Монгол-Хятадын автозамын тээвэр хэвийн үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2021.11.16-нд нийтлэгдсэн

Монгол-Хятадын автозамын тээвэр хэвийн үргэлжилнэ

Монгол-Хятадын автозамын тээвэр хэвийн үргэлжилнэ

Хятадын талаас боомтын асуудлаар “Түр цагийн журам” нэртэй төлөвлөгөө Монгол Улсын талд танилцуулсан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Энэ төлөвлөгөөний хариуг өгсөн эсэх болон хил хэзээ нээгдэх талаар Гадаад харилцааны яам, Зам тээврийн хөгжлийн яам, Сангийн яамнаас тодрууллаа.

ГХЯ: МОНГОЛ-ХЯТАД ЖОЛООЧИЙГ ХАВЬТАЛД ОРУУЛАХГҮЙГЭЭР ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЯВУУЛНА

Хятад хилээ хаагаагүй гэдгийг тодотгож хэлэх нь зүйтэй. Автозам, зорчигч тээвэр хязгаартай байгаа. Төмөр зам, барааны эргэлт хэвийн үргэлжилж байна. Ирэх 20 хоногт автозамын ачаа тээврийн асуудлыг шийдвэрлэхээр зорилт тавин ажиллаж байна. Хятад, монгол жолооч нар хавьталд орохгүй байж, халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж чадвал 20 хоногийн дараа автозамын тээвэрлэлт хэвийн үргэлжилнэ.

Хятадын талаас боомтын асуудлаар "Түр цагийн журам" төлөвлөгөөний хүрээнд дөрвөн санал тавьсан. Саналыг нь хүлээж авахгүй бол ойрын хугацаанд хил нээх боломжгүйг анхааруулсан.

Энэ талаар хэлэлцэж байгаа. Саналын талаарх уулзалт өнгөрсөн Бямба гариг буюу 13-нд болж, албан бичгээр ирүүлсэн. Уулзалтад Эрээн хотод суугаа консул Т.Мөнхгэрэл, дэд консул Э.Түвшинбаяр, дэд консул Ж.Дашняам, Хятадын талаас Эрээн хотын Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн дарга Цогзол, АЗГ-ын Гадаад харилцааны албаны дарга Нарсу, тасгийн дарга Ци Жуанжу, Боомтын захиргаа, худалдааны газрын дарга Мөнхөө нар оролцсон. Ямартай ч уулзалтаар гурван долоо хоногийн дотор хил хоорондын ачаа тээврийг эхлэх талаар яригдсан. Одоогоор хил нээх товлолт хугацааг гараагүй байна. Ойрын хугацаандаа ачаа тээврийг хэвийн үргэлжлүүлэхээр ажиллаж байгаа. Энэ сардаа багтаж Эрээний хилийг нээхээр тохиролцож чадна. Монголын талаас хийх боломжтой ажлуудыг холбогдох төрийн бүх байгууллагатай хамтарч ажиллана. Жолоочид бие биетэйгээ хавьталд орохгүй тээвэрлэлтийг хэвийн явуулна.

САНГИЙН ЯАМ: ХИЛ НЭЭХЭД ШААРДЛАГАТАЙ ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭР, ХАРИУ ЗӨРДӨГГҮЙ PCR ОНОШЛУУРЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

Өчигдөр хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх,  Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт, МХЕГ-ын дарга Т.Гантулга, ЗТХЯ-ны газрын дарга Ё.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй баг Замын-Үүд боомтод ажилласан. Хил нээхэд шаардлагатай чингэлэг тээвэр, тусгаарлах байр, Хятадын талтай хариу зөрдөггүй PCR шинжилгээний төхөөрөмж зэргийг шуурхай шийдвэрлэхэд Засгийн газар бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ мэдэгдсэн. Хятадын талаас чингэлэг тээврийн терминал байгуулах, жолооч хоорондын харилцаа үүсэхгүй байхаар тээвэр ложистикийн үйлчилгээг цаашид нэвтрүүлэх саналыг Гадаад харилцааны яамд тавьсан.

Замын-Үүдэд тээвэрлэлт хийж буй жолооч нарын хувьд аль болох богино хугацаанд тээвэрт гарах боломжоор хангаж өгөхийг хүсч байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн. Цаашид халдварын тархалтыг хумьж чадвал тээвэрлэлтийн асуудал үүсэхгүй. Сангийн яамны зүгээс хил гаалийн асуудалд анхаарал хандуулж, ойрын хугацаанд нээхийг дэмжинэ.

ЗТХЯ: ЮУНЫ ТҮРҮҮНД ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

Замын-Үүд боомтоор Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүний 70 гаруй хувь орж ирдэг. Өнөөдрийн байдлаар авто замын боомтоор улсын хил нэвтрэх дараалалд бүртгүүлсэн 5400 орчим тээврийн хэрэгсэл байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт болон тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлэх нь нийгэм, эдийн засгийн амьдралд үр нөлөөтэй. Яамнаас хил гаалийн асуудалтай холбоотой бүх уулзалт, хэлэлцүүлэгт оролцож, шийдэл эрэлхийлж байгаа. Эхний ээлжид экспорт, импортоо хэвийн үргэлжлүүлэхэд анхаарч байна гэсэн юм.

Хятадын талаас Монгол Улсад дараах саналуудыг тавьжээ. Үүнд:

  • Хятадын талын урьд нь тавьсан саналын дагуу хилийн тэг цэгт чингэлэг шилжүүлэх ачих талбайг Хятадын хөрөнгө оруулалтаар байгуулж, өдөрт нэг талдаа 50 чингэлэг солилцох
  • Чингэлэгт багтахгүй овор ихтэй ачааг хоёр талаас нэг стандартын тодорхой тооны машин гаргаж толгой солих байдлаар шийдвэрлэх
  • Чингэлгийн түрээсийн зардал, дундын талбайн ариутгалыг Хятадын тал бүрэн хариуцах.
  • Эрээнд байгаа 31 жолоочийг хил нээсэн даруйд Монгол руу буцааж, Хятад талын тээврийн хятад жолоочоор хийлгэх зэрэг санал тусгагджээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж