Олон улсын цэргийн зөрчил ба иргэний нисэхийн сэргэлт Дубайд төвлөрөв

Хуучирсан мэдээ: 2021.11.17-нд нийтлэгдсэн

Олон улсын цэргийн зөрчил ба иргэний нисэхийн сэргэлт Дубайд төвлөрөв

Олон улсын цэргийн зөрчил ба иргэний нисэхийн сэргэлт Дубайд төвлөрөв

Дубайн агаарын шоу өнгөрсөн Ням гаригт нээлтээ хийж, олон улс төдийгүй томоохон авиа компаниуд байлдааны болон иргэний агаарын тээврийн шинэ нисэх онгоц, техник хэрэгслээ танилцуулж, олон тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгууллаа. Тухайлбал, ОХУ нь тус шоуны үеэр байлдааны онгоцны тав дахь үеийн шинэ загвараа танилцуулжээ. Мөн Арабын нэгдсэн Эмират улс нь АНУ-аас “F-35” сөнөөгч онгоц худалдан авахаар гэрээ байгуулав.

НЭГ ДАЙРАЛТААР 5 БАЙ СӨНӨӨХ ЧАДАЛТАЙ СУХОЙ СУ-75 СӨНӨӨГЧИЙГ ИХЭД СОНИРХЖЭЭ

ОХУ-аас өнгөрсөн долдугаар сард анх танилцуулсан нэг хөдөлгүүрт Сухой Су-75 сөнөөгч онгоцоо Дубайн шоунд оролцогчдод сонирхууллаа. “Checkmate” гэгдэх уг байлдааны онгоц нь өмнөх Сухой загваруудаас зардлын хувьд хэмнэлттэй ч илүү хурдтай болжээ. “Checkmate” сөнөөгч онгоц нь нэг дор таван пуужин тээвэрлэх боломжтой тул нэг дайралтаар олон байг сөнөөх чадвартай гэдгийг шоуны танилцуулгад онцолжээ. ОХУ-ын  ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долдугаар сард тус сөнөөгч онгоцны танилцуулгад биечлэн оролцсон бөгөөд туршилтын нислэгүүдийг 2023 оноос хийж, 2026 оноос үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөсөн байна. Гэхдээ хараахан захиалга авч эхлээгүй аж. Нөгөө талд Сухой Су-75 онгоцны өрсөлдөгч байж болох АНУ-ын тэнгисийн цэргийн “Lockheed Martin F-35” сөнөөгч онгоц аль хэдийнэ 2015 оноос тулаанд оролцож эхэлсэн билээ.

Тус нисэх онгоцыг Эмиратын төлөөлөгчид ихэд сонирхсон хэмээн ОХУ-ын мэдээллийн агентлагууд онцолсон байна. Гэхдээ Барууны дипломатуудын зүгээс АНУ-тай холбоотон Персийн булангийн орнууд Оросоос сөнөөгч онгоц худалдан авах нь эргэлзээтэй гэж үзжээ. Гэсэн ч сүүлийн жилүүдэд Персийн булангийн орнууд ОХУ-аас байлдааны техник хэрэгсэл худалдан авах, сонирхох нь харьцангуй нэмэгдсэн нь ажиглагддаг. Тухайлбал, 2017 онд Эмират улсаас ОХУ-аас Сухой Су-35 байлдааны онгоцыг худалдан авч, батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах урьдчилсан гэрээг байгуулсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл гэрээний үйл явц удаашралтай байна. Түүнчлэн АНУ-аас 50 ширхэг “F-35 Lighting II” сөнөөгч онгоц худалдах гэрээ ч мөн удааширсан нь Вашингтон, Бээжингийн харилцаанд зөрчил хурцадсантай холбоотой. Эмират нь өнгөрсөн жил Израйльтай харилцаагаа сайжруулсны дараа АНУ нь сөнөөгч онгоцоо тус улсад худалдах гэрээ байгуулсан юм. Үүний зэрэгцээ АНУ, Хятадын зөрчлөөс шалтгаалан Эмират улс нь “Huawei” компанийн 5G интернэт сүлжээг оруулж ирэх ажил ч саатсан байна.

АГААРЫН ШОУНЫ ЭХНИЙ ХОЁР ӨДӨРТ 200 ТЭРБУМ ДИХРАМЫН ӨРТӨГТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

Таван хоног үргэлжилсэн Дубайн агаарын шоуны зөвхөн эхний хоёр өдөрт хийгдсэн худалдааны гэрээний өртөг 200 тэрбум дихрамд хүрснийг зохион байгуулагчид онцолжээ. Эхний өдөр 137 тэрбум дихрам, хоёр дахь өдөрт 65.5 тэрбум дихрамын худалдааны гэрээ зурагдсаны дунд шинээр гарсан нисэх онгоц худалдан авах,  агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан гэрээ зэрэг багтаж байна. Европын иргэний нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компани АНУ-д төвтэй Нисэхийн лизингийн корпорациас (ALC) 15 тэрбум ам.долларын өртөгтэй 111 нисэх онгоц худалдан авах захиалга авч, гэрээ байгуулсан нь хоёр дахь өдрийн шоуны гол үйл явдал байв. Нью-Йоркт төвтэй тус корпораци нь 25 ширхэг A220-300, 55 ширхэг A321neo, 20 ширхэг A321XLR, дөрвөн ширхэг A330neo, долоон ширхэг A350F нисэх онгоцыг худалдан авахаар “Airbus” компанитай гэрээ байгуулжээ. Тус корпораци нь өнөөдрийг хүртэл “Airbus” компаниас 496 ширхэг нисэх онгоц худалдан авсан аж.

Дубайн агаарын шоу нь цар тахлын хоёр жилийн дараа болж буй хамгийн том үзэсгэлэн худалдаа гэдгээрээ олон улсын анхаарлыг ихээр татжээ. Абу Дабид төвтэй “Edge Group” группын салбар, тусгай чиглүүлэгчтэй зэвсэг үйлдвэрлэгч “Halcon” компани нь шоуны үеэр Эмиратын зэвсэгт хүчинд 3.2 тэрбум дихрамын өртөгтэй зэвсэг худалдах гэрээ байгуулав. Мөн Бразилийн нисэх онгоц үйлдвэрлэгч “Embraer” компани нь гурван ширхэг E175 нисэх онгоц худалдах гэрээг Нигерийн “Overland Airways” компанитай байгуулсан нь 300 сая ам.доллараар үнэлэгдэж байна. Дубайн “Emirates SkyCargo” нисэхийн тээврийн компани мөн 704 сая ам.доллараар хоёр ширхэг “Boeing 777 Freighters” нисэх онгоц худалдан авахаар болсон нь олон улсад агаарын тээврийн үйлчилгээний эрэлт нэмэгдэж буй энэ үед чухал наймаа байв. Тус компани нь тээвэрлэлтийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд нэг тэрбум ам.долларыг зарцуулахаар төсөвлөжээ. Мөн тус компани Израйлийн нисэхийн үйлдвэрээс дөрвөн ширхэг “Boeing 777-300ER” нисэх онгоц нэмж авахаар ярилцаж байгаа аж.

Хоёр жил тутамд зохиогддог Дубайн агаарын шоу нь батлан хамгаалах болон иргэний нисэхийн компаниудын хувьд олон тэрбум ам.долларын худалдаа наймаа хийх алтан боломж байдаг. Иргэний нисэхийн салбар цар тахлаас шалтгаалан өнгөрсөн жил 138 тэрбум ам.долларын цэвэр орлогоо алдсан. Гэвч вакцинжуулалтын ачаар олон улс хилээ нээж, аялал жуулчлал эхэлснээр иргэний нисэхийн салбар дагаад эргэн сэргэж эхэлж буйтай давхцан агаарын шоу зохиогдлоо. Тус шоунд АНУ, ОХУ, Израйль зэрэг батлан хамгаалах, цэргийн хүчин чадал өндөр орнууд төдийгүй олон улсын компаниуд оролцов. Тухайлбал, зөвхөн АНУ-аас гэхэд 100 гаруй компани үзэсгэлэн худалдаанд оролцсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж