Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд болж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд Засаг дарга нар манлайлан оролцохыг Ерөнхий сайд уриаллаа
Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолыг баталж, хэрэгжилтийг шуурхай хангахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Энэхүү тогтоолын хэрэгжилтийн явцыг хагас жил тутам нэгтгэж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад үүрэг болгов.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдааны үеэр,
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганаар “Тэрбумаар тоологдох мод ургуулах” санаачилгыг дэвшүүлсэн. Энэ бол зөвхөн эх орныхоо цөлжилт, газрын доройтол, ой мод, ойн сан, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах төдийгүй уур амьсгалын нөлөөллийг бууруулж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний үйлсэд Монголчууд та бидний оруулж хувь нэмэр.
Хүлэмжийн хийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол ойжуулалт. Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн бол ойг нөхөн сэргээх, ойжуулалтын үр дүн, чанарыг сайжруулахэрх зүйн орчин бүрдүүлэх, ойн шавжтай тэмцэх, түймрээс сэргийлэх, ойн хомсдол, доройтлыг бууруулах, арчилгаа, цэвэрлэгээг эрчимжүүлэх, элсний нүүдлээс хамгаалах зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу үйлдлийн үндсэн бөгөөд цогц шийдлүүдийн нэг юм.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагдсан Тогтвортой хөгжилд хүрэх 17 зорилгын нэг нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах юм. Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын үндсэн есөн зорилтын нэг мөн Ногоон хөгжил. Монгол Улс цаг алдалгүй эдийн засгийн олон тулгуурт бодлого, ногоон хөгжлийн загварт шилжих нь хөгжлийн ирээдүйн баталгаа юм гэж хэллээ.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд ахлаж, энэ чиглэлийн ажлын уялдаа холбоо, хэрэгжилтийг эрчимжүүлж, тэрбум мод ургуулах санаачилгыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Засгийн газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хариуцан зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах “Ойн судалгаа, хөгжлийн агентлаг” байгуулна. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажлыг дүгнэх журамд мод ургуулах, арчлах, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх шинэлэг технологи нэвтрүүлэх замаар экологийн тэнцвэрийг хангах чиглэлд иргэд, аж ахуйн нэгжийн санаачилгыг дэмжих зэрэг үзүүлэлтийг нэмсэн гэдгийг Ерөнхий сайд онцлоод хөгжлийг хязгаарлаж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд Засаг дарга нар манлайлан оролцохыг уриаллаа. Монгол Улсын Засгийн газар хөгжлийн стратеги зорилго, үйл ажиллагаандаа ногоон шийдлүүдийг эрхэмлэсэн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэхийн төлөө улс төрийн манлайлал үзүүлж ажиллана гэлээ.
Өвс, тэжээлийн нөхөн бүрдүүлэлтээ шуурхай зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо
Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан үр дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын гишүүд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт танилцууллаа. Үүнтэй холбогдуулан,
-Мал, амьтны гоц халдварт шүлхий, бог малын мялзан, хонины цэцэг, үхрийн арьс товруутах өвчин оношлогдоод байгаа аймгуудын нутаг дэвсгэрт өвчнийг бүрэн хяналтад авах, устгах, тэмцэх арга хэмжээний бэлэн байдлыг эрчимжүүлж, мэргэжлийн байгууллагуудад бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгалаа.
Аймаг, сумын бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүй нөөцийг хангалтгүй бэлтгэсэн Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Сэлэнгэ, Төв, Увс аймаг өвс, тэжээлийн нөхөн бүрдүүлэлтээ шуурхай зохион байгуулахыг эдгээр аймгийн бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.
Улсын хэмжээнд мал, амьтны гоц халдварт өвчний тархалт их байгаатай холбогдуулан мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамрагдсан малыг улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутаг, хилийн зурвас газар, улсын тусгай хамгаалалттай газарт отроор өвөлжүүлж, хаваржуулах ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт даалгав.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар