Зөвшөөрөлгүй барилгад торгууль ногдуулаад л орхих уу?

Хуучирсан мэдээ: 2021.11.17-нд нийтлэгдсэн

Зөвшөөрөлгүй барилгад торгууль ногдуулаад л орхих уу?

Зөвшөөрөлгүй барилгад торгууль ногдуулаад л орхих уу?

Улаанбаатарт тулгамдаж буй асуудлын тэргүүн эгнээнд зам талбай, орон сууцны гарц, зогсоолын асуудал яригддаг. Эдгээр нь зөвшөөрөлгүй барилга байгууламж, зориулалтын бусаар газрыг ашиглаж байгаатай холбоотой. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хотод барилга байгууламж барих ажлыг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргаснаа есдүгээр сард мэдэгдсэн. Тодруулбал, Хууль бус, зөвшөөрөлгүй газарт барилга барьсан зэрэг зөрчилтэй холбогдуулан тухайн компанийн үйл ажиллагааг нь цуцлах, зогсоох захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргадаг. Гэтэл эргээд эрхийг нь шүүх сэргээчихдэг. Тиймээс Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг арванхоёрдугаар сард УИХ-аар хэлэлцэнэ. Тэр хүртэл түр хугацаагаар Улаанбаатар хотод барилга, байгууламж барих асуудлыг зогсоох захирамжийг шинээр гаргаж байгаа тухай онцолж байв.

Ингэснээр зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгын асуудал цэгцэрч, шийдвэрлэгдэнэ гэвэл боломжгүй. Хэдийгээр нийслэлээс энэ асуудалд анхаарч, мэргэжлийн хяналтын газар тогтмол хяналт шалгалтыг хийж, тушаал шийдвэр гаргадаг ч нэгэнт баригдсан байрыг яах вэ? гэдэг асуулт гарч ирнэ. Барилгын компаниас торгуулиа төлөөд ямар ч хамаагүй аргаар зөвшөөрлөө авна гэдэг ч энэ нь зүйд нийцэхгүй. Түүнээс гадна олгосон зөвшөөрлийн хүрээнд барилга байгууламж баригдаагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохгүй. Үйл явцад тавих хяналтыг Барилгын тухайн хуулийн 47 дугаар зүйлд зааснаар хянадаг. Гэсэн ч хяналт тавихдаа хахуульд өртсөнөөс тусгай зөвшөөрөл олгосон тухай иргэдийн гомдол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт их биш ч ирдэг байна. Түүнийг нь нийслэлийн мэргэжлийн хяналт болоод хууль шүүхийн байгууллага шалгадаг аж.

2020 оны статистикаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй 986 барилгад хяналт шалгалт хийхэд зөвшөөрөлгүй 128 барилга, байгууламж, архитектур төлөвлөлтийн даалгаваргүй 33, батлагдсан зураг төсөлгүй 37, барилгын норм дүрэм зөрчсөн 39 байгууллага байжээ.

Энэ жил тус тоо царцсан бөгөөд шинээр баригдаж байгаагаас гадна зөрчил дутагдалтай, зөвшөөрөлгүй барилгын албан бус тоо нэгтгэгдэж нэмэгдэх юм бол үүнээс хэд дахин их барилга зөвшөөрлийн асуудалтай байж таарна. Тиймээс барилга барьж эхлэхийн өмнө болон суурь цутгалт хийгдэж байх үед зориулалтаас нь эхлээд тогтмол хянадаг байх зайлшгүй шаардлагатай. Хэрэв ашиглалтын бус зохион байгуулалт, төлөвлөлт хийж байгаа бол шууд зөвшөөрлийг нь цуцалдаг тогтолцоотой байх шаардлагатай юм.

Барилгын тусгай зөвшөөрөл зөрчилтэй аж ахуй нэгж байгууллагуудад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу өнгөрсөн онд эрх бүхий албан тушаалтны 53 албан даалгавар хүргүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу 18 зөрчлийн хэрэг нээж, хяналбаршуулсан журмаар 35-ыг шийдвэрлэж 29 иргэнд 22 сая 700 мянган  төгрөг, 24 аж ахуй нэгжид 186 сая төгрөг, нийт 208 сая 700 мянган төгрөгийн шийтгэл ноогдуулсан.

Гэхдээ мэдэгдэх албан бичиг, ногдуулсан торгуулиас илүү зохион байгуулалтыг сайжруулах, хяналтыг тогтмол тавих нь мэргэжлийн байгууллагуудын үүрэг. Хотжилтын асуудал, түгжрэл, барилга байгууламжаас үүдэж Монгол Улсын нийслэл дэлхийн жишигт нийцэж чадахгүй байгаа нь харамсалтай. Тиймээс нийслэлд баригдаж буй барилга, байгууламжийг эзэмшлийн бус зориулалттай, тусгай зөвшөөрлийг нь цуцалсан л бол газрыг улсын өмч болгож буцаан авдаг байх нь зүйтэй юм.

Мөн энэхүү асуудал дээр нийслэлийн зүгээс анхаарал тавьж ажиллах ёстой атал зам талбай барих нэрийдлээр нийтийн эзэмшлийн газарт халдах зөрчил үүсч байгаа аж.

Тодруулбал, “Нутгийн шийдэл” төрийн бус байгууллагаас Нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул голын үерийн хамгаалалтын даланг нурааж буй асуудлаар энэ сарын 11-ны өдөр мэдээлэл хийсэн. Тус төрийн бус байгууллагын тэргүүн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хийсэн гэрээнд далантай холбоотой ямар ч зүйл бичигдээгүй байхад автозам барих нэрийдлээр хуулийг ноцтой зөрчиж байна. Хэрэв Туул гол үерлэх юм бол Богд уул руу биш айл өрх рүү намхан тал руу үер бууна. Тиймээс Гамшгаас хамгаалах хуулийн дагуу хамгаалж байдаг зүйл заалтыг зөрчиж хотын дарга нь зөвшөөрөл олгосон байгааг гайхаж байна. Энэ асуудалд хариуцлага хүлээлгэх шаардлагатай учир хотын дарга Д.Сумъяабазрыг шүүхэд өгнө гэсэн юм. Энэ мэт хууль зөрчсөн захирамж, шийдвэрийг нийслэлийн удирдлагууд нь зөрчиж гаргасан тохиолдол цөөнгүй. Тиймээс хяналт тогтоох, шийдвэр гаргах хэмжээний эрх бүхий байгууллагууд нь дотоод хяналтаа чанаржуулж, стандартаа мөрдөж ажиллах шаардлагатай. Зөвшөөрөлгүй газар олголтын маргаан шүүх дээр олноор ирдэг ч шийдвэрлэх хугацаа нь удаашралтай байдаг аж. Тиймээс зөвшөөрөлгүй барилгадаа хяналт тавьж, зохих арга хэмжээг авах нь зөв юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж