Хил хаагдсанаас өвлийн шинэ дугуй ховорджээ

Хуучирсан мэдээ: 2021.11.17-нд нийтлэгдсэн

Хил хаагдсанаас өвлийн шинэ дугуй ховорджээ

Хил хаагдсанаас өвлийн шинэ дугуй ховорджээ

Гадаа налгар өдрүүд үргэлжилж байгаа ч өвлийн эхэн сар дундаа орсон гэдгийг хэн хүнгүй санаж өвөлжилтийн бэлтгэлээ хангах хэрэгтэй. Жолооч нар ч цас орж,  халтиргаа гулгаа эхлэхээс өмнө автомашиныхаа бэлэн байдлыг хангах шаардлагатай. Уг нь өдийд жолооч нар өвлийн дугуйгаа солиод бэлдчихсэн, зам ч гялайсан байдаг үе. Иймд өвлийн дугуйны үнэ, эрэлт ямар байгаа талаар “Өгөөмөр” захаас сурвалжиллаа.


Дугуйны үнэ тэнгэрт хадаж, мөн л ховорджээ. Үүдээр нь ороход “ямар дугуй сонирхож байна” гэж ам асууна. Гэхдээ  өрсөн дугуйнуудаа “манасан” наймаачид  хоорондоо хөзөр тоглож, утсаа шагайсан шиг суух нь нийтлэг. Хөл гишгэх зайгүй хүн машин хоорондоо хөлхөлдөж байдаг тус зах ийм сэлүүхэн байгаа нь “Нарантуул” зах амарч байгаатай холбоотой. Бас жолооч нар өвөлдөө бэлдээгүй, дугуйны үнэ өссөн гэх мэт нь худалдан авалт буурах шалтгааны нэг болжээ.

Худалдаачдын хувьд нэг дугуй ч болтугай зарах гэж хичээж байхад дугуйны үнэ сонирхсон жолооч хямдыг эрэлхийлж нааш цааш хөлхөлдөнө. “Приус-20” загварын автомашины дөрвөн дугуй авахад хээнээсээ шалтгаалаад 300-400 мянган төгрөг болж байгаа аж. Дугуйны ширхэгийн үнэ өмнө нь 40-70 мянган төгрөг байсан бол одоо 60-100 мянга болж нэмэгджээ. Мөн  Приус-30 загварын машины дөрвөн дугуй 600 мянган төгрөг бол “Приус-40” загварын автомашины 2015.65.16 хэмжээтэй дугуй ширхэг нь 120 мянган төгрөг болжээ. Өмнө нь 50 хувиар хямд зардаг байв. Иргэдийн хувьд аль болох он залуутай, боломжийн үнэтэй, чанартай Япон, Солонгос дугуй эрэлхийлнэ. Дугуйгаа солихоор үнэ ханш сонирхож буй “Приус-30” машины жолооч худалдагчаас үнэ асуувал 100 мянган төгрөг гэлээ. Жолооч “Пээ ямар аймар үнэтэй байна аа” гэж уулга алдсаар эргэлээ. Худалдагч араас нь “Хэдэн төгрөгт дугуй авахаар сонирхож байгаа юм, боломжийн үнээр тохирч болно. Бүх лангуу адилхан үнэтэй байгаа, хямдыг хайгаад олохгүй” гэж ятгав. Жолооч контейнер хооронд хэсэг холхисны дараа удалгүй өнөөх худалдагчаас нэг ширхэг дугуйг 75 мянган төгрөгөөр тохирч дөрвөн дугуй  300 мянган төгрөгөөр авахаар болов. Зарим худалдаачид үнээ буулгахгүй гэж гэдийнэ. Угаасаа үнэ нь нэмэгдсэн дугуйг хямдрууллаа гээд ашиггүй алдагдалтай гэх аж.

ХИЛ ХААГДСАНААС ДУГУЙ ТАСАРЧ ҮНЭ НЬ НЭМЭГДСЭН

Худалдаачин Ч.ТҮМЭНЖАРГАЛ: 

-Жил бүрийн өдийд дугуйны үнэ нэмэгддэг ч хил хаагдснаас болж нэг дахин өссөн. Хамгийн хямд 40 мянган төгрөгийн дугуй 80 мянган болж өссөн. Дундаж үнэтэй 70 мянган төгрөгийн дугуй 150 мянга  болсон. Хил хаагдсан болохоор шинэ дугуй алга. Японы шинэ дугуй зарлаа гэхэд үнэ нь талийсан. Хятад хилээ хаасан, дугуй тасарсан учраас одоо байгаа хэдээ л борлуулж байна. Дээр нь хил гаалийн татвар нэмэгдсэн. Өнгөрсөн жил татварт 1.5-2 сая төгрөг төлдөг байсан бол таван сая төгрөгийн татвар төлж байна.  Үүнээс болж дугуйны үнэ өсөхөд нөлөөлсөн. Үүнээс гадна цас орохтой зэрэгцэн жолооч нар дугуйгаа солих гэж яардаг. Энэ жилийн хувьд цас багатай дулаахан байгаа учраас хүмүүс дугуйгаа солих гэж яарахгүй байна. Цас орж хүйтрэхтэй зэрэгцээд л хүмүүс дугуйгаа солих гэж яарна, дагаад үнэ нэмэгддэг. Одоогоор өвлийн дугуй дунджаар 70-150 мянган төгрөгийн үнэтэй байна. Ер нь байнгын үйлчлүүлэгчид “Приус” маркийн жолооч нар. Иргэдийн хувьд автомашиныхаа дугуйг  жилдээ нэг удаа зарим нь гурван жил өнжөөд дугуйгаа сольж байна.

Худалдагч Б.Сэрсмаа

-Дугуйны үнэ хээ, чанараасаа хамаарч үнэ нь ялгаатай. Өмнөд Солонгостой харьцуулбал Хятадад үйлдвэрлэсэн дугуй нь илүү хямд. Портер загварын “бонго” машины солонгос дугуй ширхэг нь 100-170 мянган төгрөгийн үнэтэй.  Эдэлгээ сайтай. Харин Хятадад үйлдвэрлэсэн дугуй ширхэг нь 75 мянган төгрөг. Илүү хямд байгаа нь  солонгос дугуйтай харьцуулахад бөөр нь нимгэн. Гэсэн ч даацыг нь хэтрүүлэхгүй ачаа ачвал эдэлгээгээ даана. Жолооч нар Өмнөд Солонгос, Хятадын аль ч дугуй байсан хэтрүүлсэн ачаатай, элэгдтэл нь ашиглаж муудсан хойно нь “Солонгос дугуй муу юм билээ”, “Хятад дугуй ч бүтэн жилээ ч даахгүй юм байна” гэж муулдаг. Уг нь гамтай ашиглаж даацыг нь хэтрүүлэхгүй бол дугуй 2-3 жил хүртэл эдэлгээтэй. Одоогоор хил хаагдсан болохоор шинэ дугуй байхгүй, бид нөөцөө л ашиглаж зарж байна. Хэрэв хил нээгдэхгүй удвал зарах бараагүй болох байх. Наймаа ч муу байна. Дугуйны үнэ нэмэгдсэн, дөрвөн дугуй авах хүн ховорхон байна. Урд хоёр дугуй юм уу арын дугуйг л хэсэгчлэн авч байна. Ер нь жолооч нар хүйтрэхээр л шуурцгаадаг болохоос дулаахан өдрүүдэд дугуй зарагддаггүй гэлээ.

Жолооч нарын хувьд жил бүр дугуйгаа солих нь ховор. Ханзарсан гутал шиг дугуйны хээ нь элэгдэж,  бөөр нь “шалчийх” хүртэл дөрвөн улирлын турш гүрийлгэнэ. Иргэдийн хувьд  дунджаар 1-3 жилийн дараа дугуйгаа сольдог бололтой. Дугуйны үнийг сонссон жолооч нар бүгд л 2-3 жилийн өмнө хямд байсан гэж худалдаачдаас ам асуух нь нийтлэг.

                                    ДУГУЙНЫ ҮНЭ  ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА ХАРАХАД "ТЭНГЭРТ ХАДСАН" БАЙНА

Иргэн Ш.НАРАНБААТАР: 

-Дугуйны үнэ их нэмэгдсэн байна.  Дөрвөн жилийн өмнө Манжуураас дөрвөн дугуй хямдхан л авч байсан санагддаг. Өвлийн шинэ дугуй  боломжийн үнэтэй л авахаар сонирхож байгаа юм. Ерөнхийдөө он залуутай, хээ, язралтыг нь харж авдаг. Дугуй муутай бол өвөл хэцүү шүү дээ.

 

 

 


Иргэн Ч.ҮҮРЦАЙХ: 

-Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад дугуйны үнэ нэмэгдсэн байна. Тухайн үед “Приус-30” ширхэг нь 50 мянгаар дугуй авдаг байсан бол одоо хямд нь л 80 мянган төгрөг болсон байна. Өвөлдөө бэлдэж аль болох он залуутай, намхан, хээ сайтай дугуй л сонирхож байна. Ерөнхийдөө дугуйны хээ маш чухал.


Иргэн У.ХОСБАЯР: 

-Өвлийн дугуйгаа авахаар ирсэн ч 30 хувь нэмэгдсэн санагдлаа. Их үнэтэй байна.  “Тoyota Harrier” загварын машины дөрвөн хос  шинэ нь нэг сая гаруй төгрөгийн үнэтэй байсан бол одоо 1.2-1.6 саяын үнэтэй байна. Худалдаачид дугуйны үнэ нэмэгдснийг хил хаагдсантай л холбох юм. Үнэ хямд гээд хятад дугуй авлаа гэхэд 1.5 жилийн л “настай”. Дунджаар 1.1 сая төгрөгийн үнэтэй байна.  Япон дугуй бол 2 жилийн эдэлгээ даадаг. Өвлийн улиралд машинд дугуй чанартай байх нь хамгийн чухал гэлээ.

 


Дугуй зарж буй контенейруудыг харвал шинэ дугуй алга. Бүгд л  хуучин. Шинэ дугуй нүдний гэм болжээ. Үнийн хувьд  хэмжээ 18, 19 буюу бага оврын жип болохоор үнэ нь нэмэгдэж, нэг бүр нь 250 мянгаас буухгүй. Худалдагч, худалдан авагч нар өнгөрсөн жилээс дугуйн үнэ нэмэгдсэн гэдгийг дуу нэгтэй хэлж байна. Учир нь  Хятад хилээ хааж, Эрээн дээр ачаа бараа овоорсон, тээврийн зардал өссөн, хил гаалийн татвар зэрэг маш олон шалтгаан дугуйны үнэ өсөхөд нөлөөлсөн гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж