Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгнээ дээрэлхэн, бүлэглэн зодож байгаа бичлэг цахим орчинд гарсан. Хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү:
-Гудамж талбайд сурагчид нэгнээ зодож буй бичлэг цацагдсан. Үүнийг хэзээ болсон хэрэг болохыг тогтоохоор бүх хэлтэс рүү бичлэгийг явуулсан. Одоогоор гэрч болон хохирогч, зодсон хүүхдүүдтэй холбогдоогүй. Эзэн холбогдогч нь тогтоогдвол Эрүүгийн хуулиар хариуцлага тооцно. Зодуулсан хүүхдэд гэмтлийн зэрэг учирсан бол нэг заалттай, хэрэв гэмтлийн зэрэг учраагүй, тогтоох боломжгүй тохиолдолд гудамж талбайд танхайрсан гэх заалтаар холбогдуулан хэргийг шалгана.
ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалангаас асуухад "Энэ хэрэг хэзээ, хаана болсон гэдгийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Хүүхдүүд нэгнээ дээрэлхсэн, зодсон тохиолдолд санаа сэдэл, шалтгаан нөхцөл зэргийг харгалзаж байж ямар арга хэмжээ авахыг шийддэг” гэх тайлбар өгөв.
Хэргийн бичлэг өнөөдөр цахимд тавигдсан ч хэрэг өнгөрсөн Бямба гариг буюу арваннэгдүгээр сарын 13-нд болсон байна. Хэрэгт холбогдогч хүүхдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг албаныхан мэдээллээ.
Холбоотой мэдээ