“Газрын жигүүр”-ээс сэтгэлийн жигүүр дэлгэсэн вагончин | News.MN

“Газрын жигүүр”-ээс сэтгэлийн жигүүр дэлгэсэн вагончин

“Газрын жигүүр”-ээс сэтгэлийн жигүүр дэлгэсэн вагончин

Хүүхэд байхад хөдөөгийн буйдхан суманд хааяа шинэ кино ирнэ. Тэр хэдэн өдөрт сумын улаан булангийн үүдэнд морьд багширч, өнгө өнгийн торгон дээлтэй хүмүүс хөгшин, хөвөө гэлгүй хөшилдөцгөөдөг сөн. Хэсэгтээ л киноны үйл явдал, баатруудын хувь заяа амнаас ам дамжиж, айлаас айлд үргэлжилж, аяга цайны “амттай хачир” болох нь ёс юм шиг…

Өдгөөгөөс яг 40 жилийн өмнө дундговь аймгийн дэлгэрцогт суманд “газрын жигүүр” кино  одоогийнхоор бол “boom” болж байсныг уулзсан эрхэм маань ийн дурслаа.

Тэгэхэд л киноноос “төмөр зам, галт тэрэг” гэдгийг анх харсан дунд сургуулийн зургадугаар ангийн жаал хүүгийн сэтгэлд ширмэн шиг машинч болох хүсэл мөрөөдлийн үр “соёолж” эхэлжээ.

Би “Газрын жигүүр” киног тэгэхэд бүр гурван ч удаа үзсэн шүү гэж инээмсэглэх энэ хүн Сайншанд дахь УБТЗ-ын Техник үйлчилгээний газар /ТҮГ/-ын харьяа Өргөн хэсгийн шурган үзэгч Сономын Болдбаатар.

Түүнтэй адил ангийнх нь нэг хүү ч бас нэгэн “Ширмэн”-г сэтгэлдээ ургуулж, тэд хааяа ирээдүйн тухай хаяа хязгааргүй төсөөлөлд хөтлөгдөн, яриа нийлнэ. Ийн дэрвэж явтал хоёр жил харвасан сум шиг л одож, наймдугаар анги төгсөн хувь заяаны сонголтын өмнө тулав. Түүний хувьд сэтгэл хоёрдох зүйл байсангүй. Тэр жил төмөр замын техникумын ганц хуваарь ирсэн тул хоёр хүүгийн хэнийх нь хүсэл мөрөөдөл биелэх вэ? гэдэг эгзэгтэй мөч тулжээ. Харин сургуулийн захиргаа С.Болдбаатарт хүссэн хуваарийг нь өгснөөр, найз нь цааш дэвшин суралцахаар болжээ. Асуудлыг ийнхүү шийдсэн нь сумын аж ахуйн даргаар ажиллаж байсан түүний аав 1980 онд ослын улмаас өөд болсонтой холбоотой байсан бизээ.

Ээж Г.Цэвээн нь цэцэрлэгийн асрагч багшаар ажиллана. Тэрбээр, найман хүүхэдтэй айлын долоо дахь хүү байлаа. Ах нар нь жолооч тул хүүг Төмөр замын техникумын автын механикийн ангид оруулна гэснээр намар нь нефьт хангамжийн ангиа солиулах хүсэлтэй иржээ. Техникумын боловсон хүчин О.Хандаа гэх эмэгтэйд учир байдлаа хэлэхэд “автын механикийн ангид орон тоо байхгүй. Вагоны аж ахуйн ангид ор” гэжээ. Тэгэхэд 16-тай хүүд олон түлхүүр харжигнуулсан сумын аж ахуйн нярав санаанд нь буусан гэдэг.

Наймдугаар сарын сүүлчээр төв аймгийн “Залуучууд” сангийн аж ахуй руу ангийнхантайгаа явж, намрын ажлын 45 хоног хөгтэй хөөртэй өнгөрчээ. С.Болдбаатар “оюутнуудын намрын ажил гэдэг амьдралын зах зухаас амсах, бие даах, найзалж нөхөрлөх хамгийн сайхан талбар байдгийг тэр үеийнхэн л сайн мэднэ дээ. Тэнд л жинхэнэ хамт олон бүрэлддэг” хэмээгээд ангийнхаа хүүхдүүдийн овог нэрийг бүтнээр нь, болсон үйл явдлыг он, сар, өдөртэй нь ярих ажээ.

Хоёрдугаар курсэд орсон намраа Улаантолгойн сангийн аж ахуй руу намрын ажилд явахдаа анх удаа галт тэргээр явж, “вагон гэдэг чинь үнэхээр тохьтой унаа юм” гэж хөгжил хөөр болж байсан тэр мэдрэмж санаанаас гардаггүй гэв.

  1. Амьдралын сургамж

С.Болдбаатар хоёрдугаар курс төгссөн зунаа 16 дугаар зөрлөг буюу одоогийн Оорцог-энгэр зөрлөгийн хавьцаа замын дунд засвар дээр ангийнхантайгаа ажиллаж байхдаа насандаа мартамгүй том сургамж авснаа ийн ярилаа.

“Наадам дөхөж, ойр гэртэй хүүхдүүд буцчихсан. Цөөхүүлээ байсан үе. Нэг үдэш манай ангийн Ц.Очирбүд “манай нутгийн хүн ирчихлээ. Хоёулаа зөрлөг рүү гаргаж өгөөд ирье” гэлээ. Замын хэсэг зөрлөгөөсөө нэлээд зайтай л даа. Шөнө өнөө хүнээ суудалд суулгаж өгчихөөд буцах болоход Ц.Очирбүд маань “хоёулаа дөхөөд буучихъя” гээд вагоны шатнаас зүүгдчихлээ. Би ч дагалгүй яах вэ. Галт тэрэг хөдлөөд удалгүй хурдаа авлаа. Гэтэл харанхуйд Ц.Очирбүд маань “зөрлөгийн худаг өнгөрлөө. Үсрээрэй” гэхтэй зэрэгцэн үсэрлээ. Нэг их хатуу юман дээр унаад л өнхөрч байснаа мэддэг. Тэгээд би ухаан алдчихаж. Ц.Очирбүд маань өөрийнх нь мөр мултарсан хэр нь бөөн цус болсон намайг үүрсээр байрандаа хүрсэн байдаг. Хүүхдүүд ч сандарч, Г.Батжаргал (зорчигчийн вагон депод галт тэрэгний дарга) маань миний толгой нэл цус болсныг хараад хар цайгаар угаая гээд шанагатай цай бариад гүйж байсан гэдэг юм. Харин Г.Сарантуяа (Зорчигчийн вагон депогийн инженер) цэрэгжилтийн хичээлээр сургууль төлөөлж, тэмцээн уралдаанд оролцдог тул бусдыгаа бодоход арай дөртэй. Бид хоёрт анхны тусламж үзүүлж, Я.Чимэдцэрэн (Улаанбаатар зүтгүүрийн депогийн аккумляторчин) маань намайг шөнөжин түшиж хоносон гэдэг юм. Учир нь, миний нуруу зулгарчихсан байж л дээ. Тэгэхэд миний ухаан орж, гараад юу болж байгааг сайн мэдээгүй юмдаг. Ямартай ч маргааш нь замын хэсгийн Газ-53 машинаар  Чойрын эмнэлэг рүү явлаа. Бодвол түргэний тэрэг гэж байгаагүй байх. Тэр үеэр хоёр цагдаа ирж, биднээс байцаалт авч байсан санагдана. Эмнэлэгт нэг ухаан ороход “наадамд Б.Ганбаатар начин түрүүлж, улсын арслан цол хүртлээ” гэдэг мэдээг сонссон. Хэдэн өдөр ухаантай, ухаангүй хоёрын хооронд байсан би тэгэхэд “наадам болоод дуусаж, би эмнэлэгт амьд байгаа юм байна” гэж бодож байсан даа /инээв/.

Тэр явдлаас надад айхтар том сорви, сургамж хоёр үлдсэн дээ. Биднийг энд тэгж хөглөж байхад замын хэмжээнд дадлагын хүүхдүүд вагоноос зүүгдэж унаж бэртсэн гээд бөөн л асуудал  болсон гэдэг. Хүүхдүүд бид юугаа мэдэх билээ. Амьд үлдсэн минь зол. Биднээс болоод хэчнээн хүн хариуцлага хүлээснийг ч бүү мэд. “Төмөр замын дүрэм, журам цусаар бичигдсэн” гэж ахмад үеийнхэн ярьдаг нь аргагүй үнэн. Төмөр замчин хүн жаахан л сэрэмж алдах, залхуурах, хялбарчлах, технологи зөрчих нь юунд ч хүргэж мэднэ шүү. Үүнийг л залуус минь битгий мартаарай” хэмээв.

          2.Зүрхний андууд

“1987 онд сургуулиа төгсөөд Сайншанд ТҮГ-т засварчнаар ангийн охин И.Тунгалаг бид хоёр хуваарилагдан очлоо. Би гурван сар ажиллаад цэргийн албанд мордов.

Дорноговь аймгийн Эрдэнэ сум буюу Улаан-уулд карантинд очоод байтал Замын-Үүд рүү хуваарилагдсан ангийн анд Х.Баянмөнх маань бас хүрээд ирлээ. Тэр маань Улаан-уулын хүүхэд. Түүний аав, ээж хоёр цэргийн ангид ажилладаг байв. Карантины дараа Х.Баянмөнх Шаргын-овооны заставт, би Замын-Үүдийн гуравдугаар заставт хуваарилагдсан. Тэр үед урд хөрштэй манай улс харилцаа сайнгүй байсан. Хил зөрчих тохиолдол гарна. Нэг удаа харуулд гарч байгаад хил зөрчигч илрүүлж, “Онц хилчин” болж байлаа. Хилийн заставт эрлийн бүлгийн монтёр-техникч, тасгийн дарга, бага дарга болж хоёр жил алба хаагаад халагдсан.

1989 онд халагдаж ирээд засварчин, вагон үзэгч, ээлжийн ахлагчаар ажиллаж байгаад 1993-1996 он хүртэл ээлжийн ахлах үзэгч, вагон үзэгч, салбар замын ахлах үзэгчээр Өргөн-Зүүнбаян хэсгийг хариуцан ажиллаж байлаа. Тэгтэл 1996 оны өвөл Х.Баянмөнх маань Улаан-уулаас манай ТҮГ-ын даргаар шилжиж ирэв. Х.Баянмөнхийгөө инженерээр сурахаар явахад нь 2006 онд Чойр ТҮГ-ын даргаар томилогдон хоёр жил ажилласан. Бид хоёр 16 настай л техникумын нэг ангид орж танилцаад түүнээс хойш дөчөөд жил холдсонгүй, сайхан нөхөрлөж явна” хэмээв.

Харин түүний багын анд Сайншанд ТҮГ-ын бригадын дарга Х.Баянмөнх “манайхан сайн эр хүнийг “мужик” гэдэг дээ. Би найзыгаа түүнээс сайхан үг байдаг юм бол олж тодорхойлмоор байна. Үнэхээр ховорхон хүн шүү дээ. Техникумд жаахан шар нөхөр орж ирж байсныг нь санаж байна. Бид түүнийг “босоо шар” гэдэг сэн. Бид хоёр хувь заяаны эрхээр салаад явсан ч эргээд заавал зам нийлдэг хоёр доо. Цэрэгт хүртэл таарч байх шиг. Ажил мэргэжлийн хувьд ч шилдгүүдийн нэг дээ. Шурган үзэгчийг мэргэжилдээ “төгсөрсөн” вагончин л хийдэг ажил шүү дээ. Тэгээд бодохгүй юу. Болдоо маань ТҮГ-ын даргаар ч ажиллаж байсан. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй, шулуун шударга зантай, ил цагаан үгтэй. Тэр чанар нь өсөх дэвших замд нь садаа болсон байж ч магадгүй гэж боддог.

Нөгөө талаар, миний найз амьдралын хатуу хөтүүг туулж л яваа эр хүн. Тэр зовлон дундуур барьц алдалгүй, сэтгэлийн хатаар хэдэн хүүхдээ хүний зэрэгт хүргэх гэж зүтгэж явна” гэж ярихад нь түүний ярианаас хайр, хүндлэл нь илэрхий. Х.Баянмөнх үргэлжлүүлэн “би дотны найзуудынхаа зургийг ажлынхаа өрөөнд тавьдаг. С.Болдбаатарын маань зураг ч зүй ёсоор хүндтэй байр эзэлдэг” гэсэн билээ.

          3.Амьдралын даваа нугачаа

С.Болдбаатарын амьдралд 1994 оны тэр нэгэн өдөр хагацал, учрал зэрэгцсэн байна. Түүний анхны хань төрөхийн хүндрэлээс өөд болж, нэгэн биений нөгөө тал нь эмтрээд унах шиг болоход энгэрт нь мах цусны тасархай өлгийтэй үр нь үлдсэн билээ. Хувь заяаны ийм эргүүлэг өр эмтрэм хатуу, дотор зурсан гашуун байсан биз ээ.

Цэл залуухнаараа үрээ үлдээгээд тэнгэрт одсон ханийх нь аав замын IV ангийн сэв шалгах тэргэнцрийн техникч Гомбосүрэн гэдэг хүн байв. Хадмууд нь 1995 онд хот руу шилжихдээ “үхсэнээс үлдсэн үр минь. Хүүг нь бид аваад явъя даа” гэхэд нь цэцэг цэврүү шиг охиноо алдчихаад “эмтэрч” яваа хоёр хөгшнийг хараад “үгүй” гэж яахан хэлж зүрхлэх билээ. Дөнгөж ой хүрч байсан сөөсгөр хүүгээ өгөөд явуулахад ч түүнд амаргүй байсан нь мэдээж.

Түүнээс жилийн дараа Б.Бурмаа гэх төмөр замчин бүсгүйтэй ханилж, тэднийх гурван хүүхэдтэй өнөр айл болж, амьдралын аз жаргалаар сэтгэл дүүрчээ. Гэвч хорвоо гэдэг хатуу. Хориод жилийн элэг бүтэн, аз жаргалтай амьдралд нэг л өдөр сүүдэр унаж, хань нь хорт хавдрын улмаас бурхан болов. Тэр үед гурван хүүхдээ хөтлөөд үлдэхэд бага охин нь зургаахан настай байж. Ийм л хатуу хувь тавиланг сөрж, үр хүүхдүүдээ хүний зэрэгт хүргэх гэж зүтгэж яваа түүнийг хүндэтгэн хайрладаг, найз нөхөд, хамт олон нь бий. С.Болдбаатар гуайн амьдралын түүхийг сонсож суухад Ч.Лодойдамба гуайн “Хугараагүй ноён нуруу” тууж эрхгүй санаанд бууна.

Тэрбээр, “хадмууд маань хүүг минь их сайхан өсгөж өгсөн. Том хүү минь ШУТИС-ийг төгссөн. Гэр бүлтэй болсон. Замын дарга асан Г.Сэрээнэндорж хүүгийн маань ээжийн төрсөн ах юм шүү дээ. Г.Сэрээнэндорж дарга хүүгийн минь хуримыг их сайхан хийж, тусад нь гаргаж өгч байлаа. Тэдэндээ би их баярлаж явдаг. Одоо ач охин минь гурван настай. Би чинь өвөө болчихоод байгаа хүн. Гурван хүүхэд маань хотод бий. Ковидоос болоод тэр бүр нааш цааш яваад байж чадахгүй юм. Харин том хүү минь дүү нартаа өмөг түшиг болж явдаг. Том охин минь бас ШУТИС-ийг төгссөн. Одоо нэгэн англи хэлний сургалтын төвд менежерээр ажилладаг. Бага хоёр нь дунд сургуулийн 12, зургадугаар ангид сурдаг” гэлээ.

          4.“Мөнгөн буйл”-ын гочоо шиг …

Тэрбээр, сүүлийн арав гаран жил шурган үзэгчээр дагнан ажиллаж байгаа гэнэ. Найзынх нь тодорхойлсноор “мэргэжилдээ төгсөрсөн вагончин” ажээ. Таны ажилдаа баримталдаг зарчим гэхэд “миний ажил “за яах вэ” гэж залхуурч болдоггүй л ажил даа” гэж товч бөгөөд тодорхой өгүүлээд “ах нь нэг инээдтэй юм хэлье. Нөгөө “Мөнгөн буйл” киноны Гочоо худгийн моторчны курсээс эхлээд тахиа, гахай үржүүлэх 50 хоногийн курс, авгай хүүхний үс буржийлгах 15 хоногийн курс, адаг сүүлд нь ойжуулах курсэд явсан гээд арваад юм хуруу даран нэрлэдэг шүү дээ. Ах нь бараг тэр хэмжээний курсэд суусан шүү. Вагон үзэгчийн, шурган үзэгчийн, ахлах үзэгчийн, ТҮГ-ын дарга бэлтгэх, галт тэрэгний дарга, мастерын, цахилгаанчин, гагнуурчны гээд л мөн ч олон курсэд сурсан. Хүнд сурч мэдэх илүүддэггүй. Тэр бүгдээс сонсож, мэдэж авсан минь ажил амьдралд үргэлж л хэрэг болох юм. Тиймээс залуус минь сурч мэдэхийг битгий хойш тавьж байгаарай” гэж захилаа.

С.Болдбаатарыг оюутны ширээнээс ажлын талбарт ирэхэд З.Буян, Д.Амгалан гэх шурган үзэгч нар угтаж авсан багш нар нь ажээ. Түүнд Сайншандад таньж мэдэх хүн, орон сууц байхгүй тул З.Буян багшийнхаа нэг өрөөнд суух болжээ. З.Буян багш нь бас ганц бие. Хоёр багш нь түүнд вагон үзэгчийн эрдэм заахын зэрэгцээ шагайн харваанд ч “уруу татжээ”. С.Болдбаатар “аймгийн гоц мэргэн” цолтой харваач. Шагайн харваа түүнд нэг талаар амралт болдог гэнэ.

Түүнээс “та хүмүүсийн овог нэрийг бүтнээр нь, болсон үйл явдлыг он, сар, өдөртэй нь ярих юм” гэхэд дунд сургуульд драмын дугуйланд явдаг байлаа. Тэр үед жүжгийн зохиол их цээжилнэ. Ганц нэг жүжигт тоглож байсан. Тэр үеэс үлдсэн юм болов уу даа. Он сар гэснээс миний амьдралд долоогийн тоо их ээлтэй юм шиг санагддаг. Жишээ нь, 1967 онд төрсөн, 1987 онд сургуулиа төгссөн, 1997 онд охинтой болсон. 2007 онд Чойр зангилааны “шилдэг удирдагч” шагнал хүртсэн. 2011 оны долдугаар сарын 27-нд “Хүндэт төмөр замчин” болсон. 2020 оны наймдугаар сарын 7-нд “Алтан гадас” одон хүртсэн гээд миний амьдралын олон тэмдэглэлт үйл явдал долоогийн тоотой холбоотой байдаг шүү” гэсэн юм.

Хүй орчлонгийн түмэн эргүүлэгт их далайд амьдрал хэмээх хөлгийн залуурыг бат атган урагшилж яваа “эгэл төмөр замчин”, энхрий үрсийнхээ нөмөр нөөлөг, өмөг түшиг болсон нэгэн жирийн аавын түүхийг энд хүргээд өндөрлөе.

                                                                                   Сэтгүүлч Б.Гүнжинлхам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж