ОХУ нь хиймэл дагуул сөнөөх туршилт хийж, Олон улсын сансрын станцад байршиж буй хүмүүсийн аюулгүй байдалд заналхийлсэн гэж АНУ-аас эрс буруушаав. ОХУ нь өөрийн хиймэл дагуулуудын нэгийг сөнөөхөөр пуужин хөөргөж туршсан нь сансарт ажиллаж буй олон улсын сансрын нисгэгчдийг түгшээж, капсултаа “бүгэхэд” хүргэсэн гэж АНУ-ын талаас мэдээлжээ. Олон улсын сансрын станцад АНУ-ын дөрөв, Германы нэг, ОХУ-ын хоёр иргэн байрлан ажиллаж буй.
АНУ-ын төрийн департментын төлөөлөгч Нед Прайс хэлэхдээ “ОХУ нь өөрийн хиймэл дагуулуудын нэгийг устгахаар пуужин хөөргөж туршсан нь болгоомжгүй, хөнөөлт үйл явдал боллоо. Энэ туршилтын улмаас 1500 гаруй ширхэг хиймэл дагуулын сэг, хаягдал сансарт үүсч, олон зуун жижиг хэсэг нь дэлхийн олон оронд унах эрсдэл үүслээ” гэж мэдэгджээ. Түүнчлэн АНУ нь өөрийн холбоотон, хамтрагч байгууллагуудтай хамтран ОХУ-ын хариуцлагагүй үйлдэлд хариу арга хэмжээ авна гэдгийг тэрбээр онцолсон байна.
Харин Оросын "Роскосмос" агентлагаас үүнийг үгүйсгэсэн байна. Тус агентлагаас “Сансрын биет сансарын станцад байгаа багийнхныг хөлөгтөө бүгэхэд хүргэлээ. Стандарт үйл ажиллагааны дагуу тэдгээр биетийг Олон улсын сансрын станцаас холдуулах арга хэмжээ авсан. Сансрын станц ногоон бүсэд байгаа” гэж жиргэжээ.
ОХУ-аас пуужин хөөргөж сөнөөсөн гэгдэж буй хиймэл дагуул нь 1982 онд тагнуулын зорилгоор хөөргөсөн Космос-1408 гэнэ. Нэг тонн гаруй жинтэй уг хиймэл дагуул олон жилийн өмнөөс ажиллагаагүй болжээ.
АНУ, ОХУ, Хятад, Энэтхэг зэрэг олон орон газраас пуужин хөөргөж, сансар дахь хиймэл дагуулыг сөнөөх чадалтай. Гэхдээ энэ төрлийн туршилт нь ховор болдог ба сансрын хог хаягдлыг нэмэгдүүлдэг учраас олон улс шүүмжлэлтэй ханддаг байна. Өмнө нь Хятад улсаас 2007 онд цаг агаарын хиймэл дагуулаа устгасан нь сансарт 2000 гаруй сэг, хаягдал үүсгэжээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