"Элсэн чихэр, ургамлын тос, бор будааг үйлдвэрлэх боломжтой"

Хуучирсан мэдээ: 2021.11.16-нд нийтлэгдсэн

"Элсэн чихэр, ургамлын тос, бор будааг үйлдвэрлэх боломжтой"

"Элсэн чихэр, ургамлын тос, бор будааг үйлдвэрлэх боломжтой"

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон газрын дарга нар салбарын цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.11.16/мэдээлэл хийлээ. Энэ үеэр дотоодод анх удаа цагаан будаа тариалж, 10 тонныг хураасныг онцлов. Цаашид бор будаа болон ургамлын тос, сахар хүртэл тариалахаар төлөвлөжээ. Дотоодын хүнсний хэрэглээтэй холбогдуулан салбар яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Ишээс тодрууллаа.


Замын-Үүд-Эрээний боомт хаагдсантай холбоотой нарийн ногооны хомсдол үүссэнийг төмөр замаар тээвэрлэж зохицуулахаар болсон. Өнөөдрийн байдлаар хэчнээн вагон ачааг татан авав. Нарийн ногоог дотоодод үйлдвэрлэх чиглэлд хэрхэн анхаарч байна вэ?

-Хил хаагдсантай холбоотой нарийн ногоо тасалдсан. Иймд 60 вагон татан авахад импортын нарийн ногоо, бусад бүтээгдэхүүний үнэ тогтвортой болно гэж тооцож буй. Энэ сарын 9-өөс хойш нийт 35 вагон татан авсан. Харин ургамлын тосны үнийн өсөлтийг гүйцэхгүй байна. Одоогоор бид дотоодод үйлдвэрлэлийн хэмжээнд хүрээгүй байгааг та бүхэн мэднэ. Хэрэв үйлдвэр байгууллаа гэхэд 54 нэр төрлийг 30 нь нарийн ногоо байх ёстой.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар өвлийн хүлэмж, хөрсгүй тариалалтуудыг нэмэгдүүлснээр өвлийн улиралд нарийн ногооны тариалалтуудаа нэмэгдүүлж дотоодын хэрэгцээг хангах боломж бүрдүүлнэ гэж үзсэн. Хөгжлийн банкнаас тодорхой хэмжээний санхүүжилт гарна байх. Ер нь хөрөнгө оруулалт байж үйлдвэрлэл хөгжинө.

Цагаан будааг дотоодод тариалсан бол бусад өргөн хэрэглээний бор будаа, элсэн чихэр, ургамлын тосыг дотоодод үйлдвэрлэх боломжтой гэсэн үг үү?

-Монгол Улс  27 орчим сая ам.долларын хүнсний бараа бүтээгдэхүүн импортолдог. Үүнийг дотоодын үйлдвэрлэл рүү шилжүүлэх боломжтой. Тухайлбал, ургамлын тосны тариалалттай ч боловсруулах үйлдвэр нь хөл дээрээ босч чадахгүй байна. Хэрэв дотоодын үйлдвэрлэлээ гааль, НӨАТ-аас чөлөөлбөл богино хугацаанд дотоодод үйлдвэрлэх боломжтой. Бидний хувьд тариалалт хийх боломжгүй бүтээгдэхүүн байхгүй гэдгийг цагаан будаа тариалсан аж ахуйн нэгжүүд харууллаа.

Бид анх удаа дотооддоо цагаан будаа 10 тонныг тариаллаа. Худалдааны төвүүдээр “Хөсөг” нэртэйгээр худалдаалагдаж байгаа. Цаашид бор будааг тариалах боломжтой. Ийм туршлага ч бидэнд бий. Экспортлох зорилгоор аж ахуйн нэгжүүд тариалж байсан. Гэвч манай зах зээлийн хэрэглээ нь бага ч өсөх магадлалтай бүтээгдэхүүнүүдийн нэг.

Мөн шар будааны тариалалт дотоодод боломж нь бий. Элсэн чихрийн тухайд дотоодод тариалалтыг Зүүнхараа, Баруунхараад өмнө нь тодорхой хэмжээний туршилтууд эхлүүлсэн. Бидэнд тариалах боломжтой. Гэхдээ зэх зээлийн үнээ импортын бүтээгдэхүүний үнэтэй харьцуулах ёстой. Чихрийн нишингэ, чихрийн манжинг тариалж авдаг. Манай улсад чихрийн манжинг тариалах боломжтой учраас туршилтаа эхлүүлсэн. Эдийн засгийн үр ашгаа тооцож үзнэ. Одоогоор ТЭЗҮ-д ажиллаж байна.

Импортын бараа бүтээгдэхүүнээс гадна дотоодод гурилын үнэ нэмэгдээгүй атал гурилан бүтээгдэхүүний үнэ өсч байгаа шалтгаан нь хил хаагдсантай холбоотой юу?

-Гурилын үнэ тогтвортой байна. Харин гурилан бүтээгдэхүүний  үнэ өсч байгаа нь орц найрлагатай холбоотой болов уу. Хил хаагдсанаар ургамлын тос, элсэн чихэр, чанамал зэрэг  импортоос хамааралтай үнийн өсөлт, хомсдол үүссэн. Бид бүхний анзаарснаар хамгийн тулгамдаж буй асуудал нь сав баглаа боодол. Тухайлбал, “Талх чихэр” компанийн үндсэн нэрийн бүтээгдэхүүн “Атар” талхны сав баглаа боодлын гажилт үүссэн тул  нөөцөөс хамаарч  нийлүүлэлт хийх зохицуулалт хийсэн. Бүр сүүлдээ савлагаагаа хүртэл сольсон. Мөн сав баглаа боодлыг 100 хувь татан авахад урд хөршид хөл хорионы улмаас үйлдвэрүүд доголдсон болов уу гэж харж байна. Мөн тээврийн асуудал ч давхар яригдаж байна.

Олон улсын байгууллагын зөвлөмжүүдийг харахад Хятад ирэх оны гурав, дөрөв, тавдугаар сард хөл хорионы улмаас үйлдвэрлэлийн хувьд гажиг үүсч болзошгүй гэж болгоомжилж байна. Иймд хүнсний бараа бүтээгдэхүүний гол орц, сав баглаа боодол зэргээ нөөцлөхөөс гадна бусад орны татан авалтад анхаарахыг аж ахуйн нэгжүүдэд зөвлөж байна.

Тэгэхээр дахин хүнсний хомсдол үүсч болзошгүй гэсэн үг үү. Эрсдэлээ хэрхэн тооцож байна?

-Хэдийгээр Эрээний тал арваннэгдүгээр сарын 24-нөөс хилээ нээх мэдээлэл байгаа ч бид ачааллыг нэгэн зэрэг хуваарилах зорилгоор бусад боомтоор татан авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.  Одоогийн байдлаар хамгийн найдвартай нь төмөр замын тээвэр. Гэвч ачаалалтай байгаа. Нэн түрүүнд,  нүүрсний барьцалдуулагч, шатахуун, эмнэлгийн ачааг татан авч байна. Дараа нь хүнсний бүтээгдэхүүний импорт эрэмбэлэгдэж байгаа юм.

Бидний зүгээс гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг татан авахад голлон анхаарч байна. Хэдийгээр хил нээгдлээ гэхэд  тодорхой хэмжээний ачаалал үүснэ. Үүнээс урьдчилан сэргийлж Ханги-Мандал, Гашуунсухайт, Бичигтийн боомтоор хүнсний бараа бүтээгдэхүүнийг хяналттай,  явуулын лаборатори байгуулах боломжийг бүрдүүлэх шийдвэрийг салбарын яамнаас гаргаад байна.

Өнөөдрийн байдлаар Бичигтийн боомт нээгдсэн бол өнөөдрөөс Ханги-Мандал боомт ажиллана. Мөн Гашуунсухайт боомт тогтмол ажиллаж байгаа. Гэхдээ аж ахуйн нэгжүүдийн хувьд Эрээнд ачаа нь бөөгнөрсөн тул татан авахад тодорхой хэмжээний зардал гарах, Хятадын талын хяналтаас лавлагаа авснаар хөдөлгөөнд орохын тулд цаг хугацаа зарцуулж байна.

Энэ жил ургац арвин байсныг салбарын яам онцоллоо. Гэхдээ хүнсний ногооны доттоодын хэрэгцээний 60 хувийг дотоодод хангахаар байна. Жилийн жилд ургац хураалтыг цаг агаартай холбон тайлбарладаг ч хүнсний ногооны дотоодын хэрэгцээг 100 хувь хангахад хэрхэн анхаардаг вэ?

-Хүнсний ногооны тариалалт өрхийн аж ахуйн хэмжээнд байна. Үүнийг бид томоохон үйлдвэрлэл, аж ахуйн нэгжийн хэмжээнд байлгах шаардлагатай. Үүний тулд технологийн шинэчлэлт хийх, хөрөнгө оруулалт чухал байна. Тиймээс 2022 оноос хүнсний ногооны тариаланчдын зөвлөгөөнийг зохион байгуулж, шаардлагатай санхүүжилт олгоход анхаарна. Ерөнхийдөө цар тахал бидэнд дотоодын үйлдвэрлэлийг бүрдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүллээ.

Махны үнэ тогтвортой барих чиглэлд хэрхэн анхаарч байна?

-Махны үнэ сүүлийн долоо хоногт тогтвортой байна. Тухайлбал, хонины махны үнэ найм дахь долоо хоногт буурсан үзүүлэлттэй. Цаашид махны үнэ буурах болов уу гэж харж байна. Шалтгаан нь, цаг агаар тогтвортой байгаа тул махны бэлтгэл орон нутагт жигд биш байгаатай холбоотой болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж