"Хуучны хөөрөгт хүний эерэг, сөрөг энерги шингэсэн байдаг" | News.MN

"Хуучны хөөрөгт хүний эерэг, сөрөг энерги шингэсэн байдаг"

"Хуучны хөөрөгт хүний эерэг, сөрөг энерги шингэсэн байдаг"

"Хуучны хөөрөгт хүний эерэг, сөрөг энерги шингэсэн байдаг"

Эрдэнийн чулууны шинжээч, эрдэс судлалын мэргэшсэн инженер Ш.Бямбасүрэнтэй үнэт чулууны талаар ярилцлаа


-Үнэт чулууг хүн бүр ялган таньдаггүй. Гэвч, сүүлийн үед чулууны наймаачид,судлаачид олширлоо. Эндээс хоёулаа ярилцлагаа эхэлье?

-Геологийн шинжлэх ухаан бол эртний шинжлэх ухаан. Энэ шинжлэх ухаан нь байгалийн чулууг судалдаг. Чулууг гарал үүслээр нь байгалийн, таримал, хиймэл буюу дуураймал гэж гурав ангилдаг. Байгаль дээр үүсч тогтсоныг байгалийн гаралтай чулуу гэнэ. Харин таримал чулуу нь тухайн чулууны үндсэн найрлагатай түүхий эдийг тодорхой даралт, температурыг нь тохируулан лабораторийн болон үйлдвэрийн нөхцөлд талстжуулан гаргаж авсан чулууг хэлдэг. Хиймэл болон дуураймал чулууг энгийн аргаар тухайн чулууны өнгө, гадаад үзэмж талаас нь дуурайлган янз бүрээр материалааар хийсэн зүйлийг хэлнэ.  Эрдэнийн чулууг эдийн засгийн хувьд үнэт чулуу, хагас үнэт чулуу, гоёл чимэглэлийн, өнгөлгөөний гэж ангилдаг. Үнэт чулуунд өнгөгүй,  тунгалаг доржпалам буюу алмааз, улаан өнгөтэй бадмаараг, цэнхэр өнгөтэй индраанил, ногоон өнгөтэй маргад гэсэн дөрвөн чулуу багтдаг. Энэ дөрөв хамгийн үнэтэй чулуу учраас үнэт чулуу гэж нэрлэдэг. Зарим улс оронд үнэт чулуунд сувдыг оруулдаг.

-Үнэт чулууг хэрхэн үнэлдэг вэ?  Тогтсон стандарт гэж бий юу?

-Чулуунд дундаж үнэ гэж байхгүй. Дээд зэргийн үнэт чулуу маш өндөр үнэтэй. Нэг крат нь 25-30 мянган ам.доллар хүрдэг. Олон улсад чулууг үнэлэх хамгийн гол дөрвөн шалгуур үзүүлэлт байдаг. Үүнийг дөрвөн C-ийн зарчим гэдэг. Нэгдүгээрт, Clarity буюу тунгалагшилт. Энэ нь чулууны дотоод бүтцийг тусгай өсгөгч шилээр харахад ямар нэгэн толбо цэгэн биетийн ул мөр байхгүй бол “Loupe clean” буюу цэвэрхэн байна гэж үзэж, зэрэглэл нь дээшилдэг. Хэрвээ тухайн чулууны дотоод бүтцэд ямар нэгэн биетийн ул мөр ором, сольц, хагаралтай, ан цав үүссэн байвал зэрэглэл буурч тэр хэмжээгээр үнэлгээ нь багасдаг. Хоёрдугаарт, Color буюу өнгө. Чулууны өнгө нэгэн жигд тод байх тусмаа үнэтэй болдог.  Гуравдугаарт, С: Carat буюу жин. Каратыг “ct” гэж тэмдэглэх бөгөөд  нэг ct нь 200 мг буюу 0,2 грамм болно. Жин их байх тусмаа үнэ өснө. Дөрөвдүгээрт, C:Cut буюу засалт. Чулууг олон хэлбэрээр талст гаргаж засч болно. Сүүлийн үед холимог, нийлмэл засалт их хийж байна. Засалтын гол зарчим нь ирмэг, талууд өнцгүүд хоорондоо хэрхэн холбогдсон, тэгш хэмтэй байдлуудаараа үнэлгээнд нөлөөлнө. Тогтсон стандарт үзүүлэлтээр чулууны үнэ ханшийг үнэлдэг.

