Ч.Отгочулуу: Дэлхийн инфляци бараа, бүтээгдэхүүний үнэд цаашид ч нөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2021.11.17-нд нийтлэгдсэн

Ч.Отгочулуу: Дэлхийн инфляци бараа, бүтээгдэхүүний үнэд цаашид ч нөлөөлнө

 Эдийн засагч Ч.Отгочулуугаас дэлхийн олон оронд ажиглагдаж байгаа инфляцийн өсөлттэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

– Дэлхийн олон оронд инфляц өндөр байгаа нь манай улсын инфляцид хүссэн хүсээгүй нөлөөлж байна. Инфляцийн өсөлт цаашид хэр хугацаанд үргэлжлэх бол, манайд үзүүлэх нөлөөлөл нь ямар байх талаар байр сууриа хэлээч?

– Лав жилийн хугацаанд үргэлжилнэ. Манайд шууд утгаараа нөлөөлөөд явах нь ч тодорхой. Тодруулж хэлбэл дэлхийг хамаарсан инфляцийн өсөлт цаашид ч бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлсөөр байх болно. Контейнер, ачаа барааны эргэлт хүнд байдалд орчихсон байгаа. Тээврийн гаралтай хомсдол үүссэн гэсэн үг. Ийм нөхцөлд манайх шиг импортоос хараат, бүх хэрэглээгээ импортолдог улсад яаж нөлөөлөх нь ойлгомжтой л доо. Манайд инфляци хоёр шугамаар импортлогдож байна. Эхнийх нь гэвэл гадаадад угаасаа барааны үнэ өсөөд байгаа. Хоёрдугаарт гэвэл тээврийн зардал өсөөд байна. Хятадууд өмнө нь хэлж байсан юм билээ, боомтуудынхаа нэвтрүүлэх чадварыг сайжруулаач гэж. Хорио цээр, халдвар хамгааллаа сайжруул гэсэн шаардлагыг ч тавьж байсан. Гэтэл Замын-Үүд дээр байдал ямар байлаа. Хэсэг хугацаанд шуугиан болсон шүү дээ. Тийм байдалтай байсан учраас манайх муу дээр муухай, муухай дээр улцан болчихсон л доо. Олон улсад юмны үнэ өсөөд, тээврийн зардал нэмэгдээд байхад зөөллөх бодлого явуулах ёстой байсан. Гэтэл тэгээгүй. Хилийн боомт дээрээ нэвтрүүлэх чадвар сайжруулах ажил огт хийсэнгүй. Энэ их том алдаа болсон.

– Өргөн хэрэглээний барааны үнэ өсч байгаа нь биднээс хамаарахгүй яалт ч үгүй шалтгаан олонтой гэсэн үг үү?

– Гарцаагүй бодит шалтгаантай. Үнийн хөөрөгдөл буюу юмны үнэ өсөх сэтгэл зүйн шалтгаанууд мэдээж байгаа. Гэхдээ түрүүн хэлсэн бодитой, суурь шалтгаанууд олон байна.

– Импортын барааны үнэ өсөх нь тодорхой. Үндэсний үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөлөө гэсэн шүүмжлэл гараад байгаа. Нөгөө талаас үйлдвэрлэгчдийн зүгээс түүхий эд, сав баглаа боодлоо импортоор авдаг, хөл хорионд удаан байсан гэх мэт шалтгаан хэлж байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

– Үндэсний үйлдвэрлэгчид зарим орцоо гаднаас авдаг. Импортоор орцоо авах гэхээр түрүүн хэлсэнялэн бараагаа оруулж ирж чадахгүй байгаа, үнэ өссөн гэх мэт асуудлуудтай нүүр тулж байна л даа. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх өртөг зардал нь ийм маягаар яалт ч үгүй нэмэгдээд байгаа учраас үнээ нэмж байгаа гэж харж байна.

– Дэлхийд ажиглагдаж буй түүхий эдийн үнийн өсөлт инфляцид нөлөөлж байгаа том шалтгааны нэг. Тухайлбал газрын тос. Газрын тосны үнийн өсөлт хэр хугацаанд үргэлжлэх бол?

– Газрын тосны үнэ өсөөд байгаа шалтгаан нь эрэлт нэмэгдсэнтэй холбоотой. Энэ эрэлт цаашдаа ч өсөөд явна. Дахиад хэлэхэд газрын тосны ханшийн өсөлт, дэлхийд ажиглагдаж байгаа инфляфийн өсөлт ирэх жилдээ үргэлжлэх байх. Газрын тосны тухайд нийлүүлэлт өсч байж үнэ тогтворжих ёстой. Гэтэл компаниуд ковидоос болоод хөрөнгө оруулалтаа хийж чадахгүй байна. Ер нь барууныхан нефть, нүүрсэн дээр хөрөнгө оруулалт хийхээ больчихлоо л доо. Тэгэхээр Орос дангаараа нефтийн нийлүүлэлтийг үнэ буух хэмжээнд хийж чадахгүй.

– Ер нь нефтийн ханш бүх юмны суурь болоод байдаг даа тээ?

– Ер нь тийм. Одоогоор бензин, дизель, шатахуун хэрэгтэй хэвээр байгаа.

– Үнийн өсөлтөд хувийн хэвшлийнхнээс хамаарахгүй дотоодын асуудал бэрхшээл байна уу?

– Өөрсдөө бий болгоод байгаа зохиомол асуудлууд цөөнгүй ажиглагдаж байна. Улсын төсвийн мөнгөөр маш их барилга барьж байгаа. Хил боомтын нэвтрүүлэх чадал тэртэй тэргүй муу байгаа нөхцөлд энэ бол маш том дарамт. Улсын төсвөөр хийж байгаа ажлуудын тухайд мундагдаад хувийн хэвшлийнхний оруулж ирэх барааны өмнүүр ороод юмаа татуулчихна шүү дээ. Арын хаалгадна гэж ярьдаг даа, тийм юм болоод хувийн хэвшлийнхэн бараагаа татаж авч чадахгүйд хүрээд байгаа нь бодитой үнэн. Хувийн хэвшлийнхний  бараагаа оруулж ирэх орон зайг нь ингэж булаацалдаад байгаа нь ч бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Жишээлбэл барилгын компаниуд материалаа татаж чадахгүй байхаар барилга болон барилгын материалын үнэ өсч таарна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж