ХЗБХ: Б.Баасанцогттой холбоотой шүүгчдэд хариуцлага тооцох ёстой

Хуучирсан мэдээ: 2021.11.16-нд нийтлэгдсэн

ХЗБХ: Б.Баасанцогттой холбоотой шүүгчдэд хариуцлага тооцох ёстой

ХЗБХ: Б.Баасанцогттой холбоотой шүүгчдэд хариуцлага тооцох ёстой

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэр дэвшсэнээс Д.Эрдэнэчулуун, Д.Ариунтуяа, Ц.Хашбаатар, Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн нар олонхын санал авсан. Улмаар Хууль зүйн байнгын хороо өчигдөр /2021.11.15/ Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны сонсголыг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат  "Өмгөөлөгч  Б.Баасанцогт болон бусад шүүгчийн лифтэн дэх секс "скандал" бичлэгийн талаар ямар бодолтой явдаг вэ. Шүүгчдээс дахиж ийм үйлдэл гарвал сахилгын хороо хэрхэн шийдэх" талаар  асуусан юм.

Ингээд тэдний хариултыг хүргэж байна. Дашрамд дурдахад, өмгөөлөгч Б.Баасанцогтын асуудлаар өнгөрсөн тавдугаар сард  Монголын Өмгөөлөгчдийн холбооны ёс зүйн зөвлөл хуралдаж түүний өмгөөлөх эрхийг эрхийг хоёр жилээр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм.


Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.АРИУНТУЯА:

-Үндсэн хуульд хүн бүхэн хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гэж заасан. Гэхдээ шударга шүүхээр маргаан шийдвэрлэхийн тулд шүүгчид өөрсдөө ёс зүйтэй, ашиг сонирхлын зөрчилгүй хараат бусаар ажиллах ёстой. Хуулиар энэ боломжуудыг олгосон. Шүүгчдийн сахилга хариуцлага дээшилснээр шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрх нээлттэй болно.

Өнгөрсөн жил нэр бүхий шүүгчид зохисгүй үйлдэл гаргасан. Тухайн үед би шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж байсан. Давж заалдах шатны шүүхээс нотлох баримтуудыг  дахин судлах үүднээс хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн. Тиймээс нэмэлт тайлбар өгөх боломжгүй байна.

Цаашид үүнтэй төстэй хэрэг гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авахыг одоогийн хуулиар маш тодорхой заасан. Тодруулбал, шүүгчдийн хориглох 40 заалтыг нэг бүрчлэн заасан. Үүний дагуу шийдвэрлэнэ. Шүүхийн сахилгын шийтгэлийн таван төрөл байдаг. Үүнд, хаалттай сануулах, нээлттэй сануулах, цалингийн 20 хувиар зургаан сар хүртэл хасах, гурван сар албан тушаалаас нь түдгэлзүүлээд сургалтад суухыг даалгах, огцруулах гэсэн шийтгэлүүд байдаг. Сахилгын хороо эдгээр шийтгэлүүдийг ямар тохиолдолд гаргах вэ гэдгийг хуулиар маш тодорхой заасан.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.ЭРДЭНЭЧУЛУУН:

-Зарим нэг нь миний таньдаг, зарим нь миний удирдлага дор ажиллаж байсан шүүгч байсан. Тэдний үйлдлийг хараад үнэхээр сэтгэл эмзэглэсэн. Даанч яавдаа ийм ёс зүйгүй үйлдэл гаргах гэж дээ гэж халагласан. Тэд үнэхээр ёс зүйгүй үйлдэл гаргасан. Давж заалдах шатны шүүхээс  хэрэг буцсан учраас одоогийн бүрдэх  сахилгын хороо энэ хэргийг хянан шийдвэрлэх байх.

Хөөн хэлэлцэх хугацаа гэх  үндэслэлээр хэрэгсэхгүй болчихгүй  бол сахилгын хорооны гишүүд эдгээр хүмүүст хариуцлага зайлшгүй тооцох ёстой. Шүүгч ёс зүйгүй үйлдэл гаргаж хэрхэвч болохгүй.

Шүүгчийг таньдаг байхаас үл хамаарч хариуцлага тооцох учиртай. Үүний үр дүнд шүүхийн нэр хүнд сэргэнэ. Тэдгээр  хүмүүсийн толгойг илээд өнгөрөөгөөд байвал шүүхийн нэр хүнд сэргэхгүй.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Ц.ХАШБААТАР:

-Өнгөрсөн өвөл болсон шүүгч нартай холбоотой хэрэгт шууд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна. Гэхдээ хуульд эргэж харах нэг асуудал бий. Шүүхийн сахилгын хороо иргэн, байгууллагаас гомдол мэдээлэл хүлээж авсны үндсэн дээр шалгалт явуулдаг. Өөрийн санаачлагаар боломжгүй. Тухайн үеийн ёс зүйн хорооны албаны дарга нь “Манайд гомдол гаргаагүй учраас бид шалгах боломжгүй”  гэх тайлбарыг өгсөн. Шүүгчтэй холбоотой илт ийм хууль бус үйлдлийг хэрхэх вэ гэдгийг анхаарч үзмээр санагдсан.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Ц.ДАВХАРБАЯР:

-Өнгөрсөн жил олон нийтийн хэрэгслээр  шүүхэд ажилладаг хүмүүсийн зүй бус үйлдэл хөндөгдсөн. Ямар шийтгэлт хүлээлгэх вэ гэдэг дээр би шууд хариулах боломжгүй байна. Нэгдүгээрт гомдолд юу дурдсан болохыг үндэслэж шүүхийн тухай хуульд зааснаар зохих шийтгэлийг оногдуулна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээс авсан мэдээллийн төсөөллөөрөө хэргийг ингэж шийднэ гэж дүгнэж болохгүй.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.МЯГМАРЦЭРЭН:

-Б.Баасанцогт өмгөөлөгчтэй холбоотой хэргийн материалтай танилцаагүй учраас дүгнэлт өгөх боломжгүй байна. 

Сахилгын хорооны нэр дэвшигчид шүүгчдийн ёс зүйтэй холбоотой ийн хариулж байна. Харин УИХ-аар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг ид хэлэлцэж байна. Тус хуулийн онцлох заалтаас дурдвал, ресторан болон хоолны газрын VIP өрөөнд камерын бичлэг байх ёсгүй. Харин нийтийн зааланд дууны бичлэг байхгүй, зөвхөн камерын  бичлэг байна. Орц, гарцны хувьд давхартаа 2-3 айл амьдардаг гэж бодоход камерын бичлэгийг тухайн давхарт амьдарч байгаа айлуудын болон хууль хяналтын байгууллагын зөвшөөрлөөр өгөх юм. 

Дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулах болон бичлэгийг ашиглахад дараах үйл ажиллагааг ХОРИГЛОНО:

  • Нийтийн зориулалттай орон сууцанд оршин сууж байгаа айл, өрхийн орох, гарах хэсгийг хамруулан дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулах,
  • Нийтийн зориулалттай орон сууцны дүрс бичлэгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дүрст хэлбэрээр түгээх,
  • Дүрс бичлэгт мэдээллийн эзнээс бусад хүний мэдээлэл байгаа тохиолдолд дүрс бичлэгийг харуулах, хуулбарлаж өгөх,
  • Хуульд заасан журмын дагуу мэдээлэл хариуцагч эрх бүхий байгууллага, албан тушаалтанд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системд байгаа мэдээлэлтэй танилцах, хандаж харах, хадгалагдсан бичлэгийг үзүүлэх, сонсгох, хуулбарлаж өгч болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж