Засгийн газар 12-оос дээш насны иргэдээ дархлаажуулж буй. Харин вакцинд хамрагдах боломжгүй 0-11 насны бага насны хүүхдүүдийг Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иммуноглобулин /дархлааны / уургийг тарихаар болсон. Энэ уургаар зорилтот бүлгийн хүүхдүүдийг аравдугаар сард багтаан дархлаажуулахаар төлөвлөснийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байв. Тус яамны өгч буй мэдээллээр одоогоор хугацаа товлоогүй байна.
Энэхүү уургийн нөөц, хүрэлцээ ямар байгаа талаар НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацийн албаны дарга Б.Ичинхорлоогоос тодруулахад “Иммуноглобулины эхний ээлжийг амжилттай үйлдвэрлэж 2000 тунг бэлэн болгож, Эрүүл мэндийн яаманд хүлээлгэж өгсөн. Технологийн 45-50 хоногийн хугацаанд үйлдвэрлэж, түүнээс хойш 10 гаруй хоног шинжлүүлэх ажил үргэлжилдэг. Хоёр сард 500 ширхэг л үйлдвэрлэх боломжтой. Иймд 60 хоногт нэг удаа үйлдвэрлэлийн дахин татан авалт нийлүүлэхээр төлөвлөсөн. Уургийн бэлдмэл нь дархлаа сэргээх, дэмжих үйлчилгээтэй тул эхний ээлжид зорилтот бүлгийн хүүхдүүдийг дархлаажуулна. Өөрөөр хэлбэл, эмчийн заавраар дархлаа сул байгаа хүүхдүүдэд тарих ёстой. Иммуноглобулин уураг нь Covid-19 халдварын үед хүндрэлээс сэргийлнэ. Мөн бусад төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой” гэлээ.
Иммуноглобулин нь Covid-19 үүсгэгч бичил биетүүдийн эсрэг хүний биед өвөрмөцөөр үүсэх дархлааны хамгаалалтын уургууд юм. Монгол Улсын тухайд иммуноглобулиныг халдварт шар, улаан бурхан, менингит зэрэг халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэж байсан туршлагад үндэслэн дархлаа тогтоогүй хүүхдүүдийн тодорхой хувьд хийнэ гэх тайлбарыг өглөө. Энэ талаар УОК-ын О.Батбаяраас тодруулбал “Иммуноглобулинийг эмнэлгүүдэд хуваарилан өгсөн. Уургийн бэлдмэлийг Covid-19 халдвараар өвдөөд эдгэсэн хүүхдүүдийг дархлаажуулахаар төлөвлөж байна” гэв.
Холбоотой мэдээ