“Ирж яваа цаг”-ийн Багаяа, “Ээ дээ энэ хүүхнүүд үү” киноны Жамц дарга, “Хүргэн хүү” -гийн баян Жамц, “Говийн зэрэглээ”-н онгироо Арслан, “Гэрлэж амжаагүй явна” киноны инженер Гансүх гээд ард түмнийхээ сэтгэлд дүрээ мөнхөлсөн олон уран бүтээлчийг тухайн киноны агшинтай нь зуржээ. Хүмүүс тухайн уран бүтээлчийг овог нэрээс нь илүүтэй бүтээсэн дүрээр нь хараад л таньдаг. Хуучны сайхан монгол киноны уран бүтээлчдээ эргэн дурсаж, усан будгаар амилуулж буй зураач Б.Хосбаярын урланд саатсан нь энэ.
Усан будгийн төрөл их өвөрмөц. Өнгөний уусалт нь дахин давтагдашгүй учраас зураачаар ур чадвар, хурд шаарддаг. Тиймдээ ч энэ төрлөөр дагнадаг зураач тун цөөн байдаг биз. Зураач Б.Хосбаярын хувьд 1997 онд Соёл урлагийн их сургуулийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуулийн монгол зургийн ангийг төгссөн. Тэрбээр сүүлийн хоёр, гурван жил усан будгийн төрлөөр дагнаж, тууштай зурж байгаагаа хэлж байв.
Б.Хосбаяр “Зураач тухайн үеийн сэтгэл хөдлөлийг усан будгаар маш хурдтай зурдаг. Тосон будаг шиг холоос хараад удаан зурах боломжгүй. Цаас бийр усаа хатаагүй байхад зурах шаардлагатай. Хурдан зурахгүй л бол усан будаг нь хатаж, гоё өнгөний уусалт, шингэлт алга болно. Ус цаас уусч буй агшинд оновчтой өнгө тавьж зургаа зурах нь чухал” гэдгийг онцолсон юм.
Түүний хувьд алдартай жүжигчдийн дотроо өгүүлэмжтэй үйлдэл, зогсолт, онцлох хөдөлгөөн, тухайн хүний зан араншинг харуулахыг хичээдэг аж. Жишээлбэл, алдарт Н.Цэвээнравдан агсны хошуу нь өмөлзөөд л ярьдаг агшинг олж харж, зурж гэмээн тухайн хөрөг “амьтай” болдог гэв. Өөрөөр хэлбэл, тухайн хүнийхээ дотоод сэтгэлийг гаргадаг гэсэн үг. Тэрбээр “Хөрөг зурахдаа тухайн хүнтэй нь адилхан зурж болно. Гэхдээ амьтай зурахгүй бол хүнд хүрэхгүй шүү дээ. Зургаа амьтай болгохын тулд яг хөдөлж байгаа үйлдэл, зан араншин, нүдний харц нь юу бодож байна гэдгийг илэрхийлэх гэж хичээдэг” тухайгаа хэлж байв.
Тэгэхийн тулд нэг киногоо хэд дахин үзэж, дүрээ судална. Бараг хэлж байгаа үгсийг нь нэг бүрчлэн цээжлэх тохиолдол ч гардаг гэнэ. Түүний хувьд “Тунгалаг тамир” монголын уран сайхны киног хамгийн олон удаа үзсэн аж. Тэр киноны Итгэлт баяны дүр бол хамгийн их “зовоосон” дүр байжээ. “Итгэлт баяны дүрийг их олон талаас судалж, харлаа. Их олон ч ааштай хүн юм байна. Их зальжин, аймхай хүн юм. Заримдаа шийдэмгий байснаа уян хатан болж, их холыг ч бодох юм, бас ойрын ч бодолтой юм” хэмээн зураач өгүүлнэ.
Заримдаа түүнтэй уран бүтээлчдийн үр хүүхдүүд нь холбогдож, баярлаж талархсанаа илэрхийлдэг аж. Тэрбээр “Ирж яваа цаг” киноны Багаяагийн дүрд тоглосон нэрт жүжигчин Л.Лувсан агсны хүүхдүүд надтай холбогдож, хоёр зургийг нь авсан. Мөн Н.Цэвээнравдан агсны хүүхдийнх нь найз хүүд нь бэлэглэхээр зураг авч байсан “Мандухай цэцэн хатан” киноны Мянхай баатрын хөргийг хүү нь ирж авсан” тухай ярилаа.
Түүний хувьд хуучны өнгөгүй киноноос өнгө будаг гаргахад их төвлөрч ажилладаг байна. Тухайн хүний арьсны өнгө, тэр үед ямар материалтай хувцас өмсч байсан бэ гэдгийг судална. Зураач Б.Хосбаяр “Би одоо ч киногоо үзэж, дүрээ хайгаад л явж байна. Хуучны киног хэд ч үзсэн ер уйдахгүй шүү” гэв.
Тэрбээр урландаа ихэнх цагаа өнгөрүүлнэ. Зураг зурахаас гадна дархны жижиг сажиг ажил хийдэг аж. Хүмүүс тэмдэглэлт баяр, төрсөн өдрийн бэлэг болгож захиалга өгдөг ч захиалгаа учиртай авахгүй болохгүй гэв. Учрыг нь асуувал “Зарим хүмүүс ямар ч фокусгүй, чанаргүй зураг авч ирээд хөргийг нь зуруулья гэдэг. Чанар муутай зургаас чанаргүй зураг л гарна. Хамар ам нь мэдэгдэхгүй, фокусгүй зургийг хараад зохиож зурж болохгүй шүү дээ” гэв.
Тэрбээр нэг хөргийг 4-5 цаг зурдаг аж. “Миний зан характер ч юм уу зургаа их нухдаггүй” гэсэн юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 500 гаруй хөрөг зурсан байна. Түүний урланд циркийн 80 жилийн ойн үзэсгэлэнд зориулсан гурван ч хөрөг бэлэн болсон харагдав. Цаашдаа усан будгаар хөрөг зурахаас гадна ан амьтдыг зохиомжилж зурах төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн юм.
Гэрэл зургийг Б.МӨНХТУЛГА
Холбоотой мэдээ