамгийн сүүлд дельта хувилбарын тархалтаар нэн хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүс их байсан учир эмнэлгүүдэд эрчимт эмчилгээний орыг нэмэгдүүлж,  хүчилтөрөгчийн аппаратад шаардлагатай бүх хүнийг оруулж эмчилсэн.

-Архаг, хууч өвчтэй хүмүүс үндсэн эмчилгээнээс гадна давхар тус эмчилгээг хийлгэж болох уу?

-Мэдээж болно. Хүчилтөрөгчийн дутагдалд орсон бүх насны хүн архаг суурь өвчтэйгээс үл хамаарч хүчилтөрөгчийн эмчилгээнд хамрагдах боломжтой. Гол нь хүчилтөрөгчийн хэмжээ нь хэвийн хэмжээнээс бага байвал шүү дээ. Түүнээс "Би Covid-19-өөр өвдсөн. Энэ эмчилгээг сайн дураараа хийлгэнэ" гэвэл боломжгүй.  Тодорхой эмнэлгийн дүгнэлтэд үндэслэж, эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзаж хүчилтөрөгчийн эмчилгээ хийнэ.

-Эмчилгээний үр дүн хэр байдаг вэ?

-Эмчилгээний үр дүнгийн тухайд хэдий хугацааны дараа гарна гэж хэлэх боломжгүй. Учир нь тухайн өвчтний биеийн байдлаас 100 хувь шалтгаална.

-хүчилтөрөгчийн эмчилгээг  хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж эмнэлгүүдэд хэр хүртээмжтэй байдаг вэ?

-Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар эрчимт эмчилгээний бүх тасагт хүчилтөрөгчийн аппарат бий. Шаардлагатай тохиолдолд нөөцийг нэмэлтээр гаргах ч боломжтой. Хүчилтөрөгчөөр хангах эмийн бус эмчилгээ нь хүний бүх эд эрхтэнг хүчилтөрөгчөөр хангахаас гадна эд эсүүдийг сэргээн тэжээлээр хангаж, бие махбодийг эмчилдэг.

-Энэ эмчилгээнд сөрөг нөлөө гэж бий юу?

-Хүчилтөрөгчийн эмчилгээ нь үрэвсэл дарах, дархлаа сайжруулах үйлчилгээтэй тул хүүхэд хийлгэхэд эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг. Мөн энэ их утаатай үед биед энэ эмчилгээ шаардлагатай хүчилтөрөгчөөр хангаж, биеэс хорыг гадагшлуулдаг. Бага насны хүүхдэд хүчилтөрөгчийн эмчилгээ хийлгэхэд дархлаа сайжирч, хүчилтөрөгчийн хэрэгцээ хангагдахаас гадна биеийн өсөлт хөгжилтөд сайнаар нөлөөлдөг. Сөрөг нөлөө гэхээс илүүтэй эмчийн зааврын дагуу тодорхой хугацаанд тус эмчилгээг хийх нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж