Хууль зүйн байнгын хороо ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийг оролцуулсан томилгооны нээлттэй сонсголыг өнгөрсөн хоёр өдрүүдэд ил тод зохион байгуулсан. Тэгвэл Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.11.17/ хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж байна.
Нэр дэвшигчид: Би нэрээ татахгүй
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд таван хүнийг сонгох ёстой. Гэвч зургаан нэр дэвшигч байгаа. Хоёр өдөр үргэлжилсэн нээлттэй сонсголын үеэр олон ч асуудал яригдлаа. Та нарын дунд нэрээ татах хүсэлтэй хүн байна уу. Зарим нэг эргэлзээтэй нэр дэвшигчээс тодруулж асуумаар байна. Нэр дэвшигч Р.Онончимэгтэй холбоотой хуурамч бичиг, баримт бүрдүүлсэн талаар маш олон хүнээс санал, гомдол ирүүлж байна. Заримтай нь би бүр утсаар ярилаа. Р.Онончимэг дээр ажилласан ажлын хэсгийн гишүүн нь үүнийг юу гэж харж байна. Эргэлзээтэй байгаа нэр дэвшигчид саналаа өгмөөргүй байна. Баталгаатай хүнд саналаа өгч, дэмжинэ. Ажлын хэсэг Р.Онончимэгтэй холбоотой арван хүнтэй ярилцсан гэнэ. Тэр арван хүн нь хэн байв. Гомдол гаргаад байгаа хүмүүс нь ямар тайлбар хэлж байсан юм. Аль эсвэл нэр дэвшигчийн талаар гүтгэлэг яваад байгаа юм уу. Энэ эргэлзээг тайлж өгөөч.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Н.Отгончимэг:
-Нэрээ татахгүй. Сонгон шалгаруулалтаа үргэлжлүүлнэ.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Эрдэнэчимэг:
-Н.Отгончимэг нэр дэвшигчтэй мөн адил зорьж ажиллаж байгаа учраас сонгон шалгаруулалтаа үргэлжлүүлэх хүсэлтэй байна.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Н.Баасанжав:
-Надад ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний албан тушаалд өөрийгөө сориод ажиллах хүсэл эрмэлзэл байна. Тиймээс нэрээ татмааргүй байна.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам:
-Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд шинэтгэл хийх чухал үйл хэрэгт өөрийнхөө мэдлэг,туршлага бүхий л боломжоо бүрэн зарцуулах хүсэл минь хэвээр байна.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Р.Онончимэг:
-Нэр дэвших үед хүмүүсээс өргөдөл, гомдол ирнэ гэдгийг би тооцоолж байсан. 2019 оны хуульчдын холбооны их хурал дээр энэ асуудал яригдсан. Мөн сонин хэвлэлүүдээр энэ талаар бичсэн. Надтай холбогдуулж гараад байгаа маргаан бол гэр бүлийн хөрөнгийн маргаан. Нотариат бол төрийн гэрчийн үүргийг гүйцэтгэдэг. Би ажиллах хугацаандаа 20 мянга гаруй гэрээ хэлцэл, 500 гаруй өв залгамжлах гэрчилгээг олгосон. Энэ нь миний ажлын нэг хэсэг. 2017 оны гэрчилсэн өв залгамжлах гэрчилгээтэй холбоотойгоор хоёр удаа надаас гэрчийн мэдүүлэг авсан. Хууль хяналтын байгууллага намайг шалгаагүй. Гомдол гаргагч тал цагдаагийн байгууллагад хандсан. Ер нь иргэний эрхзүйн маргааныг Эрүүгийн хэргээр далайлган сүрдүүлж шийддэг болох хандлага тогтоод байна. Өв залгамжлалын гэрээ хэлцлийн маргаан яахын аргагүй Иргэний эрхзүйн маргаан. Үүнээс болж би нэрээ татахгүй.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Н.Мөнгөнцэцэг:
-Нэрээ татахгүй.
Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүн, Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж:
–Нэр дэвшигч Р.Онончимэгтэй холбоотой гомдол ажлын хэсэг болон яаманд ирсэн. Иргэдийн гаргасан өргөдөл, гомдлыг судалж үзсэн. Энэ асуудал нь 2017 оноос эхэлсэн. Нэр бүхий иргэд Р.Онончимэг, тухайн хэргийг шалгасан цагдаа, прокурорын байгууллагын алба хаагчид холбогдуулж гомдол гаргасан юм байна лээ. Дүүргийн Ерөнхий прокурорт энэ асуудлыг шалгуулахад тэр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар улсын Ерөнхий прокурорт хүртэл дээрх асуудлаар гомдол гаргахад хэрэгсэхгүй болгосон байна. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч Р.Онончимэг нь Эрүүгийн хариуцлага хүлээгээгүй. Тиймээс ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвших эрхтэй.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Нэр дэвшигчид салбартаа олон жил ажилласан хууль эрхзүйн чиглэлээр мэргэшсэн хүмүүс байна. Ажлын хэсгээс асуухад томилгооны сонсгол цаашдаа ийм хэлбэрээр явах нь зөв үү. Сүүлдээ улс төрийн сонгуулийн процесс л өрнөөд байна даа. Нэр дэвшигчид ажлаа авахаасаа өмнө нийгэмд муу нэртэй болчихлоо. Янз бүрээр хэлүүлж байна. Шүүхийн хараат бус байдлыг хангаж ажиллах эдгээр хүмүүсийг улс төрийн сонгуулийн үеэр нэр дэвшигчдийг харлуулдагтай яг адилхан байдлаар харлуулж байна.
Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-Шүүхийн тухай хуульд томилгооны сонсголыг хийнэ гэж тусгасан. Хоёр өдрийн томилгооны сонсгол өнөөдрийн байнгын хорооны хуралдааныг харахад томилгооны сонсгол буруу болсон мэт ойлголт өгөхөөр мэдээллийг тарааж байна. Эцэстээ ажлын хэсгийн хэдэн гишүүд буруудаад дуусах вий. Тэд өдөр шөнөгүй, нойр, хоолгүй, цалин урамшуулалгүй ажилласан мөртлөө худалч, хуйвалдагч мэтээр яригдаж байгаад нь харамсч байна.
Мөн нэр дэвшигч Р.Онончимэгтэй холбоотой хар мэдээлэл их гарч байна. Уг нь энэ хүнтэй ажлын хэсэг их ажилласан. Хариуцсан илтгэгч гишүүн нь өнөөдөр хөдөө томилолтоор явсан алга. Түүний талаар маш олон хэлбэрээр мэдээлэл цуглуулсан судалсан. Шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэсэн хуультай байхад л энэ хүн хууль зөрчсөн гээд харлуулаад дайрчихна. Үүнээсээ болоод нэр дэвшигч эвгүй байдалд орж байна. УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль дээр томилгооны сонсгол хийх журам батлахдаа үүнийг анхаарч сайжруулах шаардлагатай байна. Тэгэхгүй бол нэр дэвшигчдийг шалгаруулж байгаа ажлын хэсэг нь хууль зөрчиж, нэр дэвшигчид нь ч болж бүтэхгүй хүмүүс юм шиг ойлголт нийгэмд төрүүлж байна. Аливаа асуудалд бодитой хандах нь зөв.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Бид нар ардчилалд суралцаж явна. Ардчилал бол ядаргаатай процесс. Зөвшилцдөг, ярилцдаг, хэлж шүүмжилдэг. Өөр, өөр байр суурьтай учраас бие, биеийнхээ дургүйг хүргэдэг. Гишүүдийн царайг харахад томилгооны сонсгол 100 хувь таалагдаж байгаа гишүүн алга. Ихэнх нь шүүмжилж байна.Үүнээс харахад харин ч томилгооны сонсгол хийх нь зөв гэж санагдаж байна. Иргэд нэр дэвшигчдийг шүүмжилж байгаа нь тийм ч аюултай биш шүү дээ. Энэ чинь өөрөө ардчилсан процесс.
Ардчилал ийм зовлонтой. УИХ ч гэсэн томилгоог чимээгүй хийчихдэг. Уг нь олон улсад "цүнх баригч" гэж сайд хүнийг хэлдэг. Манайд бол “суганы үс” гэж ярьдаг. Ямар ч сонгон шалгаруулалт явуулдаггүй учраас “халаасны хүн”, “цүнх баригч”-ид ихэсч байна. Үүнийг халах алхмыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийсэн. Бид нэр дэвшигчдийн мэдээллийг онгично. Магадгүй хувийн амьдралыг ярьж ч магадгүй. Бусад ардчилсан оронд ингэдэг. Үүнээс юундаа ичиж санаа зовоод байгаа юм. Хүсэхгүй бол битгий нэр дэвш. Тэгвэл таны амьдралыг онгичихгүй. УИХ-ын гишүүдэд томилгооны сонсгол зовлонтой санагдаж байж магадгүй. Уг нь даргын даалгаврыг ёсчлон биелүүлдэг тогтолцооноос УИХ салж байна. Иргэд өөрөө өөрсдийгөө нэр дэвшүүлэх эрхийг өгсөн. Дарга өөрийн хүнээ нэр дэвшүүлдэг эрхийг нь бид болиулсан. Одоо бид хуваалцаж хэрэгжүүлж байна. УИХ-ын гишүүнийхээ зарим эрхийг ажлын хэсэгт өгсөн. Тэр нь байгууллагуудын чансаатай тэнцвэртэй төлөөллийг хангаж байгаа. Ерөнхийлөгч, Засгийн газар, олонх цөөнхөө төлөөлж байна. Миний үгнээс залхаад байгаа гишүүд хуралд суух албагүй.
Нэр дэвшигчдийг ШСХ-ны шүүгч бус гишүүнээр томилохыг дэмжив
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
–Шүүхийн сахилгын хороо Үндсэн хуулийн байгууллага болчихлоо шүү гэдгийг санаж явах хэрэгтэй. Тэгэхээр та нар Үндсэн хуулийн байгууллагын гишүүн болж байгаагаас өөрцгүй. Үндсэн хуульд гарын арван хуруунд багтахаар цөөхөн хэдэн байгууллага багтдаг. Ардчилал, хүний эрхийн асуудал Монголын хөгжил та биднээс шууд шалтгаалах гэж байна. Шүүхийн сахилгын хорооны гишүүн гэдэг нь та нарын өмнө хийж байсан багш, цагдаа, мөрдөн байцаагч, судлаачийн ажлаас өөр шүү. Энэ бол маш их хариуцлагатай, итгэл даасан ажил. Хамгийн наад зах нь та нар ажлаа муу хийвэл шүүхийн шинэтгэл хийх байтугай ухралт болно. Үүнийг хичээнгүйлэн санаж ажиллаарай. ШЕЗ болон шүүхийн сахилгын хороо байгуулагдсаны дараа шүүгчид сэтгэл дундуур үлдсэн хүмүүс өргөдөл бариад ирнэ. Эхний нэг жил та нар ийм өргөдөлд дарагдана. Үүнийг эхнээс нь таслан зогсоох ёстой шүү. Та нар Шүүхийн тухай хуульд заасан 44 зөрчилд л анхаарлаа хандуулах ёстой. Өөр зүйлд ерөөсөө анхаарал хандуулж болохгүй. Хов живэнд хутгалдаж, гомдлоо тайлах гэсэн хүмүүстэй хутгалдах хэрэггүй. Үүнд орооцолдох л юм бол шүүхийн сахилгын хорооны ажил буруудна. Та нар цагдаа, шүүгч биш. Харин Монгол Улсын нийт 510 шүүгчийн туслах, зөвлөх байх ёстой шүү.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-Шүүхийн тухай хууль гарснаар шүүх тогтолцоо зөв зохистой ажиллах суурийг бүрдүүлж өгнө. Энэ том шинэчлэлийн нэг том байгууллага нь шүүхийн сахилгын хороо юм. Шүүх гэдэг бол аливаа нийгмийн шударга ёсны хамгийн эцсийн манаанд зогсч байгаа байгууллага. Тэгэхээр шударга ёс байна уу үгүй юу гэдэг нь шүүхийн үйл ажиллагаагаар л хэмжигдэнэ. Тэр манаанд та нар хамт гарч байна. Нөгөө талаасаа гишүүдэд хандаж хэлэхэд бид өөрсдөө хууль баталсан бол хуулиа яг таг мөрддөг байх нь хамгийн чухал асуудал болоод байна. Өөрсдөө хуулиа биелүүлээгүй байж бусдаас хууль биелүүлэхийг шаардах боломжгүй.
Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн нэрээ дэвшүүлсэн Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун, Х.Хашбаатар нарыг Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр томилохыг дэмжлээ.
Одоо үргэлжлүүлэн ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэрээ дэвшүүлсэн Н.Отгончимэг,
- Д.Эрдэнэчимэг,
- Н.Баасанжав,
- Р.Онончимэг,
- Д.Зүмбэрэллхам,
- Н.Мөнгөнцэцэг нарыг томилохыг дэмжих эсэхийг хэлэлцэж байна.
Б.Энхбаяр: Нэр дэвшигчдийг сайлах, муулах байр суурь баримтлахгүй
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
–Миний хувьд нэр дэвшигчдийг сайлах, муулах байр суурь баримтлахгүй гэдгийг нээлттэй сонсголын үеэр хэлсэн. ШЕЗ болон шүүхийн сахилгын хороо нь Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдэл гэдэг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчөөс хараат бус бие даасан байх, эргээд хяналт тавих байгууллага. Тиймээс Үндсэн хуулийн суурь зарчимд хүндэтгэлтэй хандах нь чухал. Та бүхэн томилогдсоны дараа шударга бусын хонгилыг нурааж шударга ёсны хүсэмжлэлийн төлөө хийсэн реформыг баллуурдах, халтардуулах хууль бус ёс зүйн зөрчил гаргасан хэн ч байсан та нар хариуцлага тооцох ёстой. Тиймдээ ч шүүхийн сахилгын хорооны гишүүдэд тавигдах шаардлага өндөр. Шүүгчидтэй адилхан шаардлага тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, улс төрд нөлөө бүхий хүмүүстэй харилцах, дотносохыг хориглосон. Ийнхүү хязгаарласан учраас ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдэд нөлөөлөл, дарамт, шахалт үзүүлэхгүй байх гэж найдаж байна. Та бүхэн анхны гараа болно. Хуулийн чиглэлээр суралцаж байгаа дараа, дараагийн үеийн залууст “Би 20 жилийн дараа мэргэжлээ өндөр түвшинд эзэмшээд сайн ажиллавал аль нэгэн дарга, намыг дагахгүйгээр шударгаар өндөрлөгт хүрэх бололцоо байна” гэх итгэлийг өгөхийг миний хувьд хүсч байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Тогтворжсон амар амгалан нийгэмд олон нийтийн танил бус хүмүүс аливаа томилгоонд зонхилдог. Парламент ч мөнт адил. Нэр дэвшигчдийн намтар түүхийг харвал нийгмийн дундаж хүмүүс. Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нийт 24 хүн нэрээ дэвшүүлсэн байна. Үүнээс таван хүнийг ажлын хэсэг оруулж ирж. Миний хувьд дотроо гараад ирээсэй гэж хүсч байсан 2-3 хүн орж ирсэнгүй. Тэглээ гээд би яах билээ. Нэр дэвшигч Х.Хашбаатар, Д.Мягмарцэрэн хоёрыг цагдаа, АТГ-д ажиллаж байсан болохоор эргэлзэж байсан. Эргээд бодоход энэ чиглэлийн хүмүүс байвал баланс нь тэнцвэржээд зүгээр ч юм уу гэж бодогдсон. Та хэдийн дунд туршлага багатай хүн алга. Би “Архи дарс хэр хэрэглдэг вэ” гэх асуултыг гурван эрэгтэй нэр дэвшигчээс асууя. Манайд хичнээн мундаг байлаа гээд архи дарс уугаад, лифтэнд янз бүр болдог шүүгчээс эхлээд нэр хүндгүй болж байна. Гишүүд хоорондоо танилцана гээд ууж идвэл яах вэ гээд би дотроо бодож байна.
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун:
–Архи, дарс хэрэглэдэггүй. Учир нь миний бие организм хүлээж авдаггүй. Нэг аяга айраг уухад л миний нүүр улайдаг. Үүнийг надтай хамт ажиллаж байсан хүмүүс сайн мэднэ.
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Х.Хашбаатар:
-Би тамхи татдаггүй. Баяр ёслолын өдөрт зориулж согтууруулах ундааны төрлийн зүйлийг зохих хэмжээнд хэрэглэдэг.
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Мягмарцэрэн:
-Архи хэрэглэдэггүй. Амьдралд архинаас улбаалсан сургамжтай зүйл олон тохиолдсон учраас хэрэглэхийг урьтал болгодоггүй. Би тамхи татахаа болиод 12 жил болж байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Би бол архи, дарс огт уудаггүй. Д.Мягмарцэрэнгийн адил надад амьдралаас авсан сургамжтай олон зүйлс тохиолдсон. Тиймээс хэрэглэхээ больсон. Шүүхийн сахилгын хороо монголын түүхэнд анх удаа Үндсэн хуулийн түвшинд байгуулагдаж байна. Тиймээс тус хорооны гишүүд ёс зүйн доголдолгүй, биеэ зөв авч явах ёстой. Архинаас болж барьцаалагдах вий.
Д.Эрдэнэчулуун: Шүүхийн унасан нэр хүндийг сэргээнэ
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ. ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд сонирхсон асуултаа асууж байна.
УИХ-ын Ц.Сандаг-Очир:
-Ажлын хэсэг ямар журмаар нэр дэвшигчдийг сонгосон бэ. Асуудалтай ганц нэг хүнийг тооцвол бусад нь гайгүй байх шиг байна. Хоёрдугаарт, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун та Монгол Улсын 500 шүүгчийн 200-г нь томилоход оролцсон хамтарч ажиллаж байсан гэж ярина лээ. Шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд та хувь нэмрээ оруулж чадах уу. Та тэтгэвэрт гарах дөхсөн насны хүн байна. Нөгөөтэйгүүр ажлын хэсэг таны дадлага, туршлагыг харж оруулж ирсэн байх л даа. Та үнэхээр 200 шүүгчийг томилсон юм уу. Хэрэв тийм бол та шүүхийн сахилгын хорооны гишүүнээр томилогдлоо гэж бодоход хоорондоо харшлахгүй юу? Таны эхнэр Улсын дээд шүүхэд шүүгч хийдэг юм байна.
Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-Гуравдугаар сарын 10-нд байнгын хорооны тогтоолоор ажлын хэсэг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшихээр нийт 28 хүн материалаа ирүүлсэн. Ажлын хэсэг эдгээр материал дээр нэг бүрчлэн сууж ажилласан. Дөрвөн хүний материал шаардлага хангаагүй учраас бүртгэхээс татгалзсан. Үлдсэн 24 нэр дэвшигчээс сонгон шалгаруулалтын явцад нэг хүн нэрээ татсан тул 23 хүнийг сонгон шалгаруулалтад оролцуулсан. Ажлын хэсэг нэр дэвшигчдийг ажлын хэсгийн ахлагчдаас бусад гишүүн бүрт тохиолдлын журмаар тэнцвэртэй хуваарилсан. Хуваарилахдаа сугалаа сугалсан. Өөрөөр хэлбэл, сугалаа сугалаад тохиолдлын журмаар ажлын хэсгийн арван гишүүд 24 нэр дэвшигчийг хуваарилж авсан. Өмнө нь хамт ажиллаж байсан эсхүл таньдаг тохиолдол гарсан нөхцөлд дахин сугалаа сугалуулсан. Ажлын хэсэг ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж нэр дэвшигчдийн талаар материал цуглуулсан. Нэр дэвшигчдийн материалын үнэн зөвийг бататгах, хэвлүүлсэн ном бүтээлийг судлах, гэмт хэрэгт холбоотой эсэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас авч хувийн нүүр тулсан болон цахим ярилцлагууд зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг аравдугаар сарын 19-нд хуралдаж УИХ-д санал болгох нэр дэвшигчдийг тодруулсан бөгөөд ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдийг олон нийтэд танилцуулсан.
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун:
-Шүүхийн унасан нэр хүндийг сэргээхэд гар бие оролцон хичээн ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна. Би 59 настай. Ирэх жил тэтгэвэр тогтоолгох насанд хүрнэ. Зургаан жилийн дараа тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрнэ. Энэ албан тушаал зургаан жилийн хугацаанд ажиллахаар хуулийн зохицуулалттай. Тэгэхээр хуульд нийцэж байгаа. Биеийн эрүүл мэндийн хувьд хэвийн сайн байгаа. Сүүлийн зургаан жилийн хугацаанд ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байх хугацаанд шүүгчийн томилгоонд оролцсон. Шүүгч дунд надтай хамт ажиллаж байсан болон хамт сургуульд сурч байсан хүмүүс бий. Мөн ШЕЗ-ийн гишүүн болсноос хойш шинээр томилогдсон хүмүүс байгаа. Би анхан, давж заалдах шатанд ажиллаж байгаад хяналтын шатанд дэвшин орж ажиллах сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг шүүгчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхэд оролцож байсан. Давхардсан тоогоор учраас 200 шүүгч гээд их тоо гарч байгаа. Гэхдээ би сүүлийн хоёр жилийн хугацаанд шүүхийн байгууллагад ажиллаагүй. Энэ хугацаанд миний таньдаг шүүгч нарын ихэнх нь гавяаныхаа амралтанд гарсан. Зарим нэг нь өөрсдийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байна лээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
–Нэр дэвшигч нараас асуух асуулт алга. Ажлын дадлага, туршлагатай мэргэжлээрээ олон жил ажилласан, хамт олныхоо нэр хүнд сайтай гэх шалгууруудыг хангасан гэдэгт итгэлтэй байна. Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын зорилго нь шүүхэд салхи оруулах, шүүхийг хараат бус болгох, шүүхэд итгэх ард түмний итгэлийг нэмэгдүүлэх, шударга шүүхээр иргэд шүүлгэдэг байх. Тиймээс ШЕЗ-ийн болон шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг хууль зүйн байнгын хорооны тогтоолоор баталсан. Энэхүү журамд шүүгчээр өмнө нь ажиллаж байгаагүй, ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаагүй, шүүхийн захиргааны ажилтан, өмгөөлөгчөөр одоо ажиллахгүй байгаа хүмүүсийг сонгоно гээд цагаанаар хараар маш тодорхой бичсэн байгаа. Гэтэл ажлын хэсэг яаж яваад шүүхийн салбарт 1998 оноос хойш ШЕЗ-ийн ажлын хэсгийн ахлах мэргэжилтнээс эхлээд 2019 он хүртэл ШЕЗ-ийн гишүүн хүртэл ажилласан хүнийг оруулаад ирэв. Өөрөөр хэлбэл 21 жил шүүхийн салбарт ажилласан хүнийг шүүгч бус гишүүнээр оруулж ирснийг гайхаж байна. Тэгвэл шүүгч өргөдлөө өгч гараад шүүгч бус гишүүн болно гээд зүтгэх нь л дээ. Шүүгч бус гэдгийх нь онцлог нь энэ. Шүүхийн захиргаанд одоо ажиллахгүй хүн байх ёстой байтал одоо ажиллаж байгаа хүнийг оруулж ирсэн байна. Үүнийг ажлын хэсгийн бүрэлдэхүүн надад маш тодорхой тайлбарлаад өгөөч.
Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-2021 оны нэгдүгээр сард баталсан Шүүхийн тухай хуулийн 95.3 дүгээр зүйлд “Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байна. Шүүгч бус гишүүд нь хууль зүйн өндөр мэргэжилтэй. Эрхзүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан. Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй. Сүүлийн таван жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэн байна” гэж заасан. Үүн дээр таны хэлээд байгаа ШЕЗ-д ажиллаж байгаагүй гэсэн заалт байхгүй.
Байнгын хорооноос гуравдугаар сард сонгон шалгаруулах журам баталсан. Тус журмын 2.2-т “Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь шүүхийн тухай хуулийн 95.3, 95.4, 95.8-д заасан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн байна” гэж заасан. Шүүгч, өмгөөлөгч, шүүхийн захиргааны ажилтан, болон ШЕЗ-ийн гишүүнээр ажиллахгүй байгаа гэх заалтыг ажлын хэсгийн журамд нэмж оруулсан. Өөрөөр хэлбэл, хуульд байгаагаас гадна нэмж шалгуур тавьсан. Өөрөөр хэлбэл, ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаагүй биш ажиллахгүй байгаа гэсэн шалгуур бий. Хуульд байхгүй шалгуурыг нэмж оруулсан. Хууль болон журмын дагуу сонгон шалгаруулалтыг хийсэн. Үүнд өмнө нь ШЕЗ-д ажиллаж байсан гэдэг нь хамаарахгүй. Одоо ажиллахгүй байгаа гэдэг нь хамаарна.
ШЕЗ болон ШСХ-ны шүүгч бус гишүүдийн томилгоог хэлэлцэнэ
Хууль зүйн байнгын хороо ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийг оролцуулсан томилгооны нээлттэй сонсголыг өнгөрсөн хоёр өдрүүдэд ил тод зохион байгуулсан. Тэгвэл Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.11.17/ хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэнэ.
Тодруулбал, 2021 оны гуравдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах бүрэн эрх бүхий Шүүхийн сахилгын хороонд олгосон. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналыг авсан нэр дэвшигчдийг л УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна. Ингэхдээ эцсийн шийдвэрийг УИХ гаргах юм.
ШЕЗ-ийн шүүгч бус ГИШҮҮНД:
- Н.Отгончимэг,
- Д.Эрдэнэчимэг,
- Н.Баасанжав,
- Р.Онончимэг,
- Д.Зүмбэрэллхам,
- Н.Мөнгөнцэцэг нар нэр дэвшээд байна.
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус ГИШҮҮНД:
- Ц.Давхарбаяр,
- Д.Ариунтуяа,
- Д.Мягмарцэрэн,
- Д.Эрдэнэчулуун,
- Х.Хашбаатар нар дэвшиж буй.
Томилгооны нээлттэй сонсголыг ийнхүү зохион байгуулж буй нь хаалттай хаалганы цаана, хэнд ч мэдэгдэхгүйгээр болоод өнгөрдөг байсан томилгоог бүх нийтэд ил тод, нээлттэй болгож буйгаараа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжүүлэх явцад гарч буй дэвшил гэдгийг Б.Энхбаяр гишүүн онцолж байв.
Холбоотой мэдээ