Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлын хүрээнд “Асуудал шийдэл” илтгэл, ур чадварын уралдааныг зохион байгууллаа. Ур чадварын уралдаанд нийслэлийн есөн дүүргийн хороодоос шалгарсан шилдэг хамтарсан багууд өрсөлдөж тэргүүн, дэд, гутгаар, тусгай байрыг тус тус шалгаруулж, шилдэг таван илтгэлийг хэлэлцүүлжээ.
Ур чадварын уралдааны тэргүүн байранд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, дэд байранд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, гутгаар байранд Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны хамтарсан баг шалгарсан бол Баянгол, Багахангай дүүргийн багууд тусгай байрын эзэд болжээ. “2021 оны шилдэг нийгмийн ажилтан”-аар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нийгмийн ажилтан Ц.Наран-Эрдэнэ шалгарсан байна.
Харин Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Н.Билгүүний бэлтгэсэн “Залуу гэр бүлүүдэд тулгамдаж буй асуудал” илтгэл тэргүүн байранд шалгарсан бол Хан-Уул дүүргийн зургаадугаар хорооны нийгмийн ажилтан Ц.Энхсаруул “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь”, Багануур дүүргийн хоёрдугаар хорооны нийгмийн ажилтан Ш.Шүрэнцэцэгийн “Залуу гэр бүлүүдэд тулгамдаж буй асуудал” илтгэлүүд удаалжээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Холбоотой мэдээ