Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч дөрөвдүгээр сарын 8-ны 18:00 цагийн орчимд харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Тэгвэл тус хэргийн шүүх хурал өнөөдөр /2021.11.16/ хоёр дахь өдрөө үргэлжилж шийдвэрээ гаргажээ.
Говь-Алтай аймаг дахь шүүхээс шүүгдэгч Т.М-д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, даргыгаа буудсан шүүгдэгч О.Х-д 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тус, тус шийдвэрлэсэн байна.
Дашрамд дурдахад, арваннэгдүгээр сарын 4-нд Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан 19 настай залуу өндрөөс унаж нас барсан хэрэг гарсан. Талийгаач цэрэгт явах сонирхолгүй байсан ч гэр, бүлийн шахалтаар цэрэгт явсан гэнэ. Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 7-ны өдөр Дундговь аймгийн хилийн цэргийн 0129 дүгээр ангид гэрээт цэргийн алба хааж байсан 21 настай залуу харуулын байрандаа өөрийгөө боомилж, амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Талийгаач нас барахаасаа хоёр хоногийн өмнө аав ээж, ахдаа хандан "Намайг эндээс аваач. Дарамттай, маш хэцүү байна" гэх мессеж илгээж байсан тухай ар гэрийнхэн нь мэдэгдэж байв.
Хоёрдугаар сарын 19-нд Говь-Алтай аймгийн Алтай суманд байрладаг Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хөгжмийн дарга, удирдаач ажилтай Б гэгч нь ажлын байрандаа хадгаар өөрийгөө боомилон амиа хорлосон. Талийгаачийн цогцсыг 0214 дүгээр ангийн буудлагын талбайгаас олсон бөгөөд гэр бүлийн тааламжгүй харилцаа гэсэн дүгнэлт гаргасан гэх.
Дөрөвдүгээр сарын 24-нд Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн 0168 дугаар ангийн алба хаагч Х нь “Малаа эргээд ирье” гэж гараад, малын хашаанаас хоолойгоо боомилсон байсан. Талийгаач цэргээс халагдахад долоо хоног дутуу байсан бөгөөд малын суурьт үүрэг гүйцэтгэж байжээ. 2021 он гарснаас хойш Хил хамгаалах албатай холбоотой таван ч хэрэг ийн бүртгэгдэв. Жилийн жилд хэдэн зуун залууг цэрэгт татдаг. Тэнд юу заадаг, ямар мэдлэг олгодог вэ. Ид насны залуусаа дөрвөн хананы дунд хашихаас илүү тэдэнд орчин үеийн мэдлэг боловсрол олгоход Монголын арми анхаарах ёстой болжээ.
Холбоотой мэдээ