Хэзээнээс л “муур эзнээ үхээсэй гэж хараадаг” гэх хэн зохиосон нь мэдэгдэхгүй мухар сохор сүсэгт одоо ч монголчууд итгэсэн хэвээр. Монголчууд бие, биеэ дуурайх, эсвэл ганцаардлаа тайлах, хань татах үүднээс муур нохой тэжээх нь ихэссэн. Гэвч, тэжээвэр амьтад тэдний амьдралын уйдааг тайлагч маягаар ханддаг нь худлаа биш.
Саяхан, муур хүүхдийн хамрыг идсэн гэх баталгаагүй мэдээллээс болж, монголчууд хэт туйлширч, зарим нь гэмгүй амьтдын амийг хөнөөсөн зургаа ид бахтайгаар олон нийтийн сүлжээнд оруулсан. Зарим нь гэрт байгаа тэжээвэр муураа хөөж гаргасан гэх.
Зөвхөн энэ удаа ч биш цар тахлын сургаар гэрийн тэжээвэр амьтдаа хог шиг үзэж гудамжинд хаясан харгис үйлдлийн талаар амьтдын эрхийг хамгаалагчид ярьж байсан. Тэрчлэн хүүхэдтэй болонгуутаа эсвэл харшилтай болоод муур, нохойгоо гудамжинд хээв нэг хаячихдаг хүмүүс ч олон байдаг гэнэ. Ингэж амьтдыг "тамлаж" байхаар анхнаасаа тэжээх хэрэггүйг ч амьтдын эрх хамгаалагчид зөвлөдөг.
Үүлдрийн муур, гөлөг өвлийн хахир хүйтэнд осгосон тохиолдол ч цөөнгүй. Гудамжинд гарсан үүлдрийн муур, нохдын азтай нь л эзэнтэй болж, золгүй нь золбин аль эсвэл дугуйны нөхөөс, тэнэсэн суманд өртөх тавилантай.
Энэ талаар “Азтай савар” ТББ-ын кординатор Э.Бүжинлхам “Цар тахал дэлхий дахинд бүхий л гэрийн тэжээвэр амьтдад хүндхэн нөлөөлсөн. Ялангуяа монголчуудын амьтан тэжээх мэдлэг маш бага.
Covid-19 халдварыг дотоодод алдаагүй жил гаруйн хугацаанд гэрийн тэжээвэр амьтдаа бусдад үрчлүүлэх, гаргаж хаях нь цөөхөн байсан. Харин цар тахлыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дотоодод алдах үеэр үүлдрийн муур, нохойгоо илт хаях тохиолдол гарсан.
Нэг хэсэг нь амьтнаа үрчлүүлэх, унтуулахаар бидэнтэй холбогдож байсан. Ер нь хүмүүс амьтныг эгдүүтэй хөөрхөн үе нь өнгөрөөд эхлэхээр л гаргаж хаядаг, зардаг, хэн нэгэнд өгдөг, унтуулах тохиолдол ч гардаг. Хамгийн тулгамдсан асуудал нь монголчууд амьтныг дорд үзэх нь түгээмэл. Бүгд биш ч дийлэнх нь тэжээх нэрийдлээр тамладаг” гэв.
Үүлдрийн амьтад үнэгүйдэж гудамжинд золбин болсныг зөвхөн Монголоос харж болно. Эцэг эхчүүд хүүхдийнхээ тоглоом, эсвэл зугаа мэт бодож, эд зүйл шиг харьцаад хаядаг. Байшинтай нь хашаагаа зараад хаашаа ч юм нүүгээд алга болдог. Гэвч эзэд нь шинэ орон сууцанд амьдрах болсныг нохой, муур яаж ойлгох билээ.
Амьтны эрхийг хамгаалахын төлөө дуугардаг залуусын хэлснээр монголчууд гадаадын соёлыг дуурайж үүлдрийн муур, нохойгоор гоёхоос биш амьтан тэжээх мэдлэг, хариуцлагагүй байдаггүйгээс амьтан хохироодгоо тоодогүй гэнэ.
Юун амьтны эрх. Монголд бол эсрэгээрээ. Уг нь тэд ч бас амьдрах эрхтэй. Хэрэв та амьтан тэжээх гэж байгаа бол эд бараа биш үүрэг хариуцлага гэдгийг санах хэрэгтэй.
Холбоотой мэдээ