Мэргэжлийн холбоодыг эс тооцвол Монголд үйл ажиллагаа явуулж буй холбоод хэрхэн үйл ажилладаг нь туйлын бүрхэг агаад лав малгайлсан гишүүдийнхээ эрх ашгийн төлөө эсэх нь эргэлзээтэй. Монголд гишүүдийнхээ эрх ашгийн төлөө, тэдний нийгэмд эзлэх байр суурийг хамгаалах, зөрчигдөж буй асуудлыг нь шийдвэрлэдэг холбоо тун чиг ховор агаад зарим нь бүр эсрэг үйл ажиллагаа явуулах нь бий.
Шуудхан хэлэхэд, холбоо сонин биш. Харин тухайн холбооны албан тушаал чухал бөгөөд түүнийг дээш өгсөх шат болгон ашиглах нь тогтсон жишиг болжээ.
Монголд намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага гэж ёс юм шиг бий. Олон намын тогтолцоонд шилжсэнээр эмэгтэйчүүдийн санал авахын тулд нам бүхэн холбоодтой болжээ. Тэр нь эмэгтэйчүүдэд “эмэгтэйчүүдийн”, эрчүүдэд “залуусын” /эрчүүдийн гэлтэй биш/, залууст “оюутны” гэсэн тодотголтойгоор үйл ажиллагаа явуулна. Эдгээр төрийн бус байгууллага байсаар буй атал тэдний эрх ашиг хамгийн их гишгүүлж байна гэлтэй. Холбооныхон гишүүдийнхээ эмзэг сэдэв дээр дөрөөлөн өөрсдийн байр сууриа батжуулахыг зорьдог гээд хэлчихвэл үнэнээс хол зөрөхгүй.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООГ ЭМХЭЛСЭН НЬ
Монголын эмэгтэйчүүдийн холбооны үүсэл хөгжлийг 1924 онд “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” нэртэйгээр байгуулагдсан, анхны даргаар нь Д.Пагмадулам буюу Монголын шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн гэргий ажилласанаар тооцож болох боловч үүнээс дөрвөн жилийн өмнө эмэгтэйчүүдтэй холбоотой нэгэн дугуйлан байгуулсан нь 20 хүнтэй эмэгтэйчүүдэд бичиг үсэг заах дугуйлан байжээ. Бүхнийг ардын хувьсгалтай холбон буй цагт түүнээс өмнө холбоо байтугай эмэгтэйчүүд байсан нь эргэлзээтэй. Товчхондоо энэ байгууллага байгуулагдсан шалтгаан нь эрхэнд нь бүдүүлгээр халдагч эрчүүдийн эсрэг тэмцэл байсныг,
-Хүмүүн төрөлхтний дотроосоо
Хүнд ихээр дарлагдсан
Хөөрхий бидний бүсгүйчүүд
Хөгжлийн замдаа орлоо доо гэж дуулах “Хүмүүн төрөлхтөн” эсвэл,
-Хөөрхий намайгаа зовоосон юм
Жаргаа болов уу, яагаа бол… гэх “Задгай цагаан” дуу бэлхнээ гэрчлээд өгнө. Ингээд дуулаад хөгжлийн замдаа орчихсон ч юм биш л дээ. Өмнөх нийгэмд салаад намын хурлаар орж зовсон түүх олон байснаас жаргасан нь олдсонгүй. Гэхдээ энэхүү байгууллагын ачаар дарлагдсан эмэгтэйчүүдэд дарлагдсаныг нь ойлгуулахаар олгож эхэлсэн зорилго амжилттай биелж, боловсролын хувьд дэлхийд цахиур хагалах хэмжээнд хүрсэн түүх байх. Нэгэнт зорилго нь биелсэн болохоор өнөө цагт өөр зорилготой болох нь дамжиггүй. МЭХ-ны Ерөнхийлөгч ШХАБ-ын хуралд урилгаар оролцож, үг хэлээд сүйд.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн холбооноос гадна нам болгоны дэргэд холбоод бий болсон ч эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөөр байдаг нь үйл ажиллагаа нь өөр чиглэлтэй гэдгийг нотолно. Ер нь эмэгтэйчүүдийн төлөөлөл яг тэдний эрх ашгийг илэрхийлдэг үү гэдэг ч эргэлзээтэй. Дөнгөж төрсөн бүсгүйг дүн өвлийн хүйтэнд нүцгэн шахуу “ачсан” асуудал дэгдэж Засгийн газрыг ганхуулахад ганц үг гав хийгээгүй УИХ-ын эмэгтэй гишүүд шинэ засаг байгуулагдахад эмэгтэй гишүүдийн квотын тухай асуудлыг ичгүүр сонжуургүй хөндсөнийг хөндлөнгөөс хэн хүнгүй харсан. Эмэгтэйчүүдийн эмзэг сэдэвт дөрөөлөгч, улстөрчдийн оноо авах хэрэгсэл нь, бүтэц нь болсон байгууллага бидэнд хэрэг байна уу? Тиймээс эдгээр “эмэгтэйчүүдийн” гэх тодотголтой холбоод, төрийн бус байгууллагуудыг татан буулгая.
ЗАЛУУСЫГ ЗАСАХ НЭРЭЭР “ЗОРСОН” НЬ
Залуусын байгууллага ч 100 жилийнхээ ойг тэмдэглэн буй. Гэтэл залуусынхаа байр байдлыг нэг хар даа гэж асуумаар. Шударгаар өрсөлдөх боломж, сурч боловсрох эрх нь даргын хүүхдийн өвөртөлсөн гадаадад сурах тэтгэлгээр боомилуулж байхад Монголын залуучуудын холбоо ганц үг гав хийсэн үү? Цар тахлын үед өчнөөн залуус ажлын байр, амьдралаа аргацааж байхад тэдний өмнөөс төрийн эрх мэдэлтнүүдтэй уулзсан бил үү? Тэгсэн атлаа “Илгээлтийн эзэд” гэх шиг энэ нийгмийнхээ мөн чанарыг ойлголгүй, өмнөх үзэл суртлыг өөгшүүлэн УИХ-ын даргатай уулзсан нь бас ардын хувьсгалын 100 жилийн ойн малгайг зүүн, албан тушаал, байр сууриа баталгаажуулсан явдал болсон.
Энэ байгууллагын түүхийг сөхвөл өнөөгийн залуус бахархах нь байтугай бархирмаар баримт бишгүй бий.
“Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэй залуусаар бүрдүүлсэн эл байгууллагын залуус дэндүү дур зоргоороо байсан төдийгүй хурал, цуглаан буу гозолзуулан, будилаан тарих нь элбэг байжээ. Тэдний энэ бодлогогүй үйлдэл Коминтернд ашигтай байсан учраас өөрсдийнх нь үгэнд ороогүй намын удирдлагуудын эсрэг тавих том зэвсэг болгосон байх юм. Эрдэм боловсролоор дээгүүр, хал үзэж хашир суусан намын удирдлагууд хуучнаа төдийлөн үгүйсгэхгүй, асуудалд учир шалтгаантай хандаж байсан нь Коминтернд таалагдсангүй. Тиймээс ч тэдний эсрэг учир мэдэхгүй залуусыг цэнэглээд тавихаар шийджээ. МХЗЭ-ийн Төв Хорооны анхны дарга С.Буяннэмэхийг эвлэлийн бус намын ажлаа хийдэг, “нударганчуудтай” холбоотой гэж буруутган баривчилж байсан төдийгүй цөөнгүй хүнийг хэлмэгдүүлсэн аж. Анхны даргаа ч амийг хөнөөлгүүлсэн байх юм.
Гэтэл одоо ч энэ байгууллага өнөөгийн залуусыг үе үе хачин жигтэй хэрэгт уруу татах нь элбэг. “Хар жагсаалт” гээчийг нэгэн үеийн удирдлагууд нь гаргаж, түүгээрээ улстөрчдийг айлгаж, хэрэг болсныг нь гамнах, хэрэггүйг нь намнах хэрэгсэл болгосон нь саяхны явдал. Гэтэл саяхан хүчингийн хэргээр ял эдэлсэн УИХ-ын гишүүн асныг хүндэт ерөнхийлөгч болгох гэж байх жишээтэй. Одоо бас л авлигачдыг зарлах тухай яриад эхлэв. Энэ холбооны удирдлага залуусын дуу хоолой гэхээсээ эрх баригчдыг гар хөл болчихсон нь үйлдэл нь харуулаад байх шиг. Авлигачдыг зарлана гээд буйн цаана эрх баригчдын цодоон харагдаад буй төдийгүй “авлигатай тэмцэнэ” гэж хамгийн их хэлээд буй хүн ард зогсоод хэлэх үгийг нь хэлж өгөөд байх шиг.
Дээр нь МАН-ын НАМЗХ, Ардчилсан залуучуудын холбоо гээд залуусыг үзэл баримтлал, үнэт зүйлсээр нь бус өөрсдийнхөө боргодог нохой, сонгуулийэ санал багцлах бүтэц болгон холбоод гээд залуусын тодотголтой бүхэн яг эсрэг нь ажилладаг болохоор өнөөдөр залуус сонгуульд хамгийн идэвхигүй оролцдог. Адаглаад тэдний сонсдог хөгжим, сонирхдог зүйл, үзэл бодол, үнэ зүйлсийг нь мэдэхгүй “ахмадууд” холбоог нь чиглүүлдэг болохоор өөрийн гэсэн бодолтой залуус аль болох тэднээс дөлөх нь дамжиггүй. Нэгэнтэй залуусыг дууг дуулж мэдэхгүйн дээр сурах, сонсох сонирхолгүй хойно яаж дуулах билээ. Тиймээс тайзнаас буулгая.
АХМАДЫН АМРАЛТ
Дээрхийн адил ахмадын холбоо ч бас үүх түүх арвин. Угтаа туршлага, мэдлэг, боловсрол, туулсан амьдрал гээд бүх талаараа хал үзэж, хор нь арилчихсан нийгмийн нэгээхэн хэсгийг төлөөлөх ёстой байгууллага. Гэвч энэ холбоо улстөрчдийн төрөөс хумсалсан мөнгөнийхөө өчүүхэн хэсгийг гурил, будаахан болгон санал худалдаж авахад нь илүү түлхүү ажилладгаас бус тэдний мэдлэг, туршлагыг залууст сургах тухай түй ч хийдэггүй нь харамсалтай. Гэхдээ улстөрчдийн гар хөл “болох” үүргээ бол амжилттай хийдэг нь сонгуулийн ирцийн тоо хэлээд өгнө. Ашиг нь сонирхлоос ангижирсан ч гэртээ орхигдсон, төрдөө хаягдсан тэдэнд улстөрчдийн уулзалт, Ахмадын холбооны ялих шалихгүй цайллага биесээ харан дурсамжаа уудлах, ажиллаж, амьдарч явснаа, амьд яваагаа мэдрэх боломж гэлтэй. Сонгууль дөхөх, цагаан сар ойртоход тэднийг урих, ул боов төдийхнөөр урхидаг увайгүй явдал ихэсдэг гэдгийг энд бичих нь илүүц биз.
ШОРЫГ ҮГҮЙ ХИЙЕ
Дээр дурдсан гурван холбоод Монголын мянгаар тоологдох холбооны жишээ болохоос муугийн жишээ биш билээ. Дээр нь, сонирхол дээр нь тогтсон уяачдын холбооноос эхлээд үй түмэн холбооны жишээг дурдаж болно. Хамгийн гол нь тэд тухайн нийгмийн бүлгийн асуудлаар ашиг, хонжоо хайгчид болчиж. Асуудал байх тусам тэдэнд сайн. Түүнийг нь шорлож аваад өөрсдийн гэсэн сүлжээ бүтцийг байгуулж өөд авирах шатны гишгүүр болгодог болжээ. Ингэх тусам тийшээ хоноцын сэтэхүйгээр харан татагдагсад олширсон төдийгүй төрийн эрх мэдэлд хүрэх хөшүүр гэж харж байна. Хэний, юуны холбоо вэ гэдгийг хараад тухайн салбар руу сайтар өнгийвөл ядах юмгүй ямар их гай тарьж буйг нь харах болно. . Гэхдээ энэ нь ашиг хонжоо хайгчдад амар хялбараар эрх мэдэл албан тушаалд хүрэх зам болсон төдийгүй эцэстээ цэргийн холбоо баайгуулахдаа хүртлээ аюулын харанга дэлдэж байна. Үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөхүйц талцал хуваагдлын үндэсийг үүгээр тавиад байх шиг. Манай салбарт ч маш олон холбоод бий билээ.
Монголчуудын асуудал нэг билээ. Угаас талцан буй бидэнд тэдний хэрэг байна уу?
Холбоотой мэдээ