Монголын банкны холбооноос нийлүүлэлтийн сүлжээг чадавхжуулах, санхүүгийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ханган нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх чиглэлээр Олон Улсын санхүүгийн корпорацтай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд ирэх таван жилийн хугацаанд нийт 200 мянга гаруй бичил, жижиг дунд бизнесүүд санхүүгийн төрөлжсөн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх зорилттой ажиллаж байна. Энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр зээлдэгчийн нийлүүлэлтийн сүлжээнд гүйцэтгэж буй үүрэг, хамтран ажиллаж буй худалдан авагчийн зээлийн зэрэглэлийг ашиглан богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүжилт олгох боломж бүрдэх юм.
ХХБ-ны Жижиг, дунд бизнесийн банкны газрын захирал Б.Энхбаттай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.
– Банк санхүүгийн байгууллагууд нийлүүлэлтийн сүлжээнд оролцох ямар шаардлага, хэрэгцээ байна вэ?
Нийлүүлэлтийн сүлжээ буюу бизнесийн орчин дахь энэхүү гинжин хэлхээ нь санхүүгийн хэрэгцээ шаардлага, түүний дагасан харилцан хамаарал бүхий санхүүгийн хэлхээг үүсгэдэг. Тухайлбал: Нэг нь нөгөөгөөс авлагатай, нэг нь нөгөөдөө өглөгтэй байгаа тухай ойлголт юм. Энэхүү өглөг, авлагын гинжин хэлхээ нь эдийн засгийн хямралын үеүдэд маш том эрсдэлийг дагуулдаг. Тиймээс бизнесийн орчин, нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгах, санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах гол гарц нь санхүүгийн байгууллагууд оновчтой суваг, шийдэл, бүтээгдэхүүн, үйлчилгээгээр оролцох явдал юм. Өөрөөр хэлбэл нийлүүлэлтийн сүлжээ тогтвортой байхад санхүүгийн байгууллагын оролцоо чухал бөгөөд санхүүгийн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний шийдэл нь оновчтой, уян хатан бөгөөд тухайн нийлүүлэлтийн сүлжээний онцлог, эрэлт хэрэгцээнд нийцсэн байж чадвал нийлүүлэлтийн сүлжээг санхүүгийн хувьд бүрэн чадавхтай байлгах боломжийг бүрдүүлнэ. Санхүүгийн байгууллагын талаас нь харвал нийлүүлэлтийн сүлжээний оролцогчдод санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор нь хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулахаас гадна бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдад хялбар, хурдан шуурхай хүргэх боломж бүрдэнэ.
– Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт гэдэг нь ямар ач холбогдолтой бүтээгдэхүүн бэ? Энэ бүтээгдэхүүний хувьд Олон Улс ямар байр суурьтай байна вэ?
Дотоодын санхүүгийн байгууллагуудын хувьд нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн бүтээгдэхүүнийг зах зээлд сонгодог утгаар нь нэвтрүүлсэн тохиолдол одоогоор байхгүй байна. Суурь зарчим нь бараа нийлүүлэгч тал нь бараа, үйлчилгээгээ нийлүүлсэн тухайн мөчид төлбөрөө хүлээж авах, хүлээн авагч тал нь бараа, үйлчилгээгээ борлуулж орлогоо хүлээж авсан үедээ төлбөрөө төлөх сонирхолтой байдаг сонирхлын зөрчилтэй зарчмын ойлголт нь нийлүүлэлтийн сүлжээнд санхүүгийн хэрэгцээ шаардлагын хэлхээг үүсгэж байдаг. Нийлүүлэлтийн сүлжээний энэхүү суурь санхүүгийн хэрэгцээг зохицуулдаг санхүүгийн олон арга хэлбэрүүд байдаг. Үүний нэг нь өмнө дурдсан барааг дараа төлбөрийн нөхцөлтэй худалдан авах зохицуулалт юм.
Олон Улсад санхүүгийн байгууллагууд бараа, үйлчилгээний төлбөрийг гэрээний үүргийн болон ачилтын төлбөрийн түвшинд баталгаажуулах аккредитив, баталгаа болон бусад худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүнүүд өргөн ашиглагддаг. Мөн supply chain financing буюу нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн олон төрлийн бүтээгдэхүүнүүд түгээмэл ашиглагддаг.
Эдгээр бүтээгдэхүүнүүд нь ханган нийлүүлэгч, худалдан авагчдын санхүүгийн суурь хэрэгцээ, шаардлагыг хангахын зэрэгцээ ханган нийлүүлэлт, худалдан авалтын үйл ажиллагааг эрсдэлгүй, найдвартай, хялбар, шуурхай болгох, зардлыг бууруулах, өглөг, авлагын хэлхээнээс хамааралтай санхүүгийн эрсдэлийг бууруулах, оролцогч талуудын уялдаа холбоо, тогтвортой ажиллагаа, суурь чадамжийг дэмжих зэрэг маш олон давуу талууд буюу ач холбогдолтой байдаг. Улмаар урт хугацаанд бизнесийн болон санхүүгийн орчинг тогтвортой байлгах, эрсдэлийг бууруулах, улс орны эдийн засгийг тогтворжуулах, чадавхжуулахад чухал ач холбогдолтой зүйл юм.
– Монгол Улсад нийлүүлэлтийн сүлжээнд оролцож буй талууд яг ямар салбарт түлхүү байна вэ?
Бизнесийн бүх салбарууд өөр хоорондоо болон дотроо харилцан хамаарал бүхий гинжин хэлхээнд оршдог. Худалдаа, Уул уурхай, Барилга, Хөдөө аж ахуй, Боловсруулах үйлдвэрлэл, Үйлчилгээ гэх мэт эдийн засгийн томоохон салбаруудад ханган нийлүүлэлт, худалдан авалтын маш том сүлжээ ажиллаж байдаг. Ялангуяа импорт давамгайлдаг манай улсын хувьд худалдааны салбарт хамгийн том ханган нийлүүлэлтийн сүлжээ ажиллаж байна. Жишээлбэл: Худалдааны салбарын хувьд Нийлүүлэлтийн сүлжээг томоор нь харвал дотоодод, хүнс, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний чиглэлд импортлогчдоос гадна зах, худалдааны төвүүд, сүлжээ дэлгүүрүүд, бөөний төвүүд гэх мэт томоохон оролцогчид байна. Цаашлаад нийлүүлэлтийн сүлжээг томоор нь харвал гадаад үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийг хамарсан улс дамнасан сүлжээг харж болно.
– Танай банкны зах зээлд танилцуулж буй Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн бүтээгдэхүүний онцлог? Ямар салбарт санхүүжилтээ олгоно гэж харж байна вэ?
Бидний одоогийн зах зээлд нэвтрүүлж буй бүтээгдэхүүн нь дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээнд чиглэсэн бүтээгдэхүүн бөгөөд эхний удаад худалдааны салбарын оролцогчдод зориулж загварчилсан. Импортлогчоос бараа бүтээгдэхүүн худалдан авч буй дэлгүүр, бөөний төвүүд нь бараа бүтээгдэхүүний төлбөрийг худалдан авалт хийсэн тухайн мөчдөө зээлийн эрх буюу кредит эрхээсээ биет болон виртуал карт, qpay, tdbpay гэх мэт бүх төрлийн төлбөрийн хэрэгслийг ашиглаж төлөх бүрэн боломжтой бөгөөд кредит эрхийн ашигласан дүнд 45 хоногийн хугацаанд хүү бодогдохгүй гэдгээрээ жижиг, дунд бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл болж байгаа юм.
Мөн банк нийлүүлэлтийн сүлжээг санхүүгийн нөхцөл байдал, чадамж, эрсдэлийн түвшинд цогцоор нь нэг удаа үнэлснээр харилцагчдын санхүүгийн байдал, чадамжийг нэг бүрчлэн үнэлж шийдвэр гаргадаг уламжлалт аргыг халж байгаа юм. Ингэснээр нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч жижиг, дунд бизнес эрхлэгчдэд банкнаас санхүүжилт олгохын тулд харилцагчдаас баримт материал, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр санхүүжилтийн эрхийг үүсгэж байгаагаараа онцлог юм.
Цаашид бид нийлүүлэлтийн сүлжээг томоор нь харж гадаад үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийг хамарсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх, гааль, тээвэр, логистикийн үйлчилгээнүүдийг хамарсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг загварчилж зах зээлд нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.
– Банк санхүүгийн салбар цахим шилжилтэд хамгийн хурдацтайгаар шилжиж байна. Танай банкны хувьд цар тахлын энэ үед үйл ажиллагаандаа ямар ямар цахим бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулаад байна вэ?
Дэлхий дахинд тархаад буй цар тахлын нөлөөгөөр банк санхүүгийн салбар гэлтгүй бүх үйлчилгээний байгууллагууд цахим шилжилт хийх зайлшгүй сорилттой тулгараад байна. ХХБ-ны хувьд харилцагчдыг зайнаас бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжоор хангах, тэр дундаа төлбөр тооцооны бүтээгдэхүүн, үйлчилгээг шинэлэг шийдлээр цахимд шилжүүлээд байна. Мөн хэрэглээний зээлүүдийг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар цахим шилжүүлж эхлээд байна. Цаашид бидний хамгийн том зорилт бол зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, тэр дундаа бизнесийн зээлийн бүтээгдэхүүнүүдийг цогцоор нь цахим хэлбэрт шилжүүлэх зорилготой ажиллаж байна. Энэхүү цахим шилжилтийг хийхэд бидэнд тулгарч буй хамгийн том сорилт бол бизнес эрхлэгчдийн цахим мэдээлэл буюу санхүүгийн болон санхүүгийн бус дата өгөгдлийн дутмаг байдал юм. Өөрөөр хэлбэл бизнесийн орчин дахь бүхий л мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим өгөгдлийн сантай болох, түүнийг хадгалах, хамгаалах, зүй зохистой ашиглах, улмаар технологийн цогц шийдэл бүхий блокчейнийг бий болгох, төрийн байгууллагуудын оролцоог бий болгосон экосистемийг бүрдүүлэх, холбогдох хууль, эрхзүйн орчныг бүрдүүлснээр бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүжилтийн бүхий л бүтээгдэхүүнийг бүрэн цахимд шилжүүлэх боломж бүрдэх юм.
Бүтээгдэхүүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ХХБ-ны лавлах утас 19001977-д холбогдон авах боломжтой.
– Ярилцсанд баярлалаа
Холбоотой мэдээ