-Чулуу өөр өөрийн гэсэн онцлог шинж чанартай байдаг шүү дээ. Үүнийг яаж ялгадаг вэ?

-Чулууг танихдаа хамгийн түрүүнд хэлбэрийг нь сайтар ажиглах хэрэгтэй. Чулуу үүсэхдээ тодорхой хэлбэр дүрсийн талст үүсгэдэг.  Тухайлбал, болорын кристал нь үзүүр шовх, зургаан тал үүсгэдэг. Энэ хэлбэрээр тунгалаг байвал усан болор байна гэдгийг мэдэж болдог. Нэг үгээр хэлбэл хэлбэрээр нь тодорхойлж байгаа юм. Бусад хэлбэрийн чулуунуудыг долоож амталж, шүдээрээ мэдэрч, цохиж, зурж үзэх зэргээр таньж мэдэж болдог. Мөн чулууны хатуулгийг сайтар анхаарах хэрэгтэй. Чулууны хатуулгийг 1-10 хүртэлх шатлалаар ангилдаг. Хамгийн хатуу нь доржпалам буюу алмааз. Үүнийг шалгах хамгийн хялбар бөгөөд энгийн арга нь хумсаараа зурж үзэх. Хүний хумс хоёрдугаар шатлалын хатуу байдаг. Тэгэхээр тухайн чулууг хумсаараа зурж үзэхэд зураас гарахгүй байвал жинхэнэ. Зураас гарахгүй байвал хатуу учир төмөр, өөр эд зүйлсээр өөр зурж үзэж мэдэж болно.

-Орчин үед төрөл бүрийн материалаар хуурамч чулууг гаргаж авч худалдаалах болсон. Жинхэнэ, хуурамч хоёрыг нүдээр хараад ялгах боломж бий юу?

-Манай иргэдийн хувьд үнэт чулууг таньж мэдэх мэдлэг мэдээлэл дутмагаас doхохирох тохиолдол бий. Жишээ нь гэрэл тусгахад түүнийг шингээж харанхуй орчинд түр хугацаанд гэрэлтдэг зүйлийг  хувилгаан чулуу хэмээн хүмүүст итгүүлэн 30 саяар зарсан тохиолдол байна. Гэвч тэр нь үндсэндээ гипсээр цутгасан материалыг фосфортой уусмалд чанаад гадуур нь бүрхүүл тогтоосон зүйлээ хувилгаан чулуу гэж зарсан байгаа юм. Энэ мэтчилэн иргэд хуурамч чулуугаар хулхидуулах тохиолдол элбэг. Хамгийн гол нь орчин үед техникийн хөгжлөөс шалтгаалан төрөл бүрийн аргаар хуурамч чулуу хийдэг болжээ. Гэхдээ  нөгөө талдаа олон улсад нефьт гялгар ууттай хольсныг энгийн тосон будагттай нийлүүлж  өндөр даралт, температурын нөлөөгөөр дарж, өнгөнд оруулж хөлдөөгөөд хиймэл чулуу гаргаж авдаг арга байдаг. Ийм үйлдвэрлэл практикт нэвтэрсэн зүйл учраас олон улсад нэвтэрсэний дагуу хуурамч гэж ойлгоход бас бэрх. Үүнтэй яг адил. Ялгаатай зүйл гэвэл тухайн улсын үнэлгээ байдаг. Хиймэл чулууг чухам ямар үнээр худалдаалж байгаа нь харин асуудал.

-Иргэд үнэт чулуун худалдан авахдаа ямар алдаа гаргадаг вэ?

-Иргэд ихэвчлэн нэр томьёон дээр алдах гээд байдаг. Өөрөөр хэлбэл түрүүн хэлсэнчлэн үнэт чулуунд дундаж үнэ гэсэн ойлголт байхгүй.  Иймээс мана, оюу, сувд зэрэг чулуу бол үнэтэй гэсэн ойголт нь буруу юм.  Харин тухайн үнэт чулуу байгаль дээрээс ямар өвөрмөц тогтоцтой олдсон, ямар зэрэглэлтэй зэргийг бодолцон үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тунгалагшилт болон олон улсад баримталдаг дөрвөн зарчмыг бодолцож үзэх хэрэгтэй.  Ер нь мана төрлийн чулуу олдоцтой учраас ихэвчлэн хүмүүс өндөр үнээр худалдан авах гээд байдаг. Гэвч үнэндээ дэлхийд хамгийн гоёмсог үнэтэйд тооцогдох чулуунууд нь болор болон алмаазын  төрөлд багтах чулуунууд юм. Манайд болорын төрлийн үнэт чулуу тийм ч элбэг биш.  Жишээлбэл, утаат болор, ягаан болор зэрэг нь өнгө үзэмж болон талстын хувьд гайхалтай ч олдоцгүй. Хүмүүст зааж зөвлөх гэхээр маш олон төрлийн эсэргүүцэлтэй тулгарч байсан. “Хүн өөрийнхөө мөнгөөр юу худалдаж авах нь чамд хамаагүй гэдэг.

Ер нь үнэт чулууг сонгоно гэдэг бол өдөр бүрийн талх тариа биш учраас худалдаж авахдаа сайтар судлах  шаардлагатай. Үнэт чулууг мэдэхгүй байж дур мэдэн шинждэг нөхдүүд болих хэрэгтэй гэж боддог.

Аливаа хүн үнэт чулуу худалдаж авахдаа болж өгвөл мэргэжлийн хүний зөвөлгөөг сонсож, мэдлэгтэй хандах хэрэгтэй болов уу.

-Жинхэнэ болон дуураймал чулууг хэрхэн ялган таних вэ?   

-Байгалийн чулуу ямарч  тохиолдолд дотоод бүтцээ алддаггүй юм. Халуун орчинд байсан ч хүйтэн байх жишээтэй. Зөвхөн байгалийн чулуунд энерги гэсэн ойлголт гарч ирнэ. Мөн чулууг хагаралтай байна уу, дотор нь ямар нэгэн хольц байгааг эсэхийг харах гэж гэрэл тусгаж үздэг. Түүнээс чулууг жинхэнэ байгалийнх, таримал, хиймэл үү гэдгийг таних боломжгүй. Учир нь таримал чулуу нь яг байгалийн чулууны химийн найрлагаар бүрддэг учраас ялгах тун төвөгтэй.  Хамгийн гол нь чулуу бүр дээрх бүтцийн болон нарийн ялгаатай шинжүүд бий. Жишээ нь, сувд л гэхэд доторх бүтцийг хөрөөдөөд харвал маш нарийн өөгүй давтсан зураасыг харах боломжтой. Яахав авахдаа хөрөөдөөд харах боломжгүй учраас гадна талыг сайтар хусаад дахин өнгөлөхөд хэвэндээ орохыг ажиглаж болно.  Ер нь хамгийн найдвартай арга нь тоног төхөөрөмж ашиглан шалгах юм.

-Байгалийн чулуу бүр энергитэй. Тухайн хүний онцлогоос шалтгаалан өөрт тохирсоноо сонгодог гэсэн энэ хэр зөв ойлголт вэ?

-Чулууг биологийн талаас нь шинжилж судалсан олон эрдэмтний дүгнэлт байдаг. Монголд зурхайн шинжлэх ухаан нэлээд хөгжсөн орон. Ард түмэн ч түүнийг дагаж мөргөж, биширч ирсэн. Чулуу байгалийн бүтээгдэхүүн. Зөвхөн байгалийн чулуу хүний биед маш сайн. Хүний биеэс энерги авч тэр хэрээр эргүүлж хүнд өгдөг гайхамшигтай. Чулуунууд дундаас энергийг хамгийн их татдаг нь усан болор.  Учир нь усан болор хурц үзүүртэй учраас түүгээрээ дамжуулан энергийг өөртөө татаж байдаг. Гэтэл усан болорыг лабораторийн нөхцөл ургуулж гаргаж авсан тохиолдолд энерги ялгаруулж, татаж чаддаггүй. Түүнээс байгалийн бүх чулуу хүний биед сайн. Зарим нь тусгайлан эд эрхтний чулуу гэж нэрлэж хэрэглэж ирсэн.

Чулуу бүхэн өөр өөрийн гэсэн энерги хуримтлуулах шинж чанартай байдаг. Анагаах ухааны талаас  чулуу химийн элементүүдээс тогтдог учраас эмчилгээнд ч ашиглаж хэрэглэдэг. Мөн эртний эдлэл тэр тусмаа хөөрөг зэргийг худалдан авахдаа бодох хэрэгтэй. Тухайн хүний эдэлж хэрэглэж байсан тэрхүү эдлэлд эерэг болон сөрөг энерги нь хадгалагдан үлддэг.

Иймд  эртний эдлэл чулуун хөөрөг зэргээс би татгалздаг.

-Ер нь Монгол оронд үнэт металлын үйлдвэрлэл хэр зэрэг хөгжсөн гэж ойлгож болох вэ?

-1970-1989 оныг хүртэл алт олборлох чиглэлээр “Монголрос цветмет” нэгдлийн харьяа Толгойтын алтны, Баянхонгорт “Монгол болгар металл”, Шарын голд Бурхантын алтны гэсэн гурван уурхай, Зоос гоёлын зүйлийн үйлдвэр гэсэн гоёл чимэглэлийн ганцхан үйлдвэр, захиалга, засвар хийдэг Урт цагааны гоёл чимэглэлийн тасгаас өөр аж ахуйн нэгж байсангүй. 1990-ээд онд зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш тасралтгүй өсөн нэмэгдэж хөгжиж ирсэн ганц салбар нь магадгүй үнэт металлын үйлдвэрлэл юм. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай тухайн үедээ Монголд алтны аж үйлдвэрлэл бий боллоо гэж дүгнэж хэлсэн байдаг. Манай улсад гоёл чимэглэлийн 600 орчим үйлдвэр, алт, мөнгөний 3000 орчим дархан, алт олборлох чиглэлийн 500 гаруй уурхай байгаа гэсэн бүртгэл байна. Гэхдээ энэ тоо жил ирэх тусам өсөж байгаа байх.

-Сүүлийн үед Монгол нутгаас их хэмжээний үнэт чулуу Хятад руу хууль бусаар гаргаж байна. Энэ нь байгаль экологид хэрхэн нөлөөлөх вэ?

– Тоглоотын тойрогт хэвтэж байгаа чулууг түүх нь байж болох асуудал. Гэвч авч байгаа  арга хэлбэр нь буруу гэхэд болно.  Манай иргэд эндээс үнэт чулуу олддог гэдэг дам сургаар мал самнадаг малтуураар газрын өнгөн хэсгийг самнаж чулууг гарган авдаг. Хамгийн гол нь мөнгөний бараагаар тухайн газрыг сэглээд хаячихдаг.  Албан ёсны лиценз эзэмшигч биш хувь хүмүүс өөрийн хүссэнээрээ ухах нь экологид эрсдэл бий болгодог. Өчүүхэн үржил шимтэй өнгөн хөрсийг ухах нь буруу. Хууль ёсны хүрээнд малтлага хийн худалдаалах буруу биш, гэвч авч байгаа арга хэлбэр нь буруу гэдгийг ойлгох хэрэгтэй. Ер нь манайд элбэг олддог мана, гартаам зэрэг нь газрын өнгөн хэсэгт үлддэг учраас өнгөн хэсгийг хөрс сүйтгэх асуудал тулгардаг. Мөн гүний олборлолт шаарддаг үнэт чулуунууд байна.

П.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол 2021-11-17 103.212.119.132

За битгий худлаа донгосоод бай.

Avatar

Зочин 2021-11-17 103.57.95.238

Ene nuxur chuluu, energy meddeg yum baix daa. Geriinx ni jinxene xudalchid baidag yum daa.

Avatar

Дорж. 2021-11-17 202.9.40.3

Энерги орон хоёрыг ялгах хэрэгтэй.Торсион/мэдээлэлийн /орны тухай мэлэгтэй болсон цагт бүх зүйлийг үндэстэйгээр тайлбарлаж болох байх.Торсион орон нь буддийн хоосон чанарыг тайлбарлахад дөхөм болох болов уу!!

Avatar

Зочин 2021-11-17 150.129.143.22

Ямар энерги юм бэ механик, цахилгаан, гэрлийн, биологийн, химийн г.м аль нь вэ бас эерэг сөрөг гэчихжээ. Ер нь энерги гэж юу юм бэ мэдэх үү хүн гуай

Avatar

Баянмөнх 2021-11-17 66.181.161.68

Чи муу нохойн баас өөрөө юу мэддэг юм.

Avatar

Дорж. 2021-11-17 202.9.40.3

Чулууны мөн чанарыг таниж мэдье гэвэл торсион орны тухай мэдэх ёстой.Хаш ,чүнчигноров хөөрөг үнэтэй байдаг нь энэ чанартай холбоотой.

Avatar

Зочин 2021-11-17 202.55.188.109

За даа энерги дамжихыг ингэж ойлгодог инженерт итгэхэд хэцүү дээ.лангуунынхан л иймэрхүү төвшиний юм ярьдаг

Avatar

Зочин 2021-11-17 103.229.122.11

ТВ-ээр хөөрөг сурталчилж зардаг хүмүүс эртний хуучны хөөрөг гээд тавьсан харагддаг, тэгвэл хуучин эзэн нь муу энергитэй байсан бол дараагийн эзэнд дамжина гэсэн үг үү??

Avatar

Зочин 2021-11-17 150.129.143.22

Тэнэг хүний үгийг бүү сонс. Тэд энерги гэдгийг огт мэдэхгүй

Avatar

Doogii 2021-11-17 66.181.161.8

Teged chi yu meddiin

Avatar

Жирийн иргэн 2021-11-17 202.131.227.82

Их зүйл мэдэж авлаа, баярлалаа

Avatar

Зочин 2021-11-17 202.21.107.94

Үе уламжилж ирсэн хөөргийг маань хулгайлаад зарсан хүн их хэцүү зам туулсан байна лээ. Сүүлд л мэдсэн. Түүний төлөө залбирсан. Одоо амьдрал нь овоо дээшилж явна лээ.

Avatar

Зочин 2021-11-17 64.119.29.63

ЯАГ ҮНЭН ХЭЛЖЭЭ… ЗАХЫН ҮНЭТ ЭДЛЭЛИЙН НАЙМААЧИД ӨӨРСДИЙНХӨӨ Л БАРААГ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ МЭТ СУРТАЛЧИЛЖ БАЙГААГ ҮГҮЙСГЭХ АРГАГҮЙ Ч ДЭЛХИЙН СТАНДАРТААР ЯМАР НЬ ҮНЭТ ЯМАР НЬ ЭРДЭНЭСИЙНХ ВЭ ГЭДЭГ ДЭЭР ХҮМҮҮСИЙН ТОЛГОЙГ ЭРГҮҮЛЖ БУРУУ ЗӨРҮҮ Г ХЭЛЖ АРД ИРГЭДИЙН УХААНЫГ ЭРГЭЛЗЭЭНД ОРУУЛААД ТҮҮНИЙГЭЭ ОЛОНХИОР ДЭМЖҮҮЛЭН БУРУУ ОЙЛГОЛТУУДЫГ ӨГЧ БАЙХ ШИГ БАЙГААД БАЙГААГ МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС ЗАЛРУУЛАХ Л ШААРДЛАГАТАЙ БАЙНА:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж