Тэр "жинхэнэ од" байсан

Хуучирсан мэдээ: 2021.11.17-нд нийтлэгдсэн

Тэр "жинхэнэ од" байсан

Хархан сормуус зөөлөн нүдийг бүрхэж

Хаана ч юм мэдэхгүй зөн совин минь татна

Дурлал хайрын далайд сэлүүргүй умбаж

Дун цагаан сэтгэл дээр очин нэвчинэ” хэмээн намуухан, уянгалаг хоолойгоор дуулах Л.Байзадагийн “Анхны хайр” дууг сонсоогүй хүн үгүй биз. Тэр 1990-ээд оны залуусын сэтгэл зүрхийг байлдан дагуулсан "жинхэнэ од" нь байв. Тэрээр дуучин ховор байхад дуучин байсан. Дуулсан дуу бүхнээ хүний сэтгэлд хүргэж чаддаг үнэ цэнэтэй уран бүтээлч гэвэл түүнийг л нэрлэнэ. Түүний “Тайрмал үстэй охинд дуртай” гэж хэлсэн үгийн төлөө охид үсээ хүртэл тайруулж явсан цаг бий.

“Би хэзээ ч хайрын захиа өгч явсангүй. Залуу байхдаа хайрын захианд дарагдаж, зарим охидыг гомдоож ч явсан байх. Гэхдээ надад ганцхан зүрх л бий. Тухайн үед надад олон охин бэлэг өгч, тоглолтыг маань ирж үзэж, уйлдаг байсан” тухайгаа дурсан ярьсан байдаг.

Удам дамжсан урлагийн хүн учир тэрээр урлагтаа чин үнэнчээр зүтгэсэн нэгэн. Тэрээр Улаанбаатар хотын хоёрдугаар төрөх тасагт 1972 онд айлын дундах хүү болон мэндэлсэн. Бага ангиа 45 дугаар сургууль, дунд ангиа 13 дугаар сургуульд сурсан. Багшийн сургуулийн хөгжмийн багшийн ангид элсч, 1993 онд СУИС-ийн хөгжмийн багшийн ангид гурван жил сурсан.

Оюутан байхдаа “Байзада ба түүний нөхөд” бүжгийн хамтлаг байгуулж байв. Дуучин Л.Байзада хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “1994-1999 он миний хамгийн сайхан оргил үе юм уу даа. Маш их дэврүүн сайхан байж. Алт шиг хүүхэд нас байж дээ” хэмээн дурсан ярьжээ.

Гуравдугаар хорооллын хөөрхөн охинд дурлаж явахдаа 17-хон насандаа анхны “Үүрдийн наран” дуугаа зохиосон түүхтэй. Тэрнээс цагаас хойш олон дууны ая, үгийг нь өөрөө зохиож, “Чиний зураг”, “Танилцъя охин”, "Бүсгүйн зураг" зэрэг хит дууны эзэн болсон билээ.

Түүний зохиосон дууг монголын рок попын уран бүтээлчид дуулж, олонд хүргэсэн байдаг. Жишээлбэл, Зууны манлай дуучин Б. Сарантуяагийн дуулсан “Гэрэлт наран ээж”, “Гурван бүдүүн” хамтлаг дуулдаг “Хайр татам”,  “Синк” хамтлагийн  “Хөөрхөн ширтэх чи”, бас  “Улаан сарнай”,  “Хайр минь хэвээрээ” дуунууд бий.

Түүний шүтээн бол алдарт попын хаан Жайкл Жексон. Тэрээр хүүхэд байхаасаа л Майкл Жексоныг сонсч өссөн гэдэг. Манай сайтад өгсөн ярилцлагадаа "Майкл Жексон миний хувьд бодит бурхан юм шиг санагддаг. Энэ хүний амьдрал, уран бүтээл миний бахархал" гэдгийг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
65
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж