Эрчим хүчний хямралтай тулгараад байсан Хятадын нөхцөл байдал сайжирчээ. Урд хөршийн хувьд аравдугаар сарын эхээр эрчим хүчний нийлүүлэлт тасалдалтай мужийн тоо 18 байсан нь сарын дундуур хоёр муж болон буурсан байна.
БНХАУ-ын Статистикийн үндэсний хорооноос мэдээлснээр, тус улсад нүүрсний олборлолт өнгөрсөн аравдугаар сард шинэ дээд түвшинд хүрэв. Тодруулбал, нүүрсний олборлолт 357 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үеэс дөрвөн хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
БНХАУ-д эрчим хүчний хямрал үүсч, нүүрсний эрэлт өссөнөөр үнэ нь нэмэгдсэнтэй холбоотойгоор нүүрсний экспортын орлого 1.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 200 орчим сая ам.доллараар өссөн байна.
Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа Хятадын нүүрсний салбарын өнөөгийн нөхцөл байдал болон нүүрсний үнийн өсөлтийг хязгаарлах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар онцолж байна.
ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД ШИНЖЭЭЧДИЙН ТООЦООЛСНООС Ч ӨНДӨР ГАРАВ
“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, Хятадын хэмжээнд энэ оны 1-10 дугаар сард 3.3 тэрбум тонн түүхий нүүрс олборложээ. Тус улсын өнгөрсөн сард олборлосон нүүрсний хэмжээг 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад 5.5 хувиар өссөн байна. Үүний зэрэгцээ Хятад улс аравдугаар сард 26.94 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 96.2 хувиар өссөн үзүүлэлт аж.
БНХАУ хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтдоо хүрэхээр гангийн гарцаа огцом бууруулсан бөгөөд гарцын бууралт үргэлжилсээр байна. Тухайлбал, өнгөрсөн сард тус улсын гангийн гарц 71.58 сая тонн болж буурсан нь 2017 оны арванхоёрдугаар сараас хойших хамгийн бага дүн болжээ.
Урд хөршид эрчим хүчний нийлүүлэлт эргэн өсч, жижиглэн худалдааны борлуулалт нэмэгдсэнээр аравдугаар сард эдийн засгийн гол үзүүлэлтүүд шинжээчдийн тооцоолж байснаас өндөр гарав. Жөнжөү Таваарын биржид эрчим хүчний нүүрсний үнэ 4.8 хувиар буурч, тонн нь 822 юань болжээ.
Хятадын Хөгжил, шинэчлэлийн хорооноос нүүрсний үнэ өсөхөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаатай холбогдуулан нүүрс олборлогч болон нүүрсний худалдаа эрхлэгч компаниудад шалгалт хийхээ мэдэгдсэнийг TASS агентлаг уламжлав.
“WeChat” нийгмийн сүлжээн дэх тус байгууллагын хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд "Хөгжил, шинэчлэлийн хорооны үнийн хэлтэс нүүрс олборлогч мужуудад олон тооны хяналтын баг илгээж, нүүрс олборлогч аж ахуйн нэгжүүд, мөн логистикийн компаниудын зардал, ашгийг газар дээр нь шалгана" гэж дурджээ.
Тус мэдэгдэлд “Нүүрсний үнийн тохиромжит хязгаарыг үндэс баримттай болгох зорилгоор” дээрх арга хэмжээг авч байна. Хууль зөрчиж, ашиг хонжоо харахыг оролдсон арилжааны байгууллагууд “хатуу шийтгэл хүлээнэ” гэж цохон тэмдэглэжээ.
ОХУ-ААС ХЯТАД РУУ ЭКСПОРТОЛСОН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС 230 ХУВИАР ӨСЧЭЭ
ОХУ-аас Хятад руу коксжих болон эрчим хүчний нүүрс экспортолдог. “Фэнвэй Энержи”-гийн мэдээлснээр, ОХУ-ын коксжих нүүрсний экспорт өнгөрсөн есдүгээр сард 3.58 сая тоннд хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 16.6 хувиар өссөн дүн бол сарын өмнөхөөсөө 13.7 хувиар буурсан үзүүлэлт аж. Үүний 1.28 сая тонныг Хятад руу экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 85.6 хувиар өссөн дүнтэй байна.
Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, оны эхний есөн сарын байдлаар Хятад улс ОХУ-аас нийт 7.75 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 77.4 хувиар өссөн дүн болжээ. Харин 3.7 сая тонн эрчим хүчний нүүрс Хятад руу экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 230 хувиар өссөн үзүүлэлт юм байна.
Хятадын хувьд энэ улиралд ОХУ-аас импортлох нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэх төлөвтэй байгаа аж. Гэвч ОХУ-ын төмөр замын хүчин чадал хязгаарлагдмал байгаа нь нүүрс гаргалтыг нэмэгдүүлэхэд хүндрэл учруулна гэж шинжээчид үзэж байна.
Хятадын хувьд өнгөрсөн оны сүүлээс эхлэн гол түнш Австралиас нүүрс импортлохгүй болсноор уг хоосон үлдсэн орон зайд ОХУ, АНУ, Канад голлон тоглолт хийж байгаа билээ.
АНУ, Хятад уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар ирэх арван жилийн хугацаанд хамтран ажиллах тунхаг бичиг (2021.11.10) гарын үсэг зурсан. Энэ дагуу хоёр тал 2030 он гэхэд ногоон технологи ашиглаагүй буюу уламжлалт нүүрсний станцын ашиглалтыг шат дараатайгаар бууруулах чиглэлд бүх талаар чармайж ажиллана. Түүнчлэн уг тунхаг бичигт тусгаснаар Хятад улс нүүрсний хэрэглээгээ 15 дугаар таван жил буюу 2026-2030 онд аажмаар бууруулахаар тогтжээ. Гэвч хоёр тэргүүлэх гүрний хувьд нүүрсийг хэрхэн халах тухай ямар нэг тодорхой зорилт хэлэхээс зайлсхийж буйг хэвлэлүүд шүүмжилж байгаа юм.
МОНГОЛЫН БОЛОМЖ
Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, энэ оны 10 сарын байдлаар Монгол Улсын экспорт оны мөн үеэс 25.7 хувиар өсч, 7.5 тэрбум ам.доллар болсон байна. Нийт экспортын 83.9 хувийг эрдэс бүтээгдэхүүний экспорт бүрдүүлжээ. Экспортын нийт дүн 6.3 тэрбум ам.доллар болсон байна.
Чулуун нүүрсний экспортын биет хэмжээ оны эхний арван сард 43.6 хувиар буурч, 13.5 сая тонн болжээ. Аравдугаар сард 1.47 сая тонныг экспортолсон байна. Экспорт сарын дүнгээр 45.8 хувиар өссөн ч арваннэгдүгээр сар гарсаар өдөрт хилээр нэвтэрч буй нүүрс тээврийн автомашины тоо дахин буурав. Нүүрсний экспортын орлого 1.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 200 орчим сая ам.доллараар өсчээ.
Хятадын нөхцөл байдал сайжирсан ч ирж буй өвөл дахин хүндрэлтэй тулгарч болзошгүй аж. Иймд нүүрсний хангалттай нөөц базаах зорилгоор ОХУ болон Монгол Улсаас авах нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэх хүлээлт байгааг шинжээчид онцолж байна.
Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо дотоодын нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ импортыг давхар өсгөх бодлого баримтлахаа зарласан. Жилинь мужийн захирагч бүс нутгийн нүүрс, эрчим хүчний хангамжийг сайжруулахын тулд ОХУ, Монгол, Индонез болон бусад орноос нүүрс импортлох шаардлагатай тухай мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, XINHUA, TASS, SXCOAL
Холбоотой мэдээ