Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл Анкара хотноо Монгол, Туркийн Эдийн засаг, худалдааны Засгийн газар хоорондын хамтарсан хорооны есдүгээр хуралдаан 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Хуралдаанд Монголын талаас ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ахалж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ГХЯ-ны ОУГЭЗГ-ын захирал С.Сүхболд болон холбогдох яам, агентлагийн төлөөлөгчид оролцож байна.
Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаан анх 1994 онд Анкара хотод зохион байгуулагдаж байсан. Цар тахлын улмаас түр хойшлогдоод байсан есдүгээр хуралдаанд хоёр тал ихээхэн ач холбогдол өгч, худалдаа, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн асуудлуудыг хэлэлцэж байна.
Туркийн Худалдааны сайд Мехмет Муш Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Монгол, Туркийн худалдаа эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнесийнхний хоорондын харилцааг дэмжихэд анхаарч ажиллахаар тохирч, талууд хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акартай албан ёсны уулзалт хийж, хоёр талын батлан хамгаалах салбарын харилцааны асуудлуудыг дэлгэрэнгүй ярилцаж, цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсад үзүүлэх тусламжийг үргэлжлүүлэхээр тохиролцов.
Уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд нар Цэргийн түүх, архив, музей, хэвлэл мэдээллийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Мөн БХЯ-ны харъяа Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл болон Туркийн Үндэсний Батлан хамгаалах яамны харьяа “МКЕ” Төрийн өмчит компани хамтарсан үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болов.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсыг үндэслэгч Ататуркийн бунханд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
Холбоотой мэдээ