Монголчууд сүмогийн ертөнцөд хөл тавьсны 30 жилийн ой ирэх онд тохионо. 1992 онд “анхны зургаа” Японд газардаж, сүмо дахь монголчуудын эрин үе эхэлсэн түүхтэй. Хүнд хэцүү бэлтгэл, соёлын ялгаа зэрэг бэрхшээлийн улмаас гурав нь удалгүй нутаг буцсан ч, Б.Энхбат, Н.Цэвэгням, Д.Батбаяр нар үргэлжлүүлэн барилдсан. Үүнээс удалгүй Кёкүшюүзан Д.Батбаяр дээд макүүчи зиндаанд монгол хүн барилдаж болдгийг харуулж, ирээдүйн их аваргууд төрөх жимийг татсан. Тэгвэл өдгөө хэдийнэ таван их аварга төрөөд байна.
АНХДАГЧ АСАШОРЮҮ
Ямартай ч монголчууд сүмод идээшиж, амжилт гаргаж эхэлсний дараа хэзээ аварга төрөх вэ гэдэг асуулт олны сонирхлыг татаж байлаа. 1992 оноос хойш долоон жилийн дараа Асашорюү Д.Дагвадорж сүмод хөл тавив. “Өглөөний хөх луу” өөрийн хурц зоримог барилдаанаараа ард түмнээ төдийгүй арлын Японыг байлдан дагуулж, ердөө гуравхан жилийн дотор сэкивакэ цолонд хүрч, Кёкүшюүзан ахынхаа дутууг гүйцээв.
Тухайн үед Америкийн Самоагоос гаралтай Мүсашимарү Койо сүмо дахь ганц ёкозүна байлаа.
2002 оны эхэнд сэкивэкэ цол, тухайн оныхоо төгсгөлд озэки цол хүртэж, дараагийн ёкозүна болох нь бараг л тодорхой болсон. Озэки цолтой гурван башё барилдсаны эцэст Асашорюү мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүнагаар тодорч, энэхүү цолыг хүртсэн анхны монгол хүн болжээ.
Монгол хөвгүүд сүмод хөл тавьснаас хойш 11 жилийн дараа Д.Дагвадорж тал нутгийн хүү ёкозүна болдгийг харуулав.
ДАРХАН АВАРГЫН ДАРХАН ХҮҮ
Мүсашимарү Койо 2003 онд зодог тайлснаар Асашорюү ганцаараа ёкозүна цолтой болж үлдсэн. Тэрбээр 2007 он хүртэл энэхүү нэр хүндтэй, басхүү шандас сорьсон ажлыг хийсэн. Харин 2007 оны тавдугаар сард Хакүхо М.Даваажаргал ёкозүна цолыг хүртсэн 69 дэх хүн болж, ахынхаа ачаанаас хуваалцаж эхлэв. 2000-аад дунд үед монголчууд хэн хүнгүй сүмод автсан. Ялангуяа башё бүрийн сүүлийн өдөр Хакүхо-Асашорюү нарын халз барилдааныг үзэх гэж цэцэрлэгийн багачуудаас тэтгэвэрийн хөгшчүүд хүртэл цэнхэр дэлгэцийнхээ өмнө уяагддаг байлаа. Тэдний өрсөлдөөн сүмогийн ертөнцийн чимэг нь байсан.
2010 онд Асашорюү “гайтай” хэрэгт холбогдож, сүмогийн холбооны дарамт шахалтын улмаас зодог тайлахаас өөр аргагүйд хүрэв. Залуу насных нь ааг омог, бяр тэнхээ нь багтаж ядсан их аварга 30 насандаа дээд зиндааны 25 түрүүтэй зодог тайлсан. Магадгүй үргэлжлүүлэн барилдсан бол Таихо аваргын 32 түрүүлсэн амжилтыг эвдэх байсан биз ээ. Гэхдээ түүний гүйцээгээгүйг Хакүхо гүйцээж, нийт 45 түрүү хүртэн дахин түүн шиг аварга төрөх үү гэдгийг асуултыг үлдээсэн. Эцэг нь Монголын үндэсний бөхийн дархан аварга, хүү нь Японы үндэсний бөхийн дархан аварга. Бүхэл бүтэн хоёр улсын түүх соёлын гол төлөөлөгч болсон, цагийг эзэлсэн ийм эцэг хүү хоёр манай гаригт үгүй ээ.
70 ДАХЬ ЁКОЗҮНА ХАРҮМАФҮЖИ
“Аса” зодог тайлсны дараа Хакүхо ёкозүна цолтой ганц бөх болж үлдэв. 2010 он гарснаар Хакүхо “галзуурч” 86 дараалан нэг ч уналгүй давж, барилдсан башё бүртээ түрүүлж байлаа. Тийм л өндөр формтой, тэнгэрт гарчихсан байсан Хакүхог озэки цолтой байсан Харүмафүжи газарт буулгаж, “Би дараагийн ёкозүна болоход бэлэн” гэдгээ харуулсан.
Харүмафүжи 2012 оны нагоя болон аки башёд дараалан нэг ч уналгүй 30-0 гэсэн амжилттай түрүүлсэн.
Ийнхүү сүмогийн холбоо ч шийдвэрээ гаргаж, 70 дэх ёкозүнагаар Харүмафүжи Д.Бямбадорж тодров. Хакүхо-Харүмафүжи хоёрын өрсөлдөөн ч гайхалтай байсан. “Ама” бол Хакүхог хамгийн их давсан бөх. Түүнээс өөр хэн ч Хакүхог 21 удаа өвдөг шороодуулж байсангүй.
Аваргуудын хоорондын харьцаа Харүмафүжи 21:36 Хакүхо.
ҮЕИЙНХЭНТЭЙГЭЭ ЗЭРЭГЦСЭН КАКҮРЮҮ
Хакүхо, Харүмафүжи, Какүрюү гурав 1984, 1985 оны үе тэнгийн залуус. Энэ гуравт сүмогийн зургаан башё багаддаг байв. Үеийн, нэг нутгийн залуус нь ёкозүна цолтой байхыг хараад Какүрюү М.Ананд ч хөдөлмөрлөсөн зүтгэсэн. Үүнийгээ 2014 оны нацү, харү башёд харуулж, нэг үзүүрлэж, нэг түрүүлснээр ёкозүна цолны болзлоо хангаж билээ.
2014 оны гуравдугаар сард ёкозүнагийн зөвлөл түүнийг ёкозүна цол хүртэх эрхтэй гэж бүрэн дэмжиж, сүмогийн холбоо түүнийг 71 дэх ёкозүнагаар баталсан. Ингэснээр мэргэжлийн сүмогийн 68, 69, 70, 71 дэх ёкозүна нар бүгд монгол хүн болов. Какүрюү М.Ананд озэки цолтой нэг түрүү, ёкозүна цолтой таван түрүү хүртсэн. Түүнд олон башёд түрүүлэх боломж байсан ч харамсалтай нь бэртэл гэмтэл түүний ганц дайсан байв.
Монгол хүн ёкозүна болдог зүй тогтлыг Кисэносато таслаж, 72 дэх ёкозүна болж байв.
ЁКОЗҮНА ЦОЛ ХҮРТЭХ ЭРХТЭЙ ЁКОЗҮНА
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн бөхийн замнал үнэхээр биширмээр. Олон дараалсан хүнд бэртэл гэмтэл, хагалгааны улмаас зиндаа буурч, ёроолдоо хүрсэн ч тэр бууж өгөөгүй. Эхэлсэн цэгээсээ дахиад шат шатаар нь өгсөж, өнөөгийн өндөрлөгтөө хүрсэн. Тэр бол яахын аргагүй ёкозүна цол хүртэх эрхтэй ёкозүна.
Харүмафүжи, Какүрюү нар зодог тайлсны дараа Хакүхогийн ээлж удахгүй ирнэ гэдгийг хүн бүр мэдэж байсан. Хакүхо өөрөө ч цаг нь ирсэн гэдгийг ухаарсан байх. Гэхдээ түүнд хорогдох ганц шалтгаан байсан нь Тэрүнофүжиг ёкозүна болохыг хүлээх. Одоо тэр нутгийн дүүдээ 20 жил эзэгнэсэн дэвжээгээ хүлээлгэн өгөөд өөрөө дэргэдээс нь харан зогсч байна. Удахгүй 30 нас хүрэх 73 дэх их аваргыг урт аялал хүлээж байгаа. Одоогоор түүнтэй түрүү, үзүүр булаалдах бөх хараахан харагдахгүй л байна.
Холбоотой мэдээ