Байден, Ши нарын цахим уулзалт хэрхэн өрнөж болох вэ?

Хуучирсан мэдээ: 2021.11.16-нд нийтлэгдсэн

Байден, Ши нарын цахим уулзалт хэрхэн өрнөж болох вэ?

Байден, Ши нарын цахим уулзалт хэрхэн өрнөж болох вэ?

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Вашингтоны цагаар арваннэгдүгээр сарын 15-ны орой, Бээжингийн цагаар 16-ны өглөө цахим дээд хэмжээний уулзалт хийхээр болсон нь олон улсын анхаарлыг татсан сэдэв болж байна. Шинжээчид энэ уулзалтыг хоёр улсын хооронд үүсээд байгаа хурцадмал байдлыг намжаах боломж гэж харж байгаа юм.

Өрсөлдөгч гүрнүүд өнгөрсөн долоо хоногт Шотландын Глазго хотноо болсон хэлэлцээний үеэр уур амьсгалын өөрчлөлтийн талаар хамтарсан мэдэгдэл гаргасан нь “гайхшруулсан алхам” байв. Гэвч дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай хоёр орны хооронд үүсээд буй худалдаа, цэргийн түрэмгийлэл, хүний ​​эрхтэй холбоотой асуудал үүгээр шийдэгдэх боломжгүй гэдэг нь тодорхой.

Цагаан ордон удахгүй болох уулзалтыг сөргөлдөөнтэй харилцааг зөөлрүүлэх арга зам гэж үзэж байгаа бөгөөд тодорхой тохиролцоонд хүрэх итгэл найдварыг тавихгүй байна. Уулзалтын талаар АНУ-ын засгийн газрын өндөр албан тушаалтан хэлэхдээ "Манай хоёр улсын харилцаа өнгөрсөн үеийнхтэй харьцуулахад тэс өөр нөхцөл байдалд байна” гэжээ.

Ийнхүү Ши Жиньпиний хувьд улс төрийн эрх мэдлээ бататгаж, төрийн тэргүүнээр гурав дахь удаагаа сонгогдох замыг зассан, Байдений хувьд өөрийн намын болон сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгарсны эцэст 1.2 их наяд ам.долларын дэд бүтцийн төсвийг баталсан энэ үед уулзалтыг товлож буй юм. Хоёр орны удирдагчид уулзалтын үеэр дараах асуудлаар санал солилцож болохыг таамаглаж байна.

ХУДАЛДААНЫ ХУРЦАДМАЛ БАЙДАЛ

Хоёр орны удирдагчид оны эцэс гэхэд дуусгавар болох худалдааны хэлэлцээрийн талаар ярилцах бололтой. Тус хэлэлцээр ёсоор Хятад улс АНУ-аас эрчим хүч, хөдөө аж ахуй, эмнэлгийн хэрэгсэл, нисэх онгоц зэрэг нийт 200 тэрбум ам.долларын өртөг бүхий худалдан авалтыг хийх учиртай юм.

Хоёр орны худалдааны дайныг намжаах зорилготой уг хэлэлцээрийг АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Дональд Трамп 2019 онд баталж байв. Хятад улс өнөөдрийн байдлаар тохиролцсон худалдан авалтын 60 хувийг хийж гүйцэтгэсэн бөгөөд үлдсэн 40 хувь уулзалтын чухал асуудал байх билээ.

ТАЙВАНИЙ ТАЛААРХ БАЙР СУУРЬ

Хэлэлцүүлгийн хамгийн хурцадмал сэдэв нь Тайваний талаарх хоёр улсын байр суурь байх магадлалтай. Энэхүү дээд хэмжээний уулзалтыг товлохоос өмнөхөн талууд Тайваний асуудлаар харилцан санал солилцож, хатуухан сануулга бие биедээ өгч байв.

Тухайлбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятад улс Тайваньд цэрэг, эдийн засгийн дарамт үзүүлж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн бол Хятадын гадаад хэргийн сайд Ван И Тайваний тусгаар тогтнолыг дэмжих нь Тайваний хоолойн тайван байдлыг алдагдуулах урьтал нөхцөл болохыг анхааруулжээ.

Үүнээс гадна Байден хэдхэн долоо хоногийн өмнө Хятад Тайвань руу халдан довтолсон тохиолдолд арлыг хамгаалах болно гэж мэдэгдсэн. Энэ амлалт АНУ-ын үнэт зүйлийн тухай ойлголтыг тодотгоод зогсохгүй Ши Жиньпиний тодруулахыг хүсэх асуулт байх нь дамжиггүй.

 СOVID-19-ИЙН ГАРАЛ ҮҮСЛИЙН СУДАЛГАА

Цагаан ордон тагнуулын байгууллагадаа Covid-19-ийн гарал үүслийг судлах даалгавар өгсөн бөгөөд дүгнэлт нь цар тахлыг үүсгэгч вирус байгалийн хүчин зүйл болон лабораториос алдагдсан аль ч шалтгаанаар хүнд халдварласан байх боломжтой аж. Дүгнэлтэд ихээхэн таагүй хандсан Хятад “Covid-19-ийн гарал үүслийг судлах нь нарийн төвөгтэй ажил тул зөвхөн олон улсын эрдэмтдийн оролцоотойгоор хийх ёстой” гэж мэдэгдсэн билээ.

ЦАГ АГААРЫН ӨӨРЧЛӨЛТ

Шотландын Глазго хотноо болсон олон улсын 26 дахь удаагийн уулзалтын үеэр АНУ, Хятад хоёр улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахаар болсноо мэдэгдсэн нь дээд хэмжээний уулзалт энэ сэдвийн хүрээнд эв найртай байж болохыг харуулж байна.

ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДАЛ

Байден Хонконг дахь идэвхтнүүдийн үйл ажиллагаа болон Хятад дахь Уйгаруудын хүний эрхийн асуудлуудыг хөндөх болно хэмээн таамаглаж байна. Хамгийн гол нь Хятад улс Шинжианд албадан хөдөлмөр эрхлэлт явуулдаг эсэхийг тодорхой болгохыг хүсэх нь лавтай.

ОЛИМПИЙН УРИЛГА

Ши Жиньпин Байденыг ирэх жилийн хоёрдугаар сард болох Бээжингийн өвлийн олимпод урих магадлалтай байна. Гэвч засаг захиргаа нь Хятад дахь хүний ​​эрхийн зөрчлийг буруутгаж байгаа энэ үед Байден урилгыг хүлээн авах болон татгалзахын аль нь ч түүнийг эвгүй байдалд оруулах юм.

Эх сурвалж: BBC, QUARTZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж