Монголын шүүх томилсон хүндээ биш өргөсөн тангарагтаа үйлчилж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2021.11.16-нд нийтлэгдсэн

Монголын шүүх томилсон хүндээ биш өргөсөн тангарагтаа үйлчилж чадах уу?

Монголын шүүх томилсон хүндээ биш өргөсөн тангарагтаа үйлчилж чадах уу?

Хууль зүйн байнгын хороо өчигдөр Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний, өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсголыг хэлэлцэв.

Энэ нь өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Шүүхийн тухай шинэ хуулийн хүрээнд хийж буй томилгоо бөгөөд улс төрийн хүрээнийхний төдийгүй хуулийнхны анхаарлын төвд байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн араас өрнөж буй шүүхийн реформын нэгээхэн хэсэг нь. Товчдоо дээрх хоёр томилгооноос шүүхийн реформ явах ба нурах нь хамаарна гэсэн үг.

Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараа 17 шүүгчийг түдгэлзүүлэн эрүүгийн хэрэгт татаж, улстөрчдийн хэлдгээр хонгилын түлхүүрийг гартаа атгасан. Сүүлдээ дуртай дуугаа захиалдаг болсон шүү дээ. Үүнийг л өөрчлөх нь нийгмийн захиалга болохоос шүүхийг нэг хүний халааснаас гаргаж, нэг хэсэг хүний халаасанд хийхийг реформ гэхгүй биз.

Монголын шүүх өнгөрсөн хугацаанд өргөсөн тангарагтаа биш томилсон хүндээ үйлчилж ирсэн ч худлаа биш. Үүнийг  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн амаараа батлаж байв. Тэрбээр “Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхраас хууль шүүхийнхэнд даалгавар өгдөг, хэн нэгнийг хэлмэгдүүлдэг”  болохыг  У.Хүрэлсүхийн засаг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог оройны чуулганы хуралдаанд хэлж байлаа. Тэгэхэд, Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт Ерөнхийлөгч асан Х.Баттулга сууж  байсан үе.  Түүнийг өрсөлдөгчөө намнах үүднээс  хэн нэгнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлж буйг У.Хүрэлсүх хүртэл шүүмжилж цаашид Монголд хувь хүний биш хуулийн засаглал хэрэгжүүлэхийн төлөө зүтгэхээ амлаж байсан удаа цөөнгүй. Ерөнхий сайдын суудлаасаа өөрийн хүсэлтээр огцордог өдрөө болон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө мөн Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө.

Х.Баттулга шүүгчдийг томилж чөлөөлдөг байх үед нэн шинэ үеийн хэлмэгдүүлэлт анх М.Энхсайханаар эхлэж, 14 хүнд улс төрийн хэрэгтнүүд болсон. Үүний гурав нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс.

 М.Энхсайханы хувьд Х.Баттулгатай төмөр замын царигаас болж ам зөрснөөсөө хойш хорхойтой шүдэнд нь зуугдаж ирсэн хүн. Түүнийг гэмт хэрэгтэн болгохоор Төрийн ордноос өгсөн даалгаврыг гардан гүйцэтгэсэн хүн нь шүүгч З.Болдбаатар. Өмгөөлөгч Б.Баасанцогтын секс скандалын хэрэгт холбогдсон “гэр бүлийнх нь найз”.

Энэ асуудлаар Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшсэн таван хүнээс асуухад ганцхан л  энэ бол ёс зүйгүй зохисгүй үйлдэл гэж хариулж. Бусад нь хэрэгтэй танилцаагүй учраас гэх бөөрөнхий тайлбар хэлсэн байх юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ахалсан ажлын хэсгийн сонгон шалгаруулж оруулж ирсэн тэдгээр нэр дэвшигчдэд хамгийн реакцилсан хүн бол мэдээж, Х.Нямбаатар.

Үнэндээ яаж бодохоороо шүүхийн захиргааны байгууллагад 21 жил ажилласан, ШЕЗ-ийн гишүүн байсан хүнийг хараат бус ажиллана гэж сонгосон нь хачирхалтай.  Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшсэн  Д.Эрдэнэчулуун Монгол Улсын 500 шүүгчийн 300-г нь “томилсон”, эхнэр нь Улсын дээд шүүхэд ажилладаг гэхээр.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшсэн Д.Зүмбэрэллхам нь ШЕЗ-ийн орон тооны бус гишүүнээр хоёр удаа сонгогдсон, хүү нь мөн шүүгч. Тэд хүү нь эсвэл эхнэр нь алдаа гаргахад сахилгын хариуцлага тооцож чадах уу.

Тэгэхээр шүүхийн шинэчлэлийг нураамааргүй байгаа бол эрх баригчид энэхүү томилгоогоо ашиг сонирхлын зөрчлөөс хол байлгах учиртай. Ерөнхий сайд төрийн алба төрлийнх байх ёсгүйг саяхан сануулсан. Тэгвэл тэр тусмаа шүүх засаглалд цус ойртвол шүүхийн реформ нурж унана. Үндсэндээ шүүхийг улстөрчдөөс явуулсан ч шүүхээс улстөрчид явсангүй ээ гэж.  ХЗБХ-ын хурлаар орж ирсэн нэр дэвшигчдийг харахад Монголын шүүх томилсон хүндээ биш өргөсөн тангарагтаа үнэнч ажиллах нь юу л бол.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж